|

У.Хүрэлсүх: Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй тэтгэмжийг нэмэгдүүлнэ

saikhnaa 2019/06/03 740 0

Хүүхдийн баярын босгон дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ үеэр "Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.Эдгээрээс 11.3 мянга буюу 10.6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж,  хүрч ажиллах ёстой” гэж тус төвийн нээлтийн ажиллагаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэдгийг тэрбээр хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны хүүхдүүдийн 8,700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байгааг ч тэмдэглэлээ.

 
 
 
 
 
 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.

Энэ оны 7 сарын 2-3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай оронд болно.

Энэ конгрессоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө бүсийн улс орнуудын туршлага, сургамжыг судлаж суралцахын зэрэгцээ манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, ач холбогдлын талаар бусад улс орнуудад танилцуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top