Эрдэнэт хотын Улаантолгойн сум сангийн аж ахуйн дарга,Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны магистр, Сонгодог бөхийн барилдааны Улсын болон Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер О.Дүгэрсүрэнтэй ярилцлаа. Тэрээр агрономчдын дунд чөлөөт, сонгодог бөхийн анхны Азийн аварга, Монгол улсын спортын мастер гэдгээрээ анхдагч нь юм.
-Таныг Эрдэнэтийн анхны агрономичдын нэг гэхээсээ илүүтэй спортын хүн гэж салбарынхан чинь тодотгодог юм билээ.
-Спорт бол миний амьдралд онцгой байр суурь эзэлж байсан ч үндсэн мэргэжилдээ их дуртай байсан. БиГовь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1967-1972 онд ЗХУ-д суралцан ургамал хамгаалах агрономчийн мэргэжил эзэмшин, Москва, Новосибирск хотноо удирдах ажилтны дээд курст суралцсан, ОХУ-ын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарт "Элит үр, суулгац үржүүлэг”-ийн талаар мэргэжил дээшлүүлсэн. 1972-2009 онд Хөдөө аж ахуйн яам, Дархан хот дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдмийн зөвлөлийн гишүүн, Дархан хотын Хонгорын сангийн аж ахуйд ерөнхий агрономич, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга, Эрдэнэт хотын Улаантолгойн сум-сангийн аж ахуйн дарга, "Дээж” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, Эрдэнэт үйлдвэрийн Сувилал, "Уурхайчин” соёлын ордонд хөдөлмөр хамгааллын инженер аж ахуйн орлогч хийж байв. 2009 оноос тэтгэвэрт гарч, жимс, модны суулгац үржүүлж Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн аж ахуйн нэгж, иргэдэд 50000 гаруй тарьц, суулгац нийлүүлж байгаль орчноо хамгаалах, хот суурин газрыг ногоон байгууламжтай болгоход зохих хувь нэмэр оруулж байгаа ахмад ажилтан хүн.
-Та Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хэдэн оноос удирдаж байв?
-Би Агро инженер мэргэжилтэй. Дээд сургуулиа төгсөж ирээд 1972-1976 онд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажилласан. Тухайн үед сангийн аж ахуйд ажиллавал их зүйл суралцах юм байна гэж бодогдсон юм. Уг хүсэлтээ илэрхийлсэн боловч Дарханы "Ургамал, газар тариалангийн хүрээлэн”-д Эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон. Тэнд долоон жил ажилласан. Үүний дараа "Шинжлэх ухааныг амьдралд нэвтрүүлэх” бүгд хурлын шийдвэрээр Дарханы Хонгорын сангийн аж ахуйд Ерөнхий агрономичоор ажилласан. Нэг жилийн дараа үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга нь болсон. Ингээд 1985 оны нэгдүгээр сард Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгойн сангийн аж ахуйн даргаар томилогдож ирээд 1989 оны 9-р сар хүртэл ажилласан.
-Тухайн үед Улаантолгойн сангийн аж ахуйн хүчин чадал ямар байв?
-Тэр үед улсын хэмжээнд тэжээлийн болон сангийн аж ахуй нийлээд 60 гаруй байсан. Хонгорын сангийн аж ахуй 40 мянган га эргэлтийн талбайтай байсан бол Улаантолгойн сангийн аж ахуй 7091 га эргэлтийн талбайтай. Тэр үед үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалдаг байсан. Үүн дотроо ил хөрсний болон далд хөрсний аж ахуй эрхэлдэг. Далд хөрс гэдэг нь шилэн хүлэмж гэсэн үг л дээ. Зоорь гэхэд л 3000 тоннын багтаамжтай байлаа. Энэ нь Эрдэнэт хотын 35 мянган хүнийг мах, сүү, төмс, хүнсний ногоогоор хангах үүрэгтэй ажилладаг ганц аж ахуй байсан юм. Шилэн хүлэмжтэй байсан тул өвөл, зунгүй өргөст хэмх, улаан лооль, гоньд бусад нарийн ногоогоор Эрдэнэт хотын иргэд, хоолны газрууд, цэргийн ангиудыг хангадаг байсан.
"Манай Засгийн газар Монгол Улсад ийм сайхан хүлэмж барьсан атлаа Новосибирск, Красноярскт барьчихгүй татгалзаад байдаг сонин юм даа” гэж халаглаж байсан удаатай
- Бүтэц, үйл ажиллагаа нь хэр байв. Улсдаа л дээгүүр тооцогддог сангийн аж ахуй байсан гэдэг?
-Улаантолгойн сангийн аж ахуйн үйлдвэрлэл нь Мал аж ахуйн цех, Газар тариалангийн цехтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Газар тариалангийн цех нь үндсэн дөрвөн том "бригад”-тай байсан. Үүнд, Үр тарианы, Ил хөрсний ногооны, Төмсний, Шилэн хүлэмжийн гэсэн тус тусдаа технологитой нэгжүүдтэй ажилладаг байлаа. Тухайн үедээ манай сангийн аж ахуй нийт 23 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Үүний 5-6сая төгрөг нь цэвэр ашиг. Борлуулалтын нийт дүнг одоогийн ханшаар хамгийн багаар бодоход л 2.3 тэрбум төгрөг болно доо. Үүний 60-65 хувийг газар тариалангийн бүтээгдэхүүн дангаар бүрдүүлдэг байв. Тэр үед Жаргалант сум 4000 орчим хүн амтай. Түүнээс 1000 орчим нь сангийн аж ахуйд ажилладаг байсны ихэнх нь газар тариалангийн салбарт ажиллаж байсан. Мөн улирлын чанартайгаар оюутнууд, цэргүүд, жолооч нар гээд жилд 4000 гаруй хүнийг гэрээгээр ажиллуулдаг байлаа.
-Их өндөр үзүүлэлт байна. Ашигтай ажиллахад хамгийн өндөр нөлөө үзүүлдэг байсан салбар нь аль вэ?
-Шилэн хүлэмжийн аж ахуй. Яагаад гэвэл Зүүнхараа, "Дэвшил”, Улаантолгойн сангийн аж ахуй гурав л дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж, Монгол Улсыг улаан лооль, өргөст хэмхээр хангаж байлаа. Манайх хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лоолиос гадна гоньд, навчит салат, ногоон сонгино тарьдаг байсан. Хүлэмжийн аж ахуй маань 75 ажилтантай. 2.5 га газрыг шилээр бүрхсэн маш том хүлэмжтэй. Энэ бол улсын хэмжээнд хоёрдугаарт ордог хүлэмж байсан. Гэхдээ усалгаа, халуун, хүйтнийг тохируулах автоматжуулалтын систем нэвтрүүлсэн үзүүлэлтээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг байсан шүү. Шилэн хүлэмж маань тухайн үеийн Ленинградын зураг төслөөр барьсан. Намайг ажиллаж байхад ЗХУ-ын Гавьяат агрономич хүн ирж үзчихээд "Манай Засгийн газар Монгол Улсад ийм сайхан хүлэмж барьсан атлаа Новосибирск, Красноярскт барьчихгүй татгалзаад байдаг сонин юм даа” гэж халаглаж байсан удаатай.
-Таны дээр хэлснээр ажиллах хүч маш их дайчилдаг байж. Энэ хүчээр хэдий хэмжээний бүтээгдэхүүн хурааж, хэнд өгдөг байсан бэ?
-Хэмжээний хувьд 20 мянган тонн тэжээл, 8 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авч байсан байх аа. Хурааж авсан төмс, хүнсний ногооныхоо дийлэнхийг тухайн үеийн Эрдэнэт хотын Худалдааг удирдах газар, Булганы гурилын үйлдвэр, Эрдэнэтийн хүнсний үйлдвэр, Оросын цэргийн ангиудад нийлүүлнэ. Мэдээж Эрдэнэт үйлдвэр, хотын хэрэгцээг бүрэн хангана. Үлдсэнийг нь Хөдөө аж ахуйн яамны хуваарийн дагуу Улаанбаатар, Толгойт, Баянзүрх дүүргийн зоориудад тушаана. Ингээд илүү гарвал Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хилийн чанадад Хабаровск, Валдивосток, Амурын муж улсуудад төмөр замаар нийлүүлж байсан юм. Зөвхөн өргөст хэмх, улаан лооль гэхэд л Монголын 32 байгууллагад нийлүүлдэг байсан. Тэр үед хаана борлуулахыг Засгийн газраас зааж өгдөг байсан нь том давуу тал юм.
-Тоног төхөөрөмжийн хүчин чадал нь ямар байсан бэ?
-Ганцхан жишээгээр тайлбарлая. Улсдаа хамгийн их өмчтэй сангийн аж ахуй нь манайх байсан. Тухайн цаг үеийн үнэлгээгээр 110 орчим сая төгрөгийн өмчтэй. Тэгэхээр манай сангийн аж ахуйг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, автоматжсан аж ахуй байжээ гэж ойлгож болно. Давуу тал нь харагдаж байгаа биз. Үүнээс гадна маш том зоорь, дөрвөн улирлын хүлэмжтэй. Хүлэмж нь бас бүрэн автоматжсан. Дээрх 110 орчим сая төгрөгийн өмчийн 25 сая нь сангийн аж ахуйн тосгон, контор, орон сууц. Халуун, хүйтэн устай хот маягийн тосгон бүхий гуравхан сангийн аж ахуй байсны хамгийн сайн нь манайх. Фермер 25 сая, хүлэмжийн аж ахуй нь 25 сая төгрөг. Газар тариалан услалтын систем нь 25 сая төгрөг. Үлдсэн нь бусад хөрөнгө. Зарим сангийн аж ахуйн нийт үндсэн хөрөнгө нь 20 гаруй сая төгрөг байсан цаг шүү дээ. Тэгэхээр манай ногоочид тэр үедээ хамгийн шилдэг технологийн дэвшлийг аж ахуйдаа ашигладаг байсан.
-Энэ их өмч хааччихсан юм бэ? Одоо бол байхгүй шүү дээ.
-Одоо Жаргалант сумын төвд байгаа барилгуудтай ижил хэд хэдэн барилга өмч хувьчлалд орсон. Үүнээс хойш дулааны станц нь ажиллахаа болиод тэдгээрийг нураасан. Газар доогуур 25 км үргэлжлэх дулааны шугам, услалтын системын 10 км орчим шугам байсан нь одоо ашиглагдахгүй байна. Эхнээсээ үгүй болсон байх. Фермийн аж ахуй барилга байгууламжийг мөн нураасан. Хүлэмж одоо юу ч үгүй болсон. Хашаа нь л үлдэж. Товчхондоо ардчилсан хувьсгалын дараа мэргэжлийн бус хүмүүс хувьчилж авсны гор. Тухайн үед нийт хөрөнгийг 10-хан сая төгрөгөөр хувьчилсан гээд бод доо. Ингээд сангийн аж ахуйд ажиллаж байсан мэргэжилтнүүд бүгд халагдсан.
-Тухайн үед Улаантолгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан мэргэжилтнүүдээс одоо газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүн бий юу?
-Байгаа. Улсын аварга ногоочин Ч.Баясгаланцэцэг, тракторчин байсан н.Ганбаатар хоёр хоршоо ажиллуулж байна. Энэ хоёр гэр бүл. Ерөнхий инженер байсан Л.Лхагваа гуай "Бүтлийн Ундарга” ХХК байгуулсан. Засварын инженер байсан н.Батболд газар тариалан эрхэлж байгаад больсон байна лээ.
-Та салбарын ажлаа хийгээгүй юм уу?
-Би Согоотын цэргийн анги байсан хэсэгт 3 га газарт төмс тарьсан. Тэр үед зах дээр лангуу авч, худалдагч цалинжуулах гэхээр мөнгө хүрэхгүй байсан. Тиймээс орос хэл мэддэгээ ашиглаж Эрдэнэт үйлдвэрт ажилладаг оросуудтай танилцаж борлуулдаг байлаа. Гэрт нь ногоо хүргэж өгдөг байсан. Гурван ам бүлтэй орос гэр бүл жилд гурван шуудай төмс иддэг юм. Тэр хэрэгцээг нь хангаж байсан гэсэн үг. Мөн үйлдвэрийн гал тогоонд хэсэг хугацаанд төмс нийлүүлсэн.
-Дээр ярьсан их ажлыг нугалахад удирдлагаар хангах асуудал чухал байсан байх. Таны удирдлагын багт ямар хүмүүс ажиллаж байв?
-Ерөнхий мэргэжилтнүүдийг удирдлагын баг гэж үзнэ л дээ. Манай сангийн аж ахуйд Ерөнхий мэргэжилтэн зургаа байлаа. Үүнд Ерөнхий инженер Л.Лхагваа, Ерөнхий агрономич н.Баасанхүү, Ерөнхий эдийн засаг н.Бадарч, Ерөнхий ня-бо н.Жуков болон Ерөнхий малын их эмч. Бид л удирдлага зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж байлаа.
-Ярилцсанд баярлалаа.