|

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт 2-11 сая төгрөгийн торгууль ногдуулж болзошгүй

batdorj 2019/11/12 488 0

БНСУ-ын цагдаагийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Түүнийг "Korean Air” компанийн онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн, Монгол орчуулагч эмэгтэйг сүрдүүлсэн гэх хэрэгт буруутгаад байгаа юм.

"Прокурорын байгууллагаас Д.Одбаярт холбогдох хэрэг хэр ноцтой эсэхээс хамаараад сэжигтнийг торгох тухай яллах дүгнэлт хийж болзошгүй байна” гэж БНСУ-ын хуулийн мэргэжилтнүүд үзжээ.

"Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ихэнхдээ торгодог. Энэ нь ноцтой бус ч ёс зүйгүй хэрэг. Прокурорын байгууллагын дүгнэлтээр Д.Одбаярт 2.320.000-11.600.000 төгрөгийн (1-5 сая вон) торгууль ногдуулах магадлалтай байна” хэмээн нэгэн шүүхийн шинжээч "Yonhap” агентлагт ярьсан байна.

БНСУ-ын Цагдаагийн газар түүнийг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, мөн "Нисэхийн аюулгүй байдлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзээд хэрэг үүсгэсэн. Энэ тохиолдолд 10 хүртэлх жилээр хорих, эсвэл 10 хүртэлх сая воноор (23 сая орчим төгрөг) торгох ял шийтгэл оногдуулдаг байна.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр хуулийн дагуу торгуулиа төлбөл хилийн хоригоо цуцлуулж, Монголд ирэх боломжтой. Хэргийг үргэлжлүүлэн шалгах зорилгоор түүнд 10 хоногийн хилийн хориг тавьсан бөгөөд 11-р сарын 15-ны өдөр хүртэл БНСУ-ыг орхиж болохгүй гэсэн үг.

Д.Одбаяр эхний байцаалтад өөрийгөө гэм буруугүй, арын суудлын хүнтэй намайг андуурсан гэж мэдэгдэж байсан. Харин хоёр дахь байцаалтын үеэр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан тул юу болсныг санахгүй байна гэж мэдүүлээд зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн ажилтнууд онгоцны доторх бичлэгийг үзүүлсний дараа л орчуулга хийж байсан Монгол эмэгтэйг сүрдүүлсэн гэдгээ хэлжээ. Харин орчуулагч бүсгүй хэрэг прокурорт шилжих үед гомдолгүй гэдгээ мэдүүлсэн гэнэ.

Түүнчлэн Д.Одбаяртай хамт зорчиж байсан 42 настай иргэн "А” гэгч нислэгийн багийн өөр нэг эмэгтэйн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй. Хэрэг гарсан өдөр хоёуланг нь цагдаагийн газраас саатуулсан хэдий ч дипломат халдашгүй эрхтэй гэсэн үндэслэлээр суллан явуулсан. Тэрбээр, иргэн "А” нь мэдүүлэг өгөхөөс зайлсхийж Сингапур руу ниссэн. Инчеон хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн "А” гэгчийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаад байгаа юм.

Э.Онон

Эх сурвалж: Yonhap, Korea Times

Санал болгох

Сэтгэгдэл

top