|

Хараат бус болох харгуй замын эхэнд

batdorj 2019/12/03 549 0

Манай улс түлш, шатахуунаар Оросоос үеийн үед хамааралтай явж ирлээ. Улс орон хөгжихийн хэрээр улам олон унаа тэрэгтэй, тоног төхөөрөмжтэй болсоор эдүгээ бид 1.5 тэрбум доллар буюу валютын орлогынхоо дөрөвний нэгийг шатааж сууна. Оросуудын дуугарсан үнийг төлөхөөс өөр сонголтгүй байснаа, 2015 оноос Сингапурын зах зээлийн үнээр тохиролцсон нь бас ч үгүй баримжаатай болгов. Таван жилийн тохиролцоо дуусч, ирэх сард сунгахаар хэлэлцэх ажээ. Гол нь бид түлш шатахууныг доллараар аваад төгрөгөөр борлуулдаг учир ханшинд нөлөөлж, гадаад худалдааны тэнцлийг алдуулж, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, инфляцийг хөөрөгддөг.

Шатахуунаар хараат бус болох, үйлдвэр барих тухай монголчууд олон жил ярьсан нь Дорнодод газрын тос илрүүлснээс хойш бүр идэвхижсэн юм. 2015 оны 5-р сард БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлав. Монголын эдийн засгийн хөгжилд зориулж Энэтхэг 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болов. Энэ зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар МУ-ын Засгийн газар 2017 оны 2-р сард шийдэв.

Шатахууныг хэрэглэгчид ойртуулах, бусад нөхцөл байдлыг тооцоод үйлдвэрийг Дорноговийн Сайншандаас зүүн хойш 18 км зайд, Алтанширээ сумын нутагт барих болов. Энэ үйлдвэр жилд шингэрүүлсэн шатдаг хий 43, автобензин 340, дизель 824, онгоцны түлш 80, зуухны түлш 47 мянган тонн буюу нийт 1.35 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж МУ-ын өнөөгийн хэрэгцээг хангах юм. Түүхий тосоо Дорнод аймгийн Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайгаас татах ажээ.

Төслийн явц өнөөдөр

Энэ төслийг хариуцсан төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэрийн газрыг (ГТБҮ)  2017 оны 4-р сард (www.mongolrefinery.mn ) байгуулав. Мөн оны 8-р сард үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаар Энэтхэгийн олон жилийн туршлагатай "Инженерс Индиа Лимитэд” (www.engineersindia.com) компанийг зөвлөхөөр шалгаруулжээ. Дээр нь хөндлөнгийн хяналт тавиулахаар Италийн "Кинетикс Техноложи” компанийг оруулж, ажлаа эхлүүлэв. 2018 оны 11-р сард нарийвчилсан ТЭЗҮ дуусч УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. 2019 оны 5-р сараас инженерийн зураг төслөө боловсруулж эхлэв.

2019 оны 11-р сарын байдлаар Монголын Хөгжлийн банкны 246 тэрбум төгрөгийн зээлээр Сайншандаас 17.5 км хүнд даацын авто зам, 27 км урт төмөр зам, 110 квт-н цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барьж үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулж, үйлдвэр барих 150 га талбайг тэгшлэх, хашаа барих ажлыг эхлүүлжээ. Мөн Сайншандад 550 айлын, ажилчдын хотхон барьж байна. Ирэх хавар 42 км урт усны хоолой татах бэлтгэлийг хангаж байна. Энэ аж үйлдвэрийн томоохон цогцолборт технологийн байгууламжууд, олон том агуулах сав, түүхий тос тээвэрлэх, дамжуулах байгууламжаас гадна өөрийн цахилгаан станц багтаж байна.

Тээвэр

Одоогоор, яаралтай шийдэх гол ажил бол түүхий тосоо 550 км-ийн холоос хэрхэн тээвэрлэх асуудал. Төмөр зам барих, эсвэл дамжуулах хоолой тавих сонголтын дунд төр засгийн түвшинд санал хуваагджээ.

Төмөр замыг дэмжигсэд, энэ чиглэлээр нэгэнт МУ төмөр зам барих, Оросын нутгаар далайд шинэ гарцтай болохыг зорьж буй, тэгээд бас олон зуун сая долларын зээл авах учир олон төрлийн ачаа зөөж болохоор нь төмөр зам барих нь зөв гэх. Харин дамжуулах хоолойг дэмжигсэд болохоор хурдан, найдвартай, тасралтгүй нийлүүлэлтээ бодох нь зөв. Зардал нь төмөр зам барихаас гурав дахин хямд, барих хугацаа нь богино, дан бүтээгдэхүүн тээвэрлэх хамгийн түгээмэл, шалгарсан арга бол дамжуулах хоолой гэх.

Тамсагийн газрын тосны онцлог нь харьцангуй хөнгөн (0.845 г/см3), хүхэр маш бага (0.11 хувь), тосон дахь хүчлийн тоо бага (TAN:0.052 мг КOH/г) учир үйлдвэрийн байгууламжийг барих материалын зардлыг хэмнэх сайн талтай. Гэхдээ парафинлаг нүүрс-устөрөгчийн нэгдлийн агуулга их, 24 хэмд царцдаг учир төмөр замаар бол халаалттай цистерн; дамжуулах хоолой бол тасралтгүй халаалттай байх ёстой.

Нэг зэрэг 80 вагон ачиж буулгах байгууламж барих их зардалтай. Халаадаг хоолой тавих туршлагатай, өөрөө санхүүжүүлээд, бариад, ажиллуулаад, хүлээлгэн өгөх сонирхолтой компаниуд бэлэн байна. Хоолой тавихад, ГТБҮ-ийн тооцоогоор 350 сая доллар шаардлагатай, хугацаа нь 2-3 жил; харин төмөр зам 660 сая доллар, барих хугацаа нь тодорхойгүй ажээ. Тээвэрлэх зардал хоолой 1 тонн нь 7 доллар; төмөр зам 2 дахин их болно гэнэ. Үйлдвэр 2024 оны 11-р сард бэлэн болж, үйлдвэрлэл 6 сарын дараа жигдэрсэн байх төлөвлөгөөтэй учир Засгийн газар энэ сонголтоо яаравчлах ёстой болжээ.

Нөөц

Олон нийтийн зүгээс лавлаад буй дараагийн асуудал бол газрын тосны нөөц энэ үйлдвэрийн хэрэгцээг хангаж чадах эсэх асуулт. Зөвхөн хайгуул хийгдсэн 2 талбайд (Дорнод аймгийн Тосон Уул XIX, Тамсаг XXI) 2010 оны байдлаар нөөц 332.6 сая тонн, үүнээс баталгаатай ашиглах нөөц нь 43.2 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. Үүнийхээ 8.2 сая тонныг олборлоод байгаа ч, нөөцөө нэмэгдүүлэх боломж их байна. Сарын өмнө л гэхэд Матад ХХ талбайгаас газрын тос илрүүлж, урьдчилсан байдлаар 25 сая тонн нөөцтэйг тогтоожээ. Бусад олон талбайд өрөмдсөн цооногууд газрын тосны илэрцтэй. Газрын тосны хайгуулын ажлаа өргөжүүлэх шаардлагатай ч, эрчим хүч, ажиллах хүч хангалтгүй, мөн орон нутгийн захиргаа, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ажил зогсдог болжээ.

Эдүгээ газрын тосыг Хятадын компаниуд олборлож байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлож, борлуулсан тосны дөрөвний нэг нь манай Засгийн газарт ногддог. Мөн газрын тосны тухай хуулийн 7.1.6-д Засгийн газар "Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд гэрээлэгчид ногдох газрын тос болон өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах давуу эрхийг” эдэлнэ гэж заасан. Гэрээлэгч өөрт ногдох газрын тосыг зах зээлийн үнэ ханшаар тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрт нийлүүлэх үүрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэх нөөц, эрх зүйн орчин бүрдсэн гэж төрийн холбогдох албаны хүмүүс үзэж байгаа ажээ.

Ямар ч гэсэн шатахуунаар хараат бус болох харгуй зам дээрээ монголчууд бид гараад ирлээ. Эргэж буцах боломжгүй.

Д.Жаргалсайхан

Эх сурвалж: baabar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top