Энэ сарын 9-нөөс улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн тооллогод 43 тоологч, 22 шалгагч ажиллаж байна.
Тэд Орхон аймгийн 28 мянган өрхийн 10 хувьд нь түүврийн аргаар сонгогдсон өрхөд тооллого явуулна. Тооллогын эхний өдөр санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон Баян-Өндөр сумын өндөр настан О.Бадам, Х.Нямаа нараас эхэллээ. Тооллого долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 15-ны 22,00 цагт дуусна. Энэ хугацаанд иргэд хуульд заасны дагуу тооллогын гэрээт ажилчныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх, асуулгад үнэн зөв хариулах, тоолуулсан тохиолдолд тооллогын ажилтнаас нотлох гэрчилгээг авах үүрэгтэй ажээ.
Тооллогод хамрагдсан иргэдийн мэдээлэл Монгол Улсын Үндэсний төв архивт 60 жил хадгалагдах үнэт лавлагаа болох юм. Ташрамд дурдахад, Эрдэнэт хот байгуулагдсанаас хойш тав дахь удаа хүн, ам, орон сууцны тооллогод хамрагдаж байна.