БНХАУ-д коронавирусийн улмаас дөрвөн ч хүн амиа алдаж, 200 гаруй хүн өвчилсний зэрэгцээ Азийн өөр гурван оронд уг өвчний тохиолдол бүртгэгдээд байна. Өмнө нь уг вирус мал, амьтнаас хүн халдварлана, хүнээс хүнд халдахгүй гэж байсан ч халдвар авсан өвчтөнүүдийн эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч, ажилтнууд халдварласан болохыг БНХАУ мэдэгдлээ.
Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо өчигдөр (2020.01.20) нотолсон байна. Уг вирусыг судлах Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Жун Наншаны хэлснээр, одоогийн байдлаар дор хаяж хоёр ч тохиолдол хүнээс хүнд халдсан байж болзошгүй байгаа аж. Мөн эмнэлгийн ажилчдад халдсан нь энэ таамгийг батлах нэг нотолгоо болсон аж.
Хятадын эрх баригчдын үзэж буйгаар, Үхань хотын далайн хүнсний захад амьтнаас хүнд халдах замаар өвчний вирус илэрчээ. Гэвч, Үханиас хол байдаг газрын хоёр ч хүн корона вирусээр өвчлөөд байгаа нь яах аргагүй хүнээс хүнд халдсан тохиолдол хэмээн Жун тайлбарлажээ. Тэдний нэг нь Үханиас гэртээ эргэн ирсэн гэр бүлийн гишүүнээсээ өвчин халдсан тохиолдол юм.
Жун бол 2003 онд SARS вирусийг судалж байсан эрдэмтдийн нэг юм. SARS вирус 2002, 2003 онд 8000 гаруй хүнд халдварлаж, 774 хүний аминд хүрч байсан. Харин Жуны хэлснээр, шинэ вирус SARS шиг хүчтэй вирус биш аж. Гэхдээ уг вирус Үхань хотоос алс Бээжин, Шанхай, Шэньжэнь, тэр ч байтугай Тайланд, Япон, БНСУ, Энэтхэг, Австралид тархаж, цар хүрээгээ тэлж, дэлхий нийтээр онц байдал зарлах хэмжээнд хүрчихээд байна. Одоогоор Тайландад дээрх вирусээр хоёр хүн, Японд нэг хүн, Солонгост нэг хүн, дэлхий даяар нийт 222 хүн халдварласан гэсэн тооцоо гарчээ.
Одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 218 (CNN), нас барсан хүний тоо дөрөв болоод байгаа юм. Хубэй мужийн Үхань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй бөгөөд түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Уг эрэгтэй тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдэж, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23:39 цагт нас баржээ.
Одоогийн байдлаар Үхань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна гэж хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. Мөн Бээжин, Шанхай зэрэг том хотод анхны тохиолдол илэрсэн байна. Хамгийн аюултай нь, Цагаан сарын үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн коронавирусыг хурдтай тархааж болзошгүй байгаа аж.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотойгоор хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгаа ажээ. Тодруулбал, урд хөрш энэ сарын 25-наас 27-нд Цагаан сараа тэмдэглэнэ. Энэ үед хилийн боомт амардаг боловч дотоод, гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ихэсдэг. Монголын цагаан сар хоёрдугаар сарын 24-нд болох юм. Сар шинийн баярыг угтан урд хөршийг зорих иргэдийн урсгал нэмэгддэг билээ.
Коронавирусийн тархалт идэвхжиж, дэлхий нийтээр онц байдал зарлачхаад байхад монголчууд л "хэнэггүй” царайлж сууна. Урд хөрштэй хил залгаа оршдог, бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортолдог улс орны хувьд шинэ төрлийн вирус дэгдэхгүй гэх баталгаагүй. Гэтэл хүмүүст уг вирус Монголд л хамаагүй юм шиг амны хаалт зүүлгүй, энд тэндгүй ханиалгаж, найтаахдаа ч санаа зовохгүй. Дээр нь иргэдийн дунд коронавирусийн талаарх мэдээлэл, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл дулимаг байна.
Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцах ёстой эрүүл мэндийн салбар нь ч ажил үүргээ умартсан бололтой. Ингэж хэлэхийн учир нь эмнэлгийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхийн газрууд болон иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэх нь учир дутагдалтай. Нүдэнд харагдахуйц бодит ажил хэрэгжүүлэх ёстой. Сэрэмжлүүлж хэлэхэд, Хонгконг, Энэтхэг улсаас ирсэн дөрвөн халуунтай тохиолдлыг бүртгэж, мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ХӨСҮТ-д тусгаарлан шалгаж, корона вирусээр өвчлөөгүй болохыг нь тогтоосон байна.
Эрүүл мэндийн байгууллагууд коронавирус Монголд дэгдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь иргэд амны хаалт зүүж хэвших, дархлаагаа дэмжих нь чухал ажээ.
Мөн монголчуудын Цагаан сарын баяртай холбоотойгоор уг вирусийн өвчлөл тархаж магадгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Эрүүл мэндийн яамны хувьд БНХАУ-д анх коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр зарласан даруйд арга хэмжээ авч эхэлсэн. Монгол Улсад шинэ төрлийн вирусийн халдвар дамжин орж ирэх эрсдэлийн зэргийн үнэлгээг гаргахад дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн орны тоонд орсон. Тиймээс Монгол Улс онц байдал зарлахгүй. Өмнө нь уг вирусийн зургаан төрөл тогтоогдсон. Эдгээрээс хамгийн хүнд нь 2002, 2003 онд дэлхий нийтэд тархсан SARS. Эл вирусээр 800 гаруй хүн нас барж, 8000 гаруй хүн өвдсөн. Ер нь дэлхий нийтээр томуу, томуу төст өвчний улирал таарч байна.
Монголд ч бас томуу, томуу төст өвчний идэвхтэй үе тохиож, В вирусийн халдварын вирус тархаж байна. В вирусийн хамт энгийн коронавирус, амьсгалын замын H3N2 зэрэг зургаан төрлийн вирусээр хүмүүс өвчилж байна. Тиймээс хүүхэд, насанд хүрсэн иргэдэд энэ ханиад хүнд тусч байгаа юм. В вирус нь амьсгалын доод замыг өвчлүүлдэг, уушгины хатгалгаа болох нь их байна. Дээр нь коронавирусийн гурав дахь эрсдэл нь томуугийн улиралд дэгдэж байгаагаар онцлог байна. Гэхдээ томуу, томуу төст өвчний тархалт зургаан хувьтай буюу буурч, орны ачаалал хэвийн байна.
БНХАУ болон бусад улсад тархаад буй шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнийг коронавирусийн долоо дахь төрөл гэж үзэж байна. Уг вирусийг анх мал амьтны захаар явсан хүмүүст ахуйн хавьтлын замаар халдсан байж болзошгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, МХЕГ, ГЕГ холбогдох бүх байгууллагад анхааруулга, сэрэмжлүүлгийг албан бичгээр хүргүүлсэн. Ялангуяа хилээр орж ирж буй хүмүүсийн өвчтэй эсэхийг хэрхэн хянах вэ гэдэг зааварчилгаа өглөө. Орон нутгийн Засаг дарга нарт хилийн боомтоор орж ирэх эрүүл ахуйн халдвар судлалын хяналтаа хэрхэн тавих вэ гэдэг зөвлөмж хүргүүлсэн. Энэ мэтчилэн бүх төрлийн мэдээлэл зөвлөмжийг өгч, эрүүл мэндийн байгууллагуудад бэлэн байдалтай ажиллах үүрэг өглөө. ДЭМБ-аас зургаан чиглэлээр түр зөвлөмж гаргасны дагуу эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулж, иргэдэд зөвлөмж өгч байна.
Хамгийн чухал нь гаднын улс орнуудад зорчихгүй байх, коронавирус амьсгалын замаар халдаж байгаа учраас амны хаалт хэрэглэх, гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амьтны маханд хүрэхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг иргэдэд өгч байна. Үүнээс онцгой анхаарч буй зүйл нь өндөг. Иргэд аль болох гаднын улс орнууд руу зорчихгүй байх, өндгийг чанаж хэрэглэх, урд хөршөөс өндөг, тахианы мах авахгүй байх нь чухал.
Хэрэв ханиаж, халуурч, амьсгалахад хүнд болох гурван төрлийн шинж тэмдэг илэрч байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд амны хаалт хэрэглэж дадах, мэдээлэлтэй байх хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: SUVD.MN