|

Коронавирусийн улмаас Амазон компани дэлхийн хамгийн том мобайл технологийн чуулганд оролцохгүй болжээ

saikhnaa 2020/02/10 423 0

Жил бүрийн хоёрдугаар сард Испанийн Барселон хотод Mobile World Congress (MWC) гэгддэг мобайл технологийн хамгийн том чуулган зохион байгуулагддаг.

Уг арга хэмжээнд дэлхийн томоохон компаниудын 100,000 гаруй төлөөлөгч жил бүр цуглардаг юм.

Тэгвэл энэ оны чуулган коронавирусийн гамшгийн улмаас нэлээд хэмжээгээр хязгаарлагдах төлөвтэй байна. Тухайлбал онлайн худалдааны аварга компани Амазон тус арга хэмжээнд оролцохгүй болсноо өчигдөр зарлажээ.

Оролцохгүй болсон шалтгаанаа шинэ коронавирусийн аюулаас болгоомжилж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын LG Electronics, Шведийн Ericsson, АНУ-ын Nvidia компаниуд ижил шалтгаанаар оролцохгүй болсноо зарлажээ.

Хятадын Huawei, ZTE компаниуд энэ жилийн чуулганд зөвхөн Европ дахь салбарын ажилтнуудаа оролцуулахаар болсон юм.

Хятадын компаниудаас жил бүр MWC чуулганд 5,000-6,000 орчим зочид оролцдог уламжлалтай. GSMA байгууллага төлөвлөсөн арга хэмжээ нь хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд хэвийн зохион байгуулагдана гэж мэдэгджээ.

Гэхдээ халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийг өндөр түвшинд хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал төлөөлөгчид хоорондоо гар барихгүй байх, илтгэл тавигчдын микрофоныг дахин ашиглахгүй байх зэрэг арга хэмжээ яригдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Р.ТҮВШИН, IKON.MN


Санал болгох

Сэтгэгдэл

top