Жилийн дөрвөн улирал ээлжилдэг манай оронд цаг уурынхаа онцлогийг дагаад байгаль дэлхийн юмс үзэгдэл ямагт хувьсан өөрчлөгдөж, аж байдал хийгээд эрүүл мэнд, сэтгэл санаа, хувцаслалт, идээ ундаа, явдал суудал гээд олон зүйлсэд нөлөөлдөг. Тийм учраас хүмүүс хаврын улиралд юунд анхаарч, сэрэмжлэх хэрэгтэй вэ гэдэг талаар товчхон мэдээлэл, зөвлөмж хүргэж байна.
Дээврээс унжсан мөс - Өвлийн цагт орсон цас жавар уясаар ирэхээр бага багаар хайлж эхэлдэг. Ялангуяа байшин барилгын дээврээс том том мөсөн унжлага давхралдан үүсэж, зарим нь тас нясхийтэл хугаран унаж байгаа харагддаг. Та гадуур явахдаа тархийг чинь цоо хатган бууж мэдэх үзүүр нь жад мэт хурц мөсөн унжлагатай байшингийн ирмэг хөвөөгөөр аль болох явахгүй байх, ялангуяа энэ өдрүүдэд иргэд автомашинаа байшингийн булан тохойд тавихгүй байхыг анхааруулж байна.
Шил толь мэт "хэврэг зам”- Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үздэг. Цагийн жамаар хавар айлссанаар мөсний зузаан нимгэрч эхэлжээ. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдсон арван удаагийн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Иймд цаг шил толь мэт "хэврэг зам”-аар жирийлгэж зам товчлох, цаг хожих зэргээр амь дүйсэн алхам хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Нэг шүдэнз хэдэн тэрбумыг ч шатаах хүчтэй - Хавар салхи шуурга ихтэй, хур тунадас багатай байх нь олонтаа. Ялангуяа хуурайшилт ихтэй газар ой хээрийн түймэр дэгдэх аюултай байдаг. Өнгөрөгч оны байдлаар 14 аймгийн 54 суманд нийт 115 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан. Мөн оны эхний 10сард л гэхэд 50476.8 га ой, 261491.9 га хээрийн талбай, нийт 311969.7 га талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатсан байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэр бум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэсэн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн тоо баримт бий. Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо зурсан шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
"Хаврын салхи хавирга нэвт"- Хавар боллоо гээд хамаг хувцсаа нимгэлээд гүйгээд байж болохгүй. Монгол оронд салхи 15 м/с-ээс хүчтэй салхилах тохиолдол жил бүр 3-5 удаа, зарим жилд 8-14 удаа тохиолддог. Зарим тохиолдолд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с хүрч байсан бол 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч, онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ. Үүнийг дурдахын учир нь урь наашилж, усны шувууд ирсэн ч хаврын тэнгэрийг таашгүй, өглөө нартай дулаахан байсан ч өдөр нь тэнгэр бүрхээд салхи хуйсганаад ирдэг шүү дээ. "Ганган хүүхэн хавар намраар” гэдэг. Хүүхнүүд доогуураа нимгэн шилэн трико өмсөөд эхэлсэн харагдана лээ. Доороосоо даарснаар цистит тусах, нимгэн хувцасласнаар ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлж, дулаан явахыг зөвлөж байна.
Улирал бүхэн учиртай- Хаврын улиралд модон махбод дэлгэрч элэг цөс дотоод мах бодийг давамгайлж биеийн илчийг барина. Ингэснээр элэг цөсний судал бүх биеэр гүйж нарийн эрчимтэй болдог. Өвлийн эхэн, адаг хоёр сард машид хүйтэрсний эрхээр бадгана дотроо хураагдаад хавар нарны гэрэлд халуунаар бүлээсэх бөгөөд үүнээс болж дотор бадгана эвдэрснээр галын илч доройтож бадгана босох цагт гашуун, халуун, эхүүн гурван амттай хоол ундыг хэрэглэх хэрэгтэй. Хаврын цагт хүний тамир үлэмж багасан биеийн хүч дунд зэрэг болдог. Биед хурсан бадгана нь хавар цагийн дулаан наранд хөдлөх тул үүнээс болж ходоодны илч буурч багасдаг. Ингэснээр хүмүүсийн хоолны шингэц тааруу болж, хоол ундыг шингээж чаддаггүй болдог. Идээний тунгалагийн боловсролт муудсанаас тамирдах, ядрах, нойр хүрч нозоорох зэрэг бадгана өвчний шинж үзүүлэх. Энэ үед хамгийн түрүүнд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Хөнгөн чанарын жимс, жимсгэнэ, хүнсний ногоо идэж, элэг цөсний өвчтэй хүмүүст өвчин сэдрэхээс анхаарахыг монгол анагаах ухааны оточ зөвлөж байна.
Хаврын синдрром халтай юу? - Хүний биед намрын улиралд сертонины хэмжээ буурахад гунигтай, дүнсгэр болж, эсрэгээрээ хавар хэмжээ нь нэмэгдэхэд хөөргөн дэвэргэн, өөдрөг болдог. Тэдгээр бодисын хэмжээ ихсэж буурахад нарны тусгал, хэт ягаан туяа нөлөөлдөг байна. Хавар хүмүүс догдлох, баярлах, хөөрөх зэргээр тогтворгүй зан байдал үзүүлэхийн зэрэгцээ дурламтгай болдог нь үүнтэй ч холбоотой байж мэдэх юм. "Бие махбодь, сэтгэл зүй хоёрыг "салгаж" болохгүй. Улс төрийн уур амьсгал ширүүсэж, фейсбүүк твиттерийн популизм, улс төр, аль нэгэн бүлгийн жагсаал, цуглаан хүчээ аван нийгмийн бухимдал оволзож эхэлдэг нь хаврын синдромын шинж гэлтэй. Хавар болж, өвчин сэдрээд гэж ярьдаг. Хавар болохоор яагаад ч юм сэтгэл санаа тогтворгүй болдог. Хаашаа ч юм явмаар, их зүйлийг бүтээх асар их сэтгэлийн тэнхээ мэдрэгдэнэ. Гэсэн атлаа ямар ч хүч тэнхээгүй, ядаргаанд орчихсон ч юм шиг. Сэтгэл санаа тогтворгүй хэвийн, тайван биш байснаар даралт ихсэх магадлал өндөр байдаг. Тиймээс хавар аль болох сэтгэл тайван, амгалан байж, дуртай зүйлээ хийх, дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэх, хүмүүсийн дунд цагийг өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Zindaa.mn