|

Ахмадууд аа, өвчлөхөөс сэргийл, цаана чинь Итали өндөр настнуудаа эмчлэхээс татгалзаж байна

nomun 2020/03/16 394 0

Ахмадууд аа, өвчлөхөөс сэргийл, цаана чинь Итали өндөр настнуудаа эмчлэхээс татгалзаж байна

 

 

Монголд коронавирусийн анхны тохиолдол илэрснийг энэ сарын 10-ы өдөр УОК-оос зарласан. Энэ сарын 2-ы өдөр Монголд ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч, монголчуудыг айдас хүйдэст автуулсан юм.  Улмаар хот хоорондын хөдөлгөөнийг зогсоож, хорио цээрийн арга хэмжээ авсан.  Хорио цээр тогтоосны маргааш буюу энэ сарын 11-ий өдөр автобусанд суугаад явахад, гадуур холхиж байгаа хүмүүсийн ихэнх нь ахмадууд, ахимаг насныхан байлаа.  Автобусанд суусан 3 хүн тутмын 2 нь 50-аас дээш насныхан. Автобусны буудал дээр унаа хүлээн зогсох хүмүүсийн ихэнх нь ахимаг насныхан.  

Хүнсний дэлгүүрүүд, зах, худалдааны төвийн хүнсний тасгаас бусдыг нь хаачихаад байхад.  Халуун ус, дугуй засвараас өөр үйлчилгээний байгууллага ажиллахгүй үед ахмадууд гадуур яваад байгааг бодоход чухал ажилтай бололтой л гэж бодож байлаа.  Хамгийн гол нь эрсдэл өндөртэй энэ үед эрсдэлт бүлгийн хүмүүс гадуур яваад баймааргүй байна.  ДЭМБ-аас ахмад настай, тэр дундаа 65-аас дээш насныхан коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээн зарласан. Бүр сүүлдээ энэ тоо багасч, 40-өөс дээш насныхан анхааралтай байхгүй бол вирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй байна шүү гэдгийг ч хэлж байна. Тийм байхад гадуур явж байгаа, амны хаалт зүүгээгүй хүмүүсийн ихэнх нь ахмадууд. 

Сургууль, цэцэрлэг амарчихсан, албан байгууллагууд хүртэл ажилчдаа амрааж байгаа энэ үед ямар чухал ажил байна аа. Гурил, будаа, мах шөлөө дөхүүлэх ажилтай бол үр хүүхдүүддээ захиач ээ. Залуучууд ч гэсэн аав, ээжийнхээ нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг дөхүүлээд өгөөч ээ.  Ахмадууд гэдэг ихэнхдээ л машин тэрэггүй. Бөөгнөрч аваад автоусад суудаг. Эрсдэлт бүлэгт тооцогдож байгаа хүмүүс автобусанд бөөгнөрч суугаад "давхиад" байх хэрэггүй.  

Монголд өвчлөлийн тохиолдол бүртгэгдчихсэн гэдэг чинь аюултын түвшин хэд дахин нэмэгдсэн гэсэн үг.  Хэдийгээр Франц нөхөртэй хамгийн ойрын хавьталд орсон гэх 270-аад  иргэнээс вирусийн халдвар илрээгүй ч аюул холуур өнгөрсөн гэсэн үг биш.  Хэнэггүйтэж огт болохгүй.  Албан ажилгүй, онц шаардлагагүй бол ахмадууд гэртээ л байх хэрэгтэй. 

Цаана чинь Итали өвчтөнөө дийлэхээ болиод, өндөр настнуудаа эмчлэхээс татгалзаж байна. Хатуухан хэлэхэд, гэртээ үх гэж байгаа хэрэг. Аз байвал эдгэрнэ биз гээд хөсөр хаяж байгаа юм.   Учир нь эрүүл мэндийн салбар нь өвчтөнүүдээ эмчилж дийлэхээ болиод, сонголт хийхээс өөр аргагүйд хүрсэн гэсэн үг.  Итали ямар том эдийн засагтай, эрүүл мэндийн салбар хөгжсөн орон билээ. Тэд ор гаргаж чадахгүй дээрээ тулж байна. Манайд хэрвээ асуудал үүсвэл яах билээ. Сайн бодох л хэрэгтэй. Тиймээс ахмадууд аа, гэртээ бай, хэрэгтэй зүйлсээ үр хүүхэддээ захь.  Бүгдээрээ л хичээж байж аюулт үеийг давж гарна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top