|

Батзаяагийн үеэл Баабар, Баабарын үеэл Батзаяа

saikhnaa 2020/04/01 503 0

1974-1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж мэргэжпийн жүжигчин болсон Б.Батзаяа нь Хүүхэд залуучуудын театр, Улсын циркийн тайзнаа авьяасаа сорьж, үзэгчдийн алга ташилтаар мялаалгаж явсан нэгэн. Харин 1991 онд Монголын хошин урлагийн анхны хувийн театр байгуулж хошин шогийнхныг хамт олноор нь бүхэл цөм болгож чадсанаар энэ төрөлдөө "загалмайлсан эцэг” гэгддэг. Тэрбээр Инээдмийн баярын "Азтай бадарчин” наадмыг анд найз нарынхаа хамт анхлан санаачилж байлаа.

Хошин шогийн нэрт мастер Б.Батзаяа нь "загалмайлсан эцэг” алдрын сураг ч сонсоогүй, бага залуу байхдаа Монголын сартваах зохиолчдын жүжигт шүүмж бичээд "Нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг байнаа” хэмээн хариу шүүмлэлийн хатуу үг сонсож явсан. Бас яруу найрагч болох гэж шүлэг тэрлэж байлаа.
 
Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн 1989 онд бичсэн нэг шүлгийг толилуулъя. Ташрамд учирлахад, "Баабарын үеэл Батзаяа, Батзаяагийн үеэл Баабар” гэдгийг аль хувилбараар ярих нь зохистойг бивээр сайн мэдэхгүй байна. Батзаяад тааламжгүй хандаж жаахан доош нь хийе гэвэл түүнийг "Баабарын үеэл”, харин Баабарт дургүй хүрвэл эсрэгээр нь "Батзаяагийн үеэл Батбаяр” гэж нэрлэж болох юм. Ямар ч болов Завханы Цагаанхайрхан сумын уугуул, төрсөн ах дүүсийн хүүхдүүд Батзаяа, Баабар нар хэн хэн нь том л яваа юм байна.
 
ЧИ МЭДЭХГҮЙ Л ЯВНА ДАА
 
Хатуу чихрийг 
Хазаж битгий ид л дээ!
Харин чи үл сонсож
Хайран шүдээрээ тар няр хийлгэсээр л...
Шудээ хайрлаагүй чи үгийг минь сонссонгүй 
Үг сонсдоггүй хүн эхийгээ яаж хайрлана даа.
Энэхэн хэр чи хазсаар хэмхэлсээр л...
Эгдүүцэл хайр хоёр зурхэнд хамт багтаж ядна.
Хажуунаас минь хазаж хэмхэлсээр зүрхэнд минь хүрчих вий гэхээс 
Хаалгаар би гадагш гарлаа, ард чи хазсаар хэмхэлсээр л...
Үнэн худал хоёр харшилдаж байдаг энэ амьдрахуйд 
Үйл тавилан гэдэг ээжийн чинь зассан өлгий биш шүү.
Чихэр хазаж идэхэд хүртэл эмзэглэдэг орчлонг 
Чи мэдрэхгүй л явах юм даа, мэдэхгүй л явах юм даа!
 
1989-10-25 01.00 цаг.
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top