|

Италид эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо анх удаа буурчээ

nomun 2020/04/21 395 0

Италид эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо анх удаа буурчээ

 


РОМ. /BBC/. Италид коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тоо анх удаа буурсан дүн үзүүллээ гэж тус улсын эрх баригчид мэдээллээ.

Даваа гаргийн байдлаар 108237 хүн эмнэлэгт юм уу гэртээ эмчлүүлж байгаа нь өмнөх өдрийнхөөс 20-иор буурчээ. Эрх баригчид уг үзүүлэлтийг бага боловч "нааштай” бууралт хэмээн үзсэн байна.

Италид хөл хориог ирэх тавдугаар сарын 3 хүртэл сунгасан боловч зарим бизнесийн үйл ажиллагааг сэргээсэн юм. Эрх баригчид зайнаас харилцах арга хэмжээг аюулгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр номын дэлгүүр, бичгийн хэрэгслийн дэлгүүр, хүүхдийн хувцасны дэлгүүрүүдийг нээжээ.

Итали нь халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд гуравдугаарт буюу АНУ, Испанийн араас бичигдэж байгаа юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Италид 24 мянга гаруй хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч гэртээ болон асрамжийн газруудад нас барсан хүний тоо албан ёсны тоонд орохгүй байгаа тул нас барсан болон халдвар авсан хүний тоо албан ёсны үзүүлэлтээс өндөр байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.

Италид мөн нас барсан, эдгэрсэн хүмүүсийн тоог оруулдаг халдварын нийт тохиолдлын тоо сүүлийн 24 цагийн дотор 1.2 хувиар өссөн нь халдвар тархсанаас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч даваа гарагт 454 хүн нас барсан нь ням гаргийнхаас ялимгүй өссөн байна. Үүнээс гадна эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүсийн тоо буурсан хэвээр байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг сарын доторх хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ.

Европын бусад оронд юу болж байна вэ?

Франц халдварын улмаас нас барсан хүний тоо нь 20 мянга давсан дараагийн улс болсныг тус улсын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Жером Саломон мэдээллээ. Францад асрамжийн газруудад нас барсан хүний тоог нийт тоонд оруулдгаараа Их Британиас ялгаатай юм. Ж.Саломоны мэдээлснээр, Францад халдварын улмаас 20265 хүн нас барсны 12513 нь эмнэлгүүдэд, 7752 хүн асрамжийн газруудад нас баржээ.

Германд сар орчмын өмнө тогтоосон хөл хориог сулруулж, жижиг дэлгүүрүүд, автомашины албан ёсны борлуулагчид, унадаг дугуйны дэлгүүрүүдийг нээжээ.

Португалд тусгаарлалтад байсан 138 орогнол хүсэгчээс халдвар илэрсэн байна.

ОХУ-ын өмнөд нутагт коронавирусний халдварын улмаас тогтоосон хязгаарлалтуудыг эсэргүүцсэн олон зуун хүнийг тараахын тулд цагдаа нарыг байршуулжээ. Эсэргүүцэгчид Умард Осетийн нийслэл Владикавказ хотын Засгийн газрын байрны гадна жагсжээ.

Грект цагаачдын өөр нэгэн байранд коронавирусний халдвар тархаж, Сомали гаралтай, 28 настай, жирэмсэн эмэгтэйг зочид буудалд тусгаарлажээ. Уг байранд байсан бусад хүнээс шинжилгээ авч байгаа аж. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top