Дэлхий даяар коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, Британийн эрх баригчид өвчний дэгдэлт дахин гарсан Испани руу иргэдээ зорчихоос татгалзахыг уриалсан бол Испани улс энэ шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлэв. Мөн долдугаар сарын 27-ны өдөр "Формула-1"-ийн аварга, Британийн тамирчин Льюис Хэмилтон коронавирус, вакцин, Билл Гейтстэй холбоотой алдарт үгсэн хуйвалдааны онолын дүрс бичлэгийг нийтэд үзүүлснийхээ төлөө уучлалт гуйлаа. Өнгөрсөн хоногт цар тахалтай холбоотой ямар үйл явдлууд болсон талаар тоймлон хүргэж байна.
Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр өнгөрсөн хоногт 204 мянга гаруй халдвар шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоогоор АНУ урьдын адил тэргүүлж байна. Энэ улсад 4,2 сая гаруй хүн коронавирусийн халдвар авчээ. АНУ-ын араас 2,4 сая халдвар бүртгэгдсэн Бразил, гуравдугаарт 1,4 сая халдварын тохиолдолтой Энэтхэг бичигдсэн бол 816,6 мянга гаруй өвчлөл бүртгэгдсэн Орос улс дөрөвдүгээрт оржээ.
Дэлхий даяар цах тахлын нөхцөл байдал нэн хүнд хэвээр байна. Өмнө нь халдвар авсан хүний тоогоор харьцангуй багад тооцогдож байсан Вьетнам, Хонконгт COVID-19-ийн шинэ тохиолдол улам их бүртгэгдэх болж, Энэтхэгт халдвар авсан хүний тоо 1,4 саяыг давсан бол Британид анх удаа муурнаас вирус илэрчээ.
Британи: Испанийн наран шарлагын газруудыг март
Британид хязгаарлалтуудыг шат дараатайгаар цуцлах арга хэмжээний хүрээнд агаарын харилцааны гэрээг сэргээж, өөрөөр хэлбэл хоёр орны хооронд 14 хоногийн тусгаарлалтгүйгээр аялах журам үйлчилж эхэлсэн юм. Ийнхүү аялахад аюулгүйд тооцогдох орнуудын жагсаалтад Испани улсыг багтаасан байлаа.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Испанид халдвар авсан хүний тоо эрс өссөнөөр Британийн эрх баригчид шийдвэрээ эргэн харж, Испанийн Иберийн хойгоос Британи руу ирэх хүн бүрийг тусгаарлалтад байх журам гаргасан юм. Улмаар даваа гаригт энэ журамд британичууд ихээр аялах дуртай Балеар болон Канарын арлуудыг багтаажээ. Харин энэ шийдвэрийг Испанийн эрх баригчид ихээхэн эсэргүүцэж, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес "алдаатай шийдвэр" хэмээн мэдэгдсэн байна.
Шинээр халдвар гарч байгаа нутаг дэвсгэр нь Каталони болон Арагон бөгөөд Испанийн бусад бүс нутагт нөхцөл байдалд хяналтад байгаагийн дээр арлууд дээр аялахад ямар ч аюулгүй гэж Испанийн эрх баригчид үзэж байгаа юм.
Льюис Хэмилтон уучлалт гуйв
Британийн тамирчин Льюис Хэмилтон даваа гаригт Инстаграм дахь постоо устган, 18 сая дагагчаасаа уучлалт гуйжээ. Түүний устгасан постонд Билл Гейтс коронавирусийн эсрэг вакцин зохион бүтээж байгаа тухайгаа ярихын зэрэгцээ Гейтсийг худлаа ярьж байгаа гэсэн агуулга бүхий дүрс бичлэгүүд багтсан байна.
Энд дуулгахад, Билл Гейтс, бичил чип, коронавирусийн тухай үгсэн хуйвалдааны онол нь сүүлийн үед цахим ертөнцөд хамгийн их түгсэн мэдээлэл юм.Энэ мэдээлэлд Билл Гейтс коронавирусийг бүтээхэд оролцсон, бүх хүнд чип суулгахын тулд ийм вирус гарган авсан гэх зэргээр Гейтсийг буруутгадаг.
Вьетнам дахь нөхцөл байдал
Вьетнамын Дананг хотод вирусийн халдвар илэрсний дараа энэ хот руу жуулчдыг нэвтрүүлэхийг хориглолоо. Энэ нь дөрөвдүгээр сараас хойш Вьетнамд халдвар гарч байгаа анхны тохиолдол юм. Улмаар Дананг хот руу жуулчид нэвтрэх боломжгүй болсон бөгөөд энэ хотод байсан 80 мянга гаруй жуулчныг нэмэлт нислэгээр татан авахаар болжээ.
Энд дуулгахад, цар тахал эхлэх үеэр Вьетнам хилээ хааж, хөл хорио тогтоон, халдвар авсан хүмүүсийн хавьтагчдыг яаралтай олж тогтоох зэрэг нэн шуурхай арга хэмжээ авч байлаа. Үүний дүнд тус улсад ердөө 400 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, нас баралт нэг ч гараагүй юм.
Гэвч хамгийн сүүлийн тохиолдлыг илрүүлснээс 100 хоногийн дараа жуулчдыг ихээр татдаг Дананг хотод дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Улмаар нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас бусад бүх компани, албан газрыг хаах, хүмүүсийн хоорондын зай баримтлах зэрэг хөл хорионы арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук үүрэг болгожээ.
Хонконг "дээд амжилт" тогтоов
Хонконгт хоногт 145 халдвар бүртгэгдсэн нь энэ хотын хувьд шинэ дээд амжилт болсон талаар ВВС мэдээллээ.
Үүнээс өмнө Хонконгийн захиргаа хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглох зэрэг хөл хороины арга хэмжээ нэвтрүүлж байгаа талаар зарлаж байв. Түүнчлэн гудамжинд амны хаалт зайлшгүй зүүхийг иргэдэд сануулжээ. Энэ журмыг зөрчвөл 5000 хонконг доллар /монгол мөнгөөр 1,6 сая төгрөг/-аар торгохоор болсон байна. Харин хоёроос доош насны хүүхдүүд болон эрүүл мэндийн шалтгаанаар амны хаалт зүүх боломжгүй хүмүүст энэ журам үйлчлэхгүй гэнэ.
Хязгаарлалтын арга хэмжээ энэ сарын 29-ний өдрөөс эхлэн дорлоо хоног үргэлжлэх юм байна. Цар тахал эхэлснээс хойш Хонконгт нийтдээ 2600 гаруй халдварын тохиолдол, 20 нас баралт бүртгэгджээ.
Квок Юн Юэн: Хятадын эрх баригчид дэгдэлтийн цар хүрээний талаар нуун дарагдуулсан
Ухань хотод коронавирусийн дэгдэлт гарсан нөхцөл байдлыг судлах ажилд оролцож буй Хятадын эмч Квок-Юн Юэн орон нутгийн эрх баригчид үүссэн нөхцөл байдлын цар хүрээний талаарх мэдээллийг нуун дарагдуулахыг оролдсон гэж үзэж байгаагаа ВВС агентлагт ярьжээ. Түүний өгүүлснээр, нотлох баримтуудыг устгасан, харин эмч нарын дүгнэлтэд хайнга хандсан гэнэ.
"Биднийг Хуанан дахь зах дээр очиход тэндээс харах, үзэх онц гойд зүйл юу ч байгаагүй. Учир нь тэр үед бүгдийг цэвэрлэчихсэн байсан. Тиймээс, "хэргийн газар дээр" эд мөрийн баримт байгаагүй, тиймээс ямар амьтан вирус тээгч байж, хүнийг хордуулсныг бид тодруулж чадаагүй" хэмээн тэрбээр ярьжээ.
"Тэд Ухань дахь ямар нэг мэдээллийг нуусан гэж би хардаж байна. Өөрт байгаа мэдээллийг нэн даруй дамжуулах ёстой орон нутгийн эрх баригчид энэ үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагүй" хэмээн Квок-Юн Юэн өгүүлжээ.
Энд дуулгахад, вирусийн дэгдэлт гарсны дараа хангалттай арга хэмжээ аваагүй, өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр аюул ойртож байгааг сэрэмжлүүлэх гэсэн эмчийг шийтгэсэн гэж Хятадыг удаа дараа буруутгаж байлаа. Гэвч Хятадын эрх баригчид энэ бүхнийг няцаадаг юм.
Британид муурнаас халдвар илэрчээ.
Британид гэрийн тэжээвэр муурнаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол гарсан талаар Британийн малын ерөнхий эмч мэдээлснийг ВВС дамжууллаа. Энэ нь Британид амьтан вирусийн халдвар авсан нь батлагдсан анхны тохиолдол бөгөөд гэхдээ амьтан эзэддээ халдвар тараасан эсвэл гэрийн тэжээвэр амьтад хүмүүст вирус халдаадаг гэдгийг батлах ямар ч баримт байхгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан эздээсээ муур халдвар авчээ. Муур болон түүний эзэд бүрэн эдгэрсэн бөгөөд тухайн байранд амьдрах бусад оршин суугчид болон тэдний тэжээвэр амьтад халдвар аваагүй гэнэ.
Г.Бямбасүрэн