Будаач будаач гэхэд сахлаа будна” гэгчээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар намаа сонгуульд ялуулахын тулд багагүй хүчин чармайлт гаргасан. Тухайлбал, тэр төсөвт тодотгол хийхгүй гэж удаа дараа мэдэгдэж, сонгууль өнгөртөл энэ байр сууриа бат хамгаалсан юм. Нэг ёсондоо, нам нь сонгуульд ялж, өөрөө сайдын суудалдаа үлдэж байвал Монгол Улс гэдэг хамгийн том эрх ашиг хамаагүй байсан бололтой. Тэр санасандаа ч хүрч, төсвийн алдагдал ч талийж байв. Тэгвэл сонгуулийн дараачаас Сангийн сайд маань төсвөө тодотгох ёстой гэх болсон юм. Иймдээ ч өнгөрсөн баасан гарагт ээлжит бус чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийлгэхээр УИХ-д өргөн бариад байна.
Товчхондоо, 2020 оны төсвийг батлахдаа орлого, зарлага аль алиныг нь хоёр их наяд төгрөгөөр нэмж батлаад байсан билээ. Алдагдлаа нэмж, орлогоо ч түүндээ тааруулж өсгөсөн гэсэн үг л дээ.
Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр "2020 он гарахад амаргүй нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан. Хоёрдугаар сард хил хаасан цагаас л төсвийн тодотголоо хамгийн түрүүнд хийх хэрэгтэйг эдийн засагчид сануулсан. Учир нь, өр төлбөр хойшлохгүй. Олон улсын байгууллагынх биш, бондын өр төлбөр учраас хугацаандаа төлнө, эсвэл дахин санхүүжүүлэх л боломжтой. Тиймээс ирэх гурван жилд төлөх гурван тэрбум ам.доллар дээр ямар ч сонголт байхгүй. Зөвхөн хугацааг хойшлуулах боломжтой. Ийм нөхцөлд бид төсвийн маш чамбай бодлого явуулах зайлшгүй шаардлагатай. Бид нараас хамаарч, хийж чадах ганцхан зүйл бол төсөв. Гэтэл өөрсдийн чадах зүйлээ хийхгүй явсаар зургаан сарын дараа одоо төсөвт тодотгол хийнэ гэж ярьж байна. Цаг хугацаа маш их алдсан. Энэ хугацаанд төлөвлөж байсан орлого тасалдаж, алдагдал 2.2 их наяд төгрөгийг аль хэдийн давсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Нөхцөл байдал ийм байхад Сангийн яамнаас төсвийн зарлагыг 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж оруулж иржээ. Тодруулбал, 2020 оны төсвийн зарлагыг 14.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. Ингэснээр оны эцэст ДНБ-ний 37.7 хувьтай тэнцэх зарлага болно. Гэтэл 2020 оны төсвийн жилийн алдагдал 2.2 их наяд төгрөг байхаар тооцсон байсан юм. Энэ алдагдлын хэмжээ долдугаар сард давсан. Одоо төсвийн алдагдал гурван их наяд руу дөхөж буй. Ийм үед төсвийн зарлагыг нэмж байгаагаа "Ковид-19” цар тахалтай холбон тайлбарлажээ. Эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжид шийдвэрлэх зарчмыг баримталсан тухайгаа Сангийн сайд хэлжээ. Түүнчлэн экспортыг далайцтай нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх зарчмыг баримталсан гэсэн байна.
Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2.170.7 тэрбум төгрөгөөр буурч 10.729.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 14.577.5 тэрбум төгрөг болж, төсвийн нийт тэнцэл -3.848.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувьтай тэнцэж байна.
Хөрөнгө оруулалтыг хангалттай танаж чадсан уу гээд харвал 500 гаруй тэрбум төгрөгөөр хассан. Гэрээ байгуулаагүй, тендер зарлаагүй төслөөс 300 гаруй тэрбум төгрөг, хойшлуулж байгаа төслөө нийлүүлээд 500 гаруй тэрбум төгрөг татсан. Улсын төсвийн зарлага 11.8 их наяд төгрөг байгаагаас гурван их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт байгаа. Үүнд дотор эргэлзээтэй хөрөнгө оруулалт маш их байна гэдгийг зарим эдийн засагч, судлаачид хэллээ. Шаардлагагүй зардлуудыг түрүүчээс нь танах ёстой ч ихэнх нь хэвээр байна. Соёлын төв, хөшөө дурсгал, угтах хаалга зэргийн төсвийг тодорхой хэмжээнд танаж, төсвөө тодотгохоос өөр арга бидэнд байхгүй. Төсөв танасан мөнгөө ЖДҮ эрхлэгчдэд өгөөд, эхний зургаан сар хүү авахгүй байх нь оновчтой. ЖДҮ эрхлэгчдийг зээлийн хүүнээс нь зургаан сар чөлөөлөх бодлого баривал тэдний зээлсэн 10 сая төгрөг 10 хэвээрээ байхгүй, өснө.
Үүнээс гадна бид ирэх онуудад гадаад өр, бондын төлбөрөө төлнө. "Мазаалай” бонд 500 сая ам.доллар 2021 он, "Чингис” бонд нэг тэрбум ам.доллар 2022 он, "Хуралдай” бонд 600 сая ам.доллар 2023 он, "Гэрэгэ” бонд 800 сая ам.доллар 2024 онд төлөх юм. ДНБ-ээс хэд дахин их мөнгө. Энэ өрүүдийг төлж чадахгүй. Тиймээс өрийг өрөөр дахин санхүүжүүлэх, хоёрдугаарт, олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гуравдугаарт, ДНБ-ийн 67-68 хувийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бүр болохгүй юм гэхэд дотоодын эдийн засгийг тодорхой хэмжээгээр хангадаг үйлдвэрлэл байх ёстой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүйгээр өр төлбөр, хүндрэлээс гарахгүй.
Монгол Улс нийт өрийн хэмжээгээрээ зээлтэй орнуудын 79 дүгээрт бичигджээ. БНХАУ ДНБ-ийнхээ 51.2, Герман 59 хувьтай тэнцэж буй. ДНБ-ийнхээ 0.5 хувьтай тэнцэх хэмжээний өртэй улс Гонконг гэж дэлхийн эдийн засгийн тайланд дурдсан байна. Эндээс харахад нэг хүнд ногдох ДНБ-ийнхээ маш бага хувьтай тэнцэх хэмжээний өртэй улс орон өндөр хөгжиж байх. Тэгэхээр зээл гэдэг засаглалын хомсдолтой популизм хөгжсөн авлига ихтэй улсуудад тус болохоосоо илүүтэй ус болж байгааг тодотгомоор байна. Нэгэнт авсан өрөө төлөхгүй бол улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал яригдана. Эдийн засаг хүндхэн байсан үеүдэд манай улс урд хормойгоороо хойдхоо нөхөж байсан.
Нэг зээлийг төлөхийн тулд нөгөөхөөс нь зээлдэг. Өрийн дарамт ихтэй 2012-2016 онд авсан зээлийнхээ зөвхөн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байв. Хэдийгээр энэ тоо одоо буурсан ч жилд бид зээлийн хүүнд 850-900 орчим тэрбум төгрөг төлж л байна. Ийм үед төсвийн тодотголыг Сангийн яамнаас боловсруулж ирсэн төсөлд эдийн засагчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдээ ядуурал руу хөтлөхгүй, зөв оновчтой төсөв, санхүүгийн бодлого бидэнд үгүйлэгдсээр л байна шүү дээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН