|

“Суруга”-ийн газраас ургуулсан “Ариг”-ийн хувьцаа буюу А.Гансүх, Б.Баасанцогт нар үүнд яаж холбогддог вэ?

nomun 2021/03/17 365 0
 

“Суруга”-ийн газраас ургуулсан “Ариг”-ийн хувьцаа буюу А.Гансүх, Б.Баасанцогт нар үүнд яаж холбогддог вэ?

 

А.ГАНСҮХ, Б.БААСАНЦОГТ НАР "СУРУГА МОНГОЛ”-ИЙН ГАЗАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДЖЭЭ
-А.Гансүхийн дүү А.Ганболд "Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. "Эм Жэй Ти” ХХК нь "Монгол корпорейшн” ХХК-ийн 99.81 хувийг эзэмшдэг байна.
-"Монгол корпорейшн” ХХК бол 2017 оны аравдугаар сарын 12-нд "Суруга Монгол”-ийн 230 000 мкв газрыг авсан. Өөрөөр хэлбэл, энэ компани  "Суруга Монгол”-ийн "Жапан таун”-ы газрыг хууль бусаар авсан гэх мэдээлэлд хамааралтай.
-А.Гансүх "Жапантаун Монголиа” ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг. Үүгээрээ дамжиж "Монгол корпорейшн” ХХК-ийн үүсгэн байгуулалцсан.
-Мөн "Монгол корпорейшн” ХХК-д Б.Баасанцогт хувь эзэмшдэг.
А.ГАНСҮХ ДҮҮГИЙНХЭЭ КОМПАНИАР ДАМЖУУЛЖ "АРИГ” БАНКНЫ "АСУУДАЛ”-Д ОРОЛЦСОН УУ
"Ариг” банкны хувьцааг хууль бусаар шилжүүлсэн, үгүй гэх мэдээллүүд тал талаас явж байна. А.Гансүхийн дүү А.Ганболдын ихэнх хувийг эзэмшдэг "Монгол корпорейшн” ХХК энэ үйл ажиллагаанд гүнзгий оролцсон байж болзошгүй байна.
 
Тодруулбал, Б.Эрдэнэбатыг хоригдож байх үед "Ариг” банкны дүрмийн санг 50 тэрбумд хүргэх шаардлага бий болсон байдаг. Үүнийг хийхийн тулд "Инглиш майншн” төсөлд хөрөнгө оруулалт хийх нэрээр А.Гансүхийн дүү А.Ганболдын "Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж "Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлсэн байна. "МK Инглиш майншн” ХХК-д байсан 28.3 тэрбум төгрөгийг "Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж "Инглиш майншн” төслийг санхүүжүүлсэн байна.
"Инглиш майншн” нь "Жапан таун” хотхонд байрлалтай англи загварын интерьер, ландшафт бүхий 370 айлын орон сууц, үйлчилгээний төвтэй нийт 7 га талбайд хэрэгжиж буй төсөл юм.
БАНКНЫ ХУВЬ БОЛСОН ТӨСӨЛ ДЭХ "ТАЛ”-УУДЫН ОРОЛЦОО
"Инглиш майншн” төслийг А.Гансүхийн дүү А.Ганболдын "Эм Жэй Ти” ХХК, Ш.Баярсайханы "Номин холдинг”, "Номин реалтор” компаниуд хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Төслийн үнэлгээг 32.8 тэрбум төгрөг гэж тооцсон байна.
Ингэхдээ "Номин”-гоос төслийн бартерт "Ривер Тауэр”-т 2 ширхэг орон сууц, 2 ширхэг дулаан зогсоол, "Блью скай”-д 3 ширхэг орон сууц, 3 ширхэг дулаан зогсоол, 4 ширхэг автомашин өгсөн байна.
 
"СУРУГА МОНГОЛ”-ИЙН ГАЗРЫН ТОВЧ ТҮҮХ
"Суруга Монгол” хэмээх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2002 онд Монгол Улсад байгуулагдсан. Энэ компани 2005 оноос "Жапан таун” хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Гэхдээ дуусгаж чадаагүй. Захирал нь хэрэгт холбогдож, удалгүй нутаг буцсан.
Түүний дараа "Суруга Монгол”  компанийн дээрх төсөлд зориулж 900 000 мкв газар аваад байв. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу "120”-ийн тойргоос зүүн тийшх тэрхүү газар манай нөхдүүдэд шилжсэн байдаг. Одоо тэдгээр газарт хэн хэний, ямар барилгууд сүндэрлэснийг бид мэднэ.
 
"СУРУГА МОНГОЛ”-ИЙН 900 000 МКВ ГАЗРЫН 433 236 МКВ-ЫГ ИЙМ ХҮМҮҮС ХУВААЖ АВЧЭЭ
Газрын талаарх мэдээллийг хүргэе.
-"Суруга Монгол” ХХК нь 2006 онд 900 000 мкв газартай байсан.
-Нийслэлийн Засаг даргын 2016.4.16-ны А/281 тоот захирамжаар "Моннис интернейшнл” ХХК-д 5851 мкв газрыг олгосон. "Моннис интернейшнл” ХХК-ийн 95хувийг Б.Чулуунбаатар, 5 хувийг Б.Чулуунзориг эзэмшдэг.
 -Нийслэлийн Засаг даргын  2017.10.5-ны А/743 тоот захирамжаар Ц.Чинбаярын 100 хувь эзэмшдэг "Суруга инвестмент” ХХК-д 3616 мкв газрыг олгосон.
-2017.10.12-нд "Монгол корпорейшн” ХХК нь 230 000 мкв газрыг авсан. Энэ компанийн 90 хувийг "Эм Жэй Ти” ХХК /5300088/, 10 хувийг Сингапурын "Прайветпроперти азиан”ХХК эзэмшдэг байв. Харин "Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг.
-Нийслэлийн Засаг даргын  2017.10.17-ны А/771 тоот захирамжаар 20 000 мкв газрыг "Суруга пропертиз” ХХК-д олгосон.
-Нийслэлийн Засаг даргын  мөн өдрийн захирамжаар 20 000 мкв газрыг "Суруга партнерс” ХХК-д олгосон.
-Мөн өдрийн захирамжаар "Нью даун таун” ХХК-д 100 000 мкв газрыг олгосон. Тус компанийг М.Ганболд, Б.Билэгсайхан, Ц.Чинбаяр, Ц.Уугангэрэл, Б.Энхчулуун, М.Бат-Амгалан, Н.Эрдэнэ нар эзэмшдэг.
-Нийслэлийн Засаг даргын  2018.11.6-ны А/616 захирамжаар 24062 мкв газрыг "Суруга моторс” ХХК-д олгосон.
-Нийслэлийн Засаг даргын  А/1176 захирамжаар  2018.12.7-нд "Таван богд тайер” ХХК-д 29 977 мкв газрыг олгосон.
Эдгээр захирамжаар 433 236 мкв газрыг шилжүүлж, "Суруга Монгол” ХХК-д 466 764 мкв талбай үлдсэн байна.
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top