|

ОХУ руу зорчих иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, баталгаажуулсан хуудас авсан байна

nomun 2021/10/04 174 0
 

ОХУ руу зорчих иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, баталгаажуулсан хуудас авсан байна

 

"МИАТ” ТӨХК энэ сарын 12-нд Москвагийн Шереметьево Олон улсын нисэх буудал руу тусгай нислэг үйлдэнэ. ОХУ хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд ОХУ-д бууж байгаа цагаас 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна.
Шинжилгээний "Сөрөг” гарсан хариуг шинжилгээ хийлгэсэн эмнэлгийн албан бланк дээр Англи хэл дээр бичүүлсэн байх бөгөөд энэ нь тухайн иргэний гадаад пасспортын мэдээлэл болон эмнэлгийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгаар баталгаажсан байна. Шинжилгээний хариу эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай. ГЭРЭГЭ системээс авсан хариуг хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг анхаарна уу.
ОХУ Монгол Улсаад сургалтын визтэй байх, хил нэвтрэх жагсаалтад /оюутны визтэй иргэд/ болон ОХУ-ын иргэд болон тус улсад оршин суух үнэмлэхтэй иргэдийг хил нэвтрүүлж байна.


ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын анхааралд
Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр, сургалтын виз олгох боломжтой болно.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой.


Түүнчлэн cons_ru@mongol.net цахим шуудангаар болон 326037 утсаар лавлах боломжтой. Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна.
Виз авсан оюутны нэр ОХУ-ын "Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн "Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж хилээр нэвтрэх эрхтэй болно.
Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байх юм. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.
Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө. Гэхдээ асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарахыг анхаарна уу.


Та бүхэн харьяалагдах сургуультайгаа холбоотой байж, ОХУ руу зорчих, сургуулийн дотуур байранд орох, танхимын сургалтад хамрагдах зэрэгтэй холбогдуулан сургуулийн захиргаанаас тавигдаж буй шаардлагыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгож байна.
Одоогийн байдлаар "МИАТ” компанийн аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгт, "Аэро Монголиа” компанийн аравдугаар сарын 8-н болон 22-ны өдрийн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгт тус тус тийзийн захиалга авахын зэрэгцээ хилийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ руу зорчих боломжтойг ГХЯ мэдэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top