Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 2021 оны арван нэгдүгээр сарын 8-наас арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн, судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож, "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэхээр нэгдэн чуулж байна.
Салбар хуралдааныг дараах дөрвөн сэдвийн хүрээнд дөрвөн өдрийн турш 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Салбар хуралдааны сэдэв
- 11 дүгээр сарын 08-нд I салбар хуралдаан "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”
- 11 дүгээр сарын 09-нд II салбар хуралдаан "Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”
- 11 дүгээр сарын 10-нд I салбар хуралдаан "Цөлжилт, газрын доройтол”
- 11 дүгээр сарын 11-нд IV салбар хуралдаан "Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь"
Монгол Улс сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Манай орны агаарын жилийн дундаж температур 2.4 градусаар дулаарч, өвлийн улирлын хур тунадас 20% орчим нэмэгдэж, зуны улирлын хур тунадас 7% орчим буурсны зэрэгцээ хур борооны шинж байдал өөрчлөгдсөн нь хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэйгээр эвдрэл үүсэхэд нөлөөлж байгаа юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. 2020 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Энэ нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд онцгой ач холбогдолтой тул бусад орнуудын анхаарал тавин ажиглаж байна.
"Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын уялдаа, нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахаар ойн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагууд, гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллийг чиглэлийн дагуу салбар хуралдаанд оролцуулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгана.
Монгол Улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.