|

Ерөнхий сайд, генсек хоёр хэлсэн амандаа хэзээ хүрэх вэ

zulaa 2022/01/10 195 0

Ерөнхий сайд, генсек хоёр хэлсэн амандаа хэзээ хүрэх вэ

 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёр XXX их хурлаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял зэм хүртсэн нөхдийг төрийн албанд ажиллуулахгүй гэж олонд тунхагласан. Гэтэл энэ нь эсрэгээрээ болж шүүхээс ял зэм хүртэж хуучнаар "Бүгд найрамдах”-аа уншуулсан нөхөр төрийн өмчит компанид дарга болоод зогсохгүй бүр бүтцэд байхгүй албан тушаалыг бий болгож хээв нэг томилгоо хийчхээд байж байна.

Тодруулбал, "Гашуун сухайт авто зам” компанид бий болсон асуудал. Тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.Цолмон жилийн эцэс болох гэж байна гүйцэтгэх захиралгүй бол болохгүй нь гэдэг шалтгаар дэд захирал асан Ж.Баянмөнхийг үүрэг гүйцэтгэгчээр /2021.12.17/ томилсон тухай бид өмнө нь хүргэсэн.

Гэтэл Ж.Баянмөнх ажлаа авсан даруйдаа өмнөх захирлын багтай хамтран ажиллахгүй гээд тодорхой хүмүүсийг халах мэдэгдэл өгсөн байдаг. Мөн Ж.Баянмөнхийг гүйцэтгэх захирлын хэмжээнд ажиллаж чадахгүй гэж үзсэн зарим ажилтан нь тохироод ажлаа өгчээ. Тэгтэл дөнгөж он гараад, ажлын анхны өдөр тус компанид өмнө нь байгаагүй Хүний нөөцийн ахлах, дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо бий болгож Ч.Мягмардулам гэгчийг уг албан тушаалд томилсон тушаал гаргаад байгаа юм.

Мэдээж чадварлаг менежер, захирал байсан бол Ж.Баянмөнхийг томилсонд дургүйцэх ажилтан, албан хаагч байхгүй. Харин харамсалтай нь, Ж.Баянмөнх нь ажлаа сайн хийх байтугай аймаг "толгойлж” байхдаа АТГ-аар эргэлдэж, "аав”-ынд ороод ирсэн "атаман”.

Тэрбээр 2012 онд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас авлига авсан хэрэгт холбогдож, энэ нь тогтоогдсон тул 5.1 жил хорих ялаар шийтгүүлж, давж заалдан 2.6 жил болгон бууруулж байсан.   

Энэ тухай МАН-ынхан байтугай монголчууд нийтээр мэднэ. Гэтэл ТУЗ-ийн дарга Ц.Цолмон нь хоёр дэд захирлынхаа нэгийг гүйцэтгэх захирлын суудалд залахдаа Ж.Баянмөнхийг томилчихсон нь эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Эрх баригч МАН-ынхан төр болоод төрийн өмчит компанид шигдчихсэн байгаа нь үнэн. Үнэхээр хуулийн дагуу ажил, албан тушаалаа хашиж байгаа бол хамаа  алга. Харамсалтай нь хууль бус томилгоо хийгдэж, МАН-ын удирдлагууд нь авлига, албан тушаалтнуудыг төрийн албанд ажиллуулахгүй гэсээр байтал "хурган” дарга нар нь эсрэгээр нь хэрэгжүүлээд байна. Ерөнхий сайд, генсек хоёр хэзээ хэлсэн амандаа хүрч, төрийн албыг цэвэрлэж, цэгцлэх юм бол оо.

https://erennews.mn/article/52146

Санал болгох

Сэтгэгдэл

top