|

Life@ ХААН Банк: Аз жаргалтайгаар ажиллах “жор”

zulaa 2022/06/24 148 0

Өглөө ажилдаа дуртай ирж, хамт олны халуун дулаан уур амьсгал дунд ажиллаж, ажлаа чин сэтгэлээсээ дурлаж хийдэг бол та хамгийн азтай, бас аз жаргалтай хүн юм. Аз жаргалтай амьдралын нууц юунд оршдогийг олж мэдэхээр Харвардын их сургуулийн эрдэмтэд 75 жилийн турш судалгаа хийж, үр дүнг нь одоогоос хэдхэн жилийн өмнө танилцуулж байв. Судалгааны үр дүнд “Сайхан амьдрал сайн харилцааны үндсэн дээр бий болдог” гэдгийг тэд олж тогтоожээ.
Хайртай дотны хүмүүс, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, нийгмийн аливаа хүрээлэл дунд хаана ч ялгаагүй хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Өөрөөр хэлбэл эерэг, халуун дулаан уур амьсгал хаана байна, тэнд аз жаргал оршдог байх нь. Аз жаргалтайгаар ажлаа хийдэг хүмүүс тэгвэл хэр олон бэ? Жор нь чухам юу вэ?
Эдгээр асуултын хариултыг хайж, Монголын хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогчдын нэг, ХААН Банкийг энэ удаа онцолж байна. Хүндээ ээлтэй ажил олгогчийг тодруулах “Good workplace awards 2022” –оос тус банк саяхан “Эрүүл мэндийг дэмжигч шилдэг ажил олгогч байгууллага”-аар шалгарсан билээ.
СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Ажлыг жаргалтай хийх “жор” харилцаанаас шууд хамааралтайг дээрх судалгаа нотолсон. Тэгвэл тухайн хүний сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд ямар байх нь бусадтай харилцах харилцаа эерэг байх эсэхтэй мэдээж холбоотой. Ажилтныхаа ар гэрт нь тулгарсан аливаа асуудал, бусадтай таарамжтай байгаа эсэх, биеийн болон сэтгэл зүйн таагүй байдал зэргийг удирдлага, хамт олны зүгээс үргэлж анхаарч, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь чухал юм.
ХААН Банкны хувьд ажилтнуудынхаа эрүүл мэнд, ялангуяа сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажилладаг аж. Үүний тод жишээ нь сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт  явуулдаг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авах боломжийг нийт ажилтнууддаа бүрдүүлж өгчээ.
2021 оноос эхлэн сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт ажилтнуудад тэгш хүртээмжтэй хүргэхээр зорьж ажиллаж буйгаас гадна тусгай хөтөлбөрийн дагуу 390 гаруй ажилтан ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Түүнээс гадна сэтгэл зүйчтэй хамтран гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн арга барилын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалтуудыг ажилтны гэр бүлийн гишүүдийнх нь хамт хийж буй ажээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА
6500 гаруй ажилтныг хүнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд ажиллах бүхий л нөхцөл боломжийг ханган ажилладаг ХААН Банк 2012 оноос эмч ажиллуулж ирсэн төдийгүй ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн үзлэг, багц шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаар тогтмол хамруулж иржээ. Байгууллагын эмч жилдээ 1000 гаруй ажилтанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг биечлэн үзүүлж, ажилтнуудад шаардлагатай зөвлөгөө мэдээллийг цаг алдалгүй өгч ажилладаг байна. Ялангуяа Ковидын нөхцөл байдал эрчимжсэн сүүлийн 2 жилийн хугацаанд ажилтнуудаа эрүүл аюулгүй орчинд ажиллуулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд Ковидын хатуу хөл хорионы үед ажилтнуудаа аль болох гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, эрсдэлээс бүрэн хамгаалж ажилласан байна.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор банкны эмч, тусгай томилогдсон баг  давхардсан тоогоор нийт 5600 гаруй ажилтнаас 11,634 түргэвчилсэн шинжилгээ авч, ажлын байран дээрх эрт илрүүлгийн арга хэмжээг авч ажилласнаас гадна нийт ажилтнуудад сар бүр дархлаа дэмжих багц, халдвараас хамгаалах хэрэгслүүд тогтмол олгож ирсэн билээ. Банкны зүгээс зөвхөн 2021 онд Ковидоос урьдчилан сэргийлэх, ажилтнуудынхаа эрүүл мэнд, халдвар хамгааллын ажилд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ.  
АЖИЛТНЫ ДУУ ХООЛОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТАД НӨЛӨӨЛДӨГ
Ажилдаа сэтгэл ханамжтай байхын тулд ажилтан өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх боломж ХААН Банканд нээлттэй. Тус банк жил бүр хөндлөнгийн байгууллагаар ажилтнуудаасаа “Ажилтны сэтгэл ханамжийн судалгаа” авдаг бөгөөд ажил болон ажлын орчин, эрүүл мэнд, цалин хангамж, хүндээ ээлтэй ямар шинэ санаачилга шийдэл нэвтрүүлэх зэрэг ажилтнууд бүх талаар санаа бодлоо илэрхийлдэг байна.
Энэхүү судалгааны үр дүн, ажилтны дуу хоолой, гаргасан санал санааачилга дээр үндэслэн  үйл ажиллагаа, бодлогын өөрчлөлт, сайжруулалтыг тасралтгүй хийж ажилласны үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд ажилтны сэтгэл ханамжийн түвшинг 3 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ бол ажилтан төвтэй, орчин цагийн байгууллагын хувьд хамгийн онцолж болох сайхан жишээ билээ.
ЗАН ТӨЛӨВИЙН ХАНДЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ
Орчин үед хүний нөөцийн менежерүүд техникийн буюу мэргэжлийн ур чадварыг сургаж, хөгжүүлж болно, харин эерэг зан төлөв, хандлагыг хүнд суулгаж, төлөвшүүлэх амаргүй гэж үзэх болсон. Иймд ажилтан сонгохдоо хувь хүний харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж ач холбогдол өгдөг болсон байна. ХААН Банканд ажил горилогчдод тавигдах шаардлагын хувьд зан төлөв хамгийн чухал үзүүлэлт нь юм.
Тухайлбал, теллер буюу борлуулалт үйлчилгээний ажилтан сонгохдоо тус банк заавал банк санхүүгийн мэргэжилтэй байх шалгуурыг чухалчилдаггүй. Харилцагчид үйлчилгээ үзүүлэхээс цааргалдаггүй, бусдад тусалчихъя, ойлгуулчихъя гэсэн чин сэтгэлтэй, үнэнч шударга залуусыг авахыг зорьдог аж. Мөн тухайн хүний үйлчилгээний суурь ойлголт, харилцааны соёл, эерэг хандлага, идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, цаашид өсөж дэвжих потенциал боломж байгаа эсэхийг олж харахыг хичээдэг байна.
ХААН Банканд ажилтан бүр хэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой “Амжилтын зан төлөв” буюу зан төлөвийн загвар шаардлагууд байдаг аж. Эдгээрийг дурдвал, мэргэжлийн ёс зүйтэй,  харилцаа хамтын ажиллагаа сайтай, харилцагчийн үйлчилгээг эрхэмлэдэг, идэвх оролцоотой, хөгжил дэвшилд тэмүүлсэн, дижитал зан төлөв, хандлага чадвартай байх гэсэн зургаан зан төлөв бий. Зан төлөвийн шаардлагуудыг бүрэн хангасан залуусын өмнө тус банкны хаалга нээлттэй байх нь.  
Эрүүл, аюулгүй, аз жаргалтай ажиллах бүхий л боломжийг байгууллагын зүгээс ийнхүү бүрдүүлж өгсөн байхад ажилтнууд сэтгэл амар, өглөө ажилдаа яарч, инээмсэглэж ирдэг байх нь гарцаагүй билээ. Аз жаргалтай ажиллах “жор”-ыг судлахаар ХААН Банкнаас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top