|

ОРХОН: Хөдөлмөр эрхэлж буй 56 мянган иргэний 47.3 хувь нь эмэгтэйчүүд байна

nomun 2023/03/07 258 0


Орхон аймаг 105 мянган хүн амтайгаас 53.6 хувь нь эмэгтэйчүүд юм. Хөдөлмөр эрхэлж буй 56 мянган иргэний 47.3 хувь нь, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.8 хувь нь, хөгжлийн бэрхшээлтэй 2014 иргэний 43 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн өрх толгойлсон 2743, хүүхдээ гэртээ асарч байгаа 6219 эмэгтэй байна. Хүн амын дийлэнх нь охид, эмэгтэйчүүд тул тэдэнд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг аймгийн ЗДТГ-аас 2021 онд баталсан. Хөтөлбөрт, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, ажлын байраар хангахад  чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Орхон аймагт охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр “Шүүдэр” охидын төв, “Сороптимист-Эрдэнэт” олон улсын байгууллагын салбар ажилладаг.
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар, аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” чуулганыг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов. Тэд чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрх, нийгэм дэх оролцоог хангах асуудлыг хөндөж ярилаа.
Цаашид эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагааг сар бүр тогтмол зохион байгуулж мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн мэдлэг олгоход анхаарах ажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top