Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өнгөрсөн даваа гаригт болсон. Комиссын хуралдаан болон Өршөөлийн хуулийн эргэн тойрон дахь асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрээр тус комиссын гишүүн юм.
-Өршөөлийн хуулир хэдэн хүн өршөөгдөхөөр байна вэ. Энэ талаар олон янзын тоог эх сурвалжууд хэлж байгаа. Комиссын зүгээс албан ёсны тоо гарсан уу?
-Комиссын хуралдаанаар Өршөөлийн хуульд хамрагдах хүмүүсийн тоог нарийвчлан гаргах дэд комиссыг байгуулсан.
Дэд комисст шүүх, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан оролцож, хамтдаа гаргана. Одоогийн байдлаар эцсийн тоо гараагүй байна.
-Комиссын хуралдаанаар өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гарсан. Энэ зардалд хэр хэмжээний мөнгийг гаргахаар байна?
-Хоригдож байгаа хүмүүс дунд хам хэрэгтэй гээд хоёр өөр газар хоригддог. Эсвэл тухайн шүүхийнхээ шийдвэрээр хорих газрыг нь зааж өгч хориулсан байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид төвлөрсөн зэрэг байдлаас болж хоригдож байгаа хүмүүсийг гэрт нь хүргэж өгөх нэлээд хэмжээний зардаг гардаг юм билээ. Гэхдээ өршөөгдсөн хүмүүсийг зүгээр нийтийн тээвэрт суулгаад явуулж болдоггүй. Заавал Тахарын албанаас тусгай хуягжуулсан унаа гаргаж хүргэх гэх мэт зардлууд гарна. Тэгэхээр гэрээсээ хол газарт байгаа хүмүүсийг гэрт нь хүргэх, мөн аймгуудад ажиллах салбар комиссын ажлыг санхүүжүүлэх, салбар комиссынхны үйл ажиллагаа болон томилолтыг зохицуулах зардал бий. Үүнд одоогийн байдлаар нийтдээ 180 орчим сая төгрөг гарна гэсэн төсөв хэлэлцсэн. Ингээд Засгийн газрын хуралдаанд оруулах тогтоолыг комисс шийдвэрлэсэн.
-Нөгөө талаас өршөөлд хамрагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх бэлтгэлийг хангах ажлыг ч танай комисс хариуцаж байгаа. Энэ талаар комиссын хуралдаанаар ярилцсан уу?
-Комиссын хуралдаан дээр яг энэ асуудлаар ярилцах байсан. Өөрөөр хэлбэл, нийгэмшүүлэх ажлыг хариуцуулахаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг комисст оруулсан байсан. Гэвч Ц.Энхцэнгэл дарга комиссын хуралд ирээгүйгээс болоод нийгэмшүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах асуудлыг ярилцаж чадаагүй. Өршөөлөөр суллагдах хүмүүсийн дийлэнх нь Улаанбаатар хотод байгаа тул эргээд эндээ амьдарч, ажил хийх буюу ажлын байр шаардлагатай болно. Тиймээс Улаанбаатар хотын нийгмийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч нь энэ талаар гол саналаа комиссын хуралд гаргах ёстой. Гол саналаа хэлэх чухал хүн нь байгаагүй учир дараа хэлэлцэхээр хойшлуулаад байгаа. Энэ асуудлыг хэлэлцэхийн тулд Ц.Энхцэнгэл даргыг комиссынхоо хуралд оролцохыг шаардсан албан бичгийг комиссын дарга Д.Ганбат хүргүүлэхээр болсон.
-Гэхдээ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл комиссын бүрэлдэхүүнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байсан?
-Хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэйгээр тэр албан тушаал дээр очсон байгаа шүү дээ. Тэгэхээр Ц.Энхцэнгэл гэдэг хувь хүнийг хуульч байсан уу, эсвэл инженер хүн байсан уу, гэдгийг бид мэдэж УИХ-ын шийдвэр гарахгүй. УИХ-ын шийдвэр бол Улаанбаатар хотод тохиолдох нийгмийн асуудал дээр тодорхой шийдэл гаргахад цаг алдахгүй асуудлыг оруулах, мэдээлэл болоод эрх мэдэлтэй тийм хүнийг гол үндэс болгож комисст томилсон байгаа. Үнэнийг хэлэхэд Ц.Энхцэнгэл хувь хүний хувьд Өршөөлийн хуультай дотроо зөрчилтэй байж болно. Гэхдээ нийгмийн асуудал шийдэж байгаа төрийн албан хаагчийн хувьд үүнтэй зөрчилдөх зүйл байхгүй. Суллагдаж гарах хүмүүст тулгарах нийгмийн асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг чухал саналыг гаргах хүн гэж үзэж байгаа. Тиймээс идэвхтэй ажиллуулах үүднээс комиссынхоо үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохыг шаардсан бичиг явуулсан гэж ойлгож болно.
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдэнд ч бас шаардлага хүргүүлсэн үү?
-УИХ-ын гишүүдийн төлөөлөл байгаа учраас УИХ төлөөлөлтэй гэж үзэж байгаа. Харин Нийслэлийн төлөөлөл гэдэг утгаараа Ц.Энхцэнгэл даргын үүрэг арай өөр юм. УИХ-ын хийх боломжгүй ажлыг даалгах учраас ЦЭнхцэнгэлийн тухай комиссын хуралдааны үеэр ярилцсан.
-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчилсэн хориг тавилаа. Та Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, хүний эрхийн зөвлөх байсан хүний хувьд ямар байр сууринаас хандаж байгаа бол?
-Хоригийг харж, танилцаагүй байна. УИХ дээр албан ёсоор танилцуулахаар, тэр үед нь байр сууриа илэрхийлэх болно.
-Тодруулбал хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, хууль бусаар хөрөнгөжих зэрэг хэд хэдэн заалтад хориг тавиад байгаа шүү дээ?
-Эмэгтэй гишүүний хувьд энэ албан тушаалын хэрэг дээр Ерөнхийлөгчөөс арай өөр байр суурьтай байгаа. Учир нь албан тушаалын хэрэг гээд яг ял аваад явдаг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэр тусмаа нягтлан бодогч нар байдаг. Одоо албан тушаалын хэргээр хоригдож байгаа хүмүүс дунд 17 эмэгтэй бий. Тэд бүгд нягтлан бодогч нар. Мөн ямар нэг хохиролгүй, анхнаасаа шүүхийн шийдвэр нь ч ямар ч хохирол төл гэж гараагүй. Хэрэв хохиролтой байсан бол өөрсдөө ч аль хэдийнэ төлөх байсан есөн хүн байна. Мөн хохирлоо бүрэн төлсөн гурав, дөрвөн хүн байдаг. Ер нь ийм байдалтай жагсаалт гардаг юм билээ. Ерөнхийлөгчид АТГ ч юм уу, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь арай сүржигнэсэн мэдээлэл өгсөн юм болов уу гэж бодож байгаа. Бодит байдал дээр комисст нь орж ажиллаад, хоригдож байгаа хүмүүсийн жагсаалтыг аваад үзэхэд жирийн ардууд нэлээд их байна гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр хэтэрхий улс төрийн сүржин байдалд үүнийг битгий их дэвэргээсэй. Ховор олддог энэ өршөөлд олон эмэгтэйг хамруулах юмсан гэдэг үүднээс хувьдаа Өршөөлийн хуулийг хэрэгжүүлчих юмсан гэж бодож байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин