|

ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв”-өө Увс аймагт нээлээ

khulan 2024/03/25 563 0
Эдийн засгийн хурдасгуур болсон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох зорилгоор ХААН Банк орон даяар “Бизнес төв”-үүдээ нээхээр төлөвлөж, энэ хүрээнд өнөөдөр Увс аймагт шинэ салбараа ашиглалтад орууллаа.
Тус нээлтийн үеэр ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх “ХААН Банк Жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны цогц үйлчилгээ үзүүлэх, бүх талын дэмжлэг туслалцаа, сургалт зөвлөгөө санал болгох “Бизнес төв”-өө Увс аймагт нээж байна. Энэ төвөөрөө дамжуулан харилцагчдадаа бид зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болох, чадавхжуулах зорилгоор санхүүгийн бус үйлчилгээ буюу Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээний сургалт хөтөлбөрүүдэд биечлэн болон цахимаар хамруулж дэмжлэг болох юм. Энэхүү “Бизнес төв”-үүдээ Улаанбаатарт байдагтай яг ижил стандартын дагуу байгуулж, үйлчилгээний хүртээмжээ улам нэмэгдүүлэхээр зорьж байна” гэсэн юм.
Бизнес төвийн нээлтэд Увс аймгийн удирдлагууд, тус аймаг дахь Монголбанкны болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр ХААН Банкнаас бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариуллаа. Ташрамд дурдахад, Увс аймгийн хэмжээнд 500 га талбайд 180 гаруй мянган тонн чацаргана тариалдаг нь Монгол орны нийт чацарганы хэрэгцээний 60 хувийг бүрдүүлдэг байна. Дотоодын брэндээ дэлхийд танигдах хэмжээнд өнгөлөн, ургуулж буй Увс аймаг мал аж ахуй, газар тариалан, бөөний болон жижиглэн худалдаа, цагаан ултай гутал, хүнсний үйлдвэрлэл, чацаргана боловсруулах зэрэг аж ахуйн олон салбараар эдийн засгаа тэлсээр байна. Эрхэм бизнес эрхлэгч та Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Улаангом сумын 5-р баг, Рашаант гудамж 108 тоот ХААН Банкны салбарын байрны 2-р давхарт байрлах “Бизнес төв”-өөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй. Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесүүдэд хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх зорилгын хүрээнд ХААН Банк ийнхүү орон нутагт 3 дахь жишиг төвөө байгууллаа. ХААН Банкны жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” Улаанбаатар хотод 11 байршилд үйлчилгээ үзүүлж байгаа бол шинэ оны өмнөхөн орон нутгаас анхлан Дархан- Уул, Орхон аймагт тус тус үүдээ нээсэн юм.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл

top