Нэхэмжлэгч: Миний бие нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Энхжин хотхоны ... тоотод амьдардаг. 2022 оны 01 сарын 05-ны өдөр Г.Н нь өш хонзонгийн сэдэлтээр хаалгыг сэвтээж гэмтээсэн. Г.Н-ын энэхүү үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2022 оны 04 сарын 24-ний өдөр шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1-д зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Өнөөдрийг хүртэл манай гэрийн хаалга сэвтэж гэмтсэн байдалтай байна. Иймд Г.Н-ын буруутай үйлдлийн улмаас манай гэрийн бүргэд хаалганд зураас үүсгэж, хохирол учирсан тул хаалганы үнэ 850,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Хаалганы үнийг 100 айл дээр зарж байгаа зах зээлийн үнээр шаардаж байгаа бөгөөд шүүх шинжээч томилох хүсэлтийг маань хангаагүй гэв.
Хариуцагч: Би Зайсан, Энхжин хотхоны СӨХ-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Б.Н нь манай байрны ... тоот оршин суудаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу СӨХ-ны төлбөрөө төлдөггүй. Байцаагч очоод төлбөрөө нэхэхээр айлгах, дарамтлах үйлдэл гаргадаг. Тиймээс байцаагч нэхэмжлэлээ хаалган дээр нь наагаад явсан. Гэтэл хувь хүний өмчид халдлаа гэх нэрийдлээр манай байгууллагыг цагдаад өгч торгуулийн арга хэмжээ авхуулсан. Шийтгэврийн хуудсаар арга хэмжээ авхуулсан гэдгээр хаалга эвдсэн гэж үзэхгүй. Бас СӨХ-ны төлбөрөө төл гэж бичсэн мэдэгдэл нь үнэ бичдэг жижиг наалт байдаг бөгөөд наалт наасан төдийд бүтэн хаалга төлүүлэх гэж байгаа шунахай, өс хонзонгийн сэдлээр хандаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч гэрийн хаалган дээр цавуутай хуулга нааж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээлэл бусад материалд авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон гэжээ. Дээрх баримтаас дүгнэхэд хариуцагч Г.Н нь бусдын хаалганд цавуутай цаас наасан үйлдэлдээ Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан үйл баримт тогтоогдож байгаа боловч цавуутай цаас наасны улмаас зураас үүсгэж, сэвтээж гэмтээсэн гэж тайлбарлаж, дээрх гэмтэлтэй холбоотой хаалганы үнэ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлээс болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Н-д холбогдох, гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Давж заалдах шатны шүүхэд хандсан боловч Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Ikon.mn