|

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян – 2024” Сүхбаатар аймагт үргэлжилж байна

khulan 2024/08/01 113 0
Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” 8 дахь жилдээ Монгол орны зүүн аймгуудад хэрэгжиж буй. Энэ удаагийн аян өнгөрсөн 7-р сарын 29-нд Дорнод аймгийн Чойбалсан хотоос эхэлсэн бөгөөд 8-р сарын 1-2-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амжилттай үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн хувьд цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл сүүлийн жилүүдэд хурдтай өсөн нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болжээ. Халдварт бус өвчнүүд, ялангуяа зүрх судасны тогтолцооны өвчин 1995 оноос хойш нас баралтын зонхилох шалтгаан болсон тул энэхүү аян нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Аяны хүрээнд иргэдийн зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох сургалтууд зохион байгуулж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд үзлэг оношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.
Аяныг ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ 8 жилийн хугацаанд 18 аймгийн 45,876 хүнд үзлэг оношилгоо хийж, 1500 эмчийг сургалтад хамруулж, олон мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан амжилттай ажиллажээ. Аяны дараагийн өртөө Хэнтий болон Говьсүмбэр аймгууд байх ба иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энэхүү үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top