|

ИРАНЫ ЗӨН БИЛЭГЧ МОХСЕН НОРУЗИ: ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ҮГ ҮЙЛДЛЭЭ ХЯНАН, ӨӨРТӨӨ ХЭЗЭЭ Ч ХҮСЭХГҮЙ ТИЙМ ХОРОН МУУ ЗҮЙЛИЙГ БУСДАД Ч ХИЙХГҮЙ БАЙХЫГ ХҮМҮҮСТ АНХААРУУЛМААР БАЙНА

tonshuul 2015/08/29 4573 0

ИРАНЫ ЗӨН БИЛЭГЧ МОХСЕН НОРУЗИ: ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ҮГ ҮЙЛДЛЭЭ ХЯНАН, ӨӨРТӨӨ ХЭЗЭЭ Ч ХҮСЭХГҮЙ ТИЙМ ХОРОН МУУ ЗҮЙЛИЙГ БУСДАД Ч ХИЙХГҮЙ БАЙХЫГ ХҮМҮҮСТ АНХААРУУЛМААР БАЙНА

 



Иранаас ирж оролцсон Мохсен Норузи "Зөн билгийн тулааны" арав дахь удаагийн тулааны ялагч болсон юм. Тулааны эхнээс нь дуустал түүний далдыг харах гайхалтай авьяасыг телевиз үзэгчид бүхлээрээ гайхан бахархаж байлаа. Мохсен оросоор ярьдаггүй тул нэвтрүүлгийн турш түүнийг орчуулагч нь дагалдсан юм. Гэсэн хэдий ч энэ байдал нь түүнд энэ ер бусын тулааны ялагч болоход нь саад болсонгүй. Мохсен цаг үргэлж бусдын зовлонг мэдрэх болон санаа бодлыг нь унших байгалаас заяасан гайхалтай авьяастайгаа харуулж чадсан уу? Энэ тухай түүний товч намтраас өгүүлье.

Мохсен Норузи Ираны өмнөд нутагт тавин жилийн тэртээ төржээ. Түүний ядуу гэр бүлд хэн ч хэзээ ч ер бусын авьяастай байгаагүй бөгөөд хүүд ч өөрт нь ямар нэг сонин мэдрэмж байсангүй. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ер бусын гайхалтай зүйлүүд тохиолдох болжээ. Нэг удаа үе тэнгийнхэнтэйгээ кино үзэхээр явах гэтэл мөнгөгүй тул Дээд тэнгэрээс анх удаа билет авах 20 томан буюу ойролцоогоор таван доллар гуйжээ. Гуйж залбирч дуусаад нүдээ нээгээд харахад нь мөрөөдөл болсон тэр мөнгө нь яг өмнө нь хэвтэж байлаа. Энэ бол түүнийг 13 настайд болсон явдал. Гэсэн хэдий ч хүүхэд байхад нь тохиолдсон цорын ганц явдал биш байлаа. Энэ гайхалтай явдлаас хоёр жилийн дараа сургуулийн захирал нь далайгаар хийх аялал зохион байгуулж, тэр аялалдаа зөвхөн хичээл сурлагаараа хамгийн шилдэг хүүхдүүд оролцуулахаар шийдсэн нь Мохсенд том цохилт болжээ. Хүү яагаад ч тэр аялалд явахааргүй байв. Мохсен далай үзэхийг юу юунаас илүү хүсэж байлаа. Гэтэл захирал бүх багш нарт түүнийг хамт авч явах саналтай байна гэж хэллээ. Айхтар хатуу, зарчимч захирлыг юу ийм шийдвэр гаргахад хүргэсэн нь ойлгомжгүй байсан хэдий ч Мохсен тэр аялалын оролцогч болж чаджээ.

Мөн цэргийн алба хааж байхад нь ч гайхалтай ер бусын гэх явдлууд тохиолдсоор байлаа. Түүнийг цэрэгт татагдсанаас дөрвөн сарын дараа Иран-Иракийн дайн эхэлжээ. Мохсен бусад 11 цэргийн хамт байсан газарт пуужин дэлбэрч байгааг "харсан " тул тэрээр өөрийнхөө нөхдийг тэр газраас холдуулж чаджээ. Гэтэл хэдхэн хормын дараа тэр газар хүчтэй дэлбэрэлтэнд өртжээ. Мөн цэрэгт байхдаа ээжийгээ нас барж байгаагаар зүүдэлжээ. Гэтэл түүнийг цэргээс ирсний маргааш нь ээж нь гэрийн ажлаа хийж байгаад түр амрахаар хэвтээд мөнх нойрссон байсан гэнэ.
13 настайдаа Мохсен даяанчлах болж, уулын агуйн бүдэгхэн гэрэлд мөргөл үйлдэн залбирах болжээ. Түүний байсан тэр газар доорх хонгил агуй гүн харанхуй байсан болохоор тэрээр одоо ч харанхуйд аливааг амархан хардаг болсон нь ийм учиртай. Даяанчилж хэсэг хугацааг өнгөрүүлснийхээ дараа өөрийн авьяас чадвараа ашиглан хүмүүст туслахаар шийджээ. Тэрээр Орос орныг зорин "Зөн билгийн тулаанд” оролцон хүчээ сорихоор ирсэн. Арав дахь удаагийн тулааны турш Мохсен хамгийн тод, хамгийн гайхалтай онцгой оролцогч нь байж чадсан болохоор түүний ялагч болсон нь хэн ч гайхахаар зүйл байсангүй. Мохсен одоо хүртэл Оросд байж, хүмүүсд тусласаар л байна. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Мохсен та анагааж эдгээх увидастай, зөн билгийн авьяастайнхаа зэрэгцээ гайхалтай үнэн зөв хэлдэг зурхайч гэдгээрээ алдартай. Ямар нэг төвөг бэрхшээлгүйгээр хүмүүсийн ирээдүйг харж чаддаг танд зурхай хэрэгтэй гэж үү?
-Хүмүүс бүгд л ирээдүйг урьдчилан харах, зурхайн бичиглэл зохиоход л зурхайн ухаан хэрэгтэй мэт ойлгодог. Гэтэл зурхай бол хүмүүсийн сэтгэлийн мөн чанарыг нээн харуулах чадвартай уламжлалт биш ч өвөрмөц нэгэн гүн ухаан. Од эрхэс хүмүүсийн зан төлөвт хэрхэн яаж нөлөөлж буйг ойлгож мэдэхийн цагт бидний ертөнцийг үзэх үзлийн нууцад нэвтрэн орно. Бид бүгдээрээ сансар огторгуйн бүтээл болохоор миний үзэж байгаагаар бол хүн бүрд зурхайн мэдлэг ухаан хэрэгтэй. Би хэдийгээр хэсэгхэн хүмүүсийн эсвэл нийгмийн аль нэг давхаргын ирээдүйг харж болох ч авьяас чадвар минь олон асуултын хариуг надад одоогоор өгч чадахгүй байгаа.Хүмүүсийн аливаа асуудлын жинхэнэ учир шалтгааныг нь олохын тулд биднийг хүрээлэн оршиж амьдрал ахуйд маань нөлөөлж байгаа энергийн урсгалын бүтэц схемийг тодорхойлох хэрэгтэй. Гэтэл зурхай гагцхүү надад энэхүү боломжийг өгч байгаа юм. Манай гариг дэлхийн хаана нь ямар од эрхэс байрлаж байгааг, тэдгээр нь хүмүүст ялгаатайгаар хэрхэн яаж нөлөөлж буйг тодорхойлдог. Иймд би өөрт харагдах бүхнийг зурхайн баримтуудаар илүү тодорхой болгодог. Энэ бүгд надад юу болж байгаа болон болох тухай бүтэн дүр зураг өгдөг юм. Надад хандаж ирдэг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Хамгийн түгээмэл нь хайр сэтгэл, нөхөрт гарах сэдэв. Би нэлээд хэсэгт нь үнэ төлбөргүйгээр туслалцаа үзүүлэх хэрэгтэй болдог. Лаагаар, лааны тосоор мэргэлэх бол миний дуртай арга. Илэрхийлж буй утга нь бол миний нууц.

-Мохсен, та өнөөдөр Орос орон даяар нэр цуутай далдыг харагч, зөн билэгч гэдгээрээ алдартай болсон нэгэн. Таны энэхүү гайхалтай авьяас анх хэрхэн яаж илэрч гарсан тухай ярьж өгөөч?
-Би өөрөө өөртөө энэхүү хүмүүст туслан ирээдүйг нь харж хэлж өгөх авьяас чадвараа хөгжүүлсэн гэж үздэг. Миний амьдралд гайхалтай, ер бусын гэх олон тохиолдлууд байсан. Чухам тэр үед Бурхан өөрөө надад гар сунган тусалсан гэж санагддаг. Намайг бүр бага жаахан байхад хувь тавилан заяа минь зурагдчихсан байх. Аливааг урьдчилан харж таах чадвартайгаа би бүр хүүхэд байхын мэдэрдэг байсан ч ууланд гарч даяанчилж, бясалгал үйлдэн багагүй хугацааг өнгөрүүлснийхээ дараагаас жинхэнээсээ далдыг харж чадах болсон гэж үздэг. Ийм ч учраас Иран- Иракийн дайны үеэр өөрөө ойлгож тайлбарлаж чадахгүй олон тохиолдлууд болсоор байсан. Энэ дайны тухай сэдэв миний хувьд хамгийн их таагүй дурсамж тул цааш нь үргэлжлүүлэх хүсэлгүй байна. Зөвхөн өөрийнхөө далдыг харах авьяас чадварынхаа ачаар энэ дайнаас би амьд мэнд буцаж ирсэн. Дайн дууссаны дараа би гэртээ байнга мөргөж залбиран, байгальтайгаа харьцан бясалгаж, ахынхаа гэрийн газар доорх хонгилоос гурван жил цухуйгаагүй нь дайнд яваад үйлдсэн нүглээ наминчилсантай минь холбоотой. Магадгүй энэ цаг үеэс дээд хүчин надад далдыг харах авьяасыг минь илүү ихээр хайрласан байх гэж боддог. Дээд тэнгэрээс байнга ирэх мэдээллээс болоод заримдаа би зүүд, эсвэл үнэн бодитой болж байгаа хоёрыг хольж солих болсон ч энэ үеэ давж туулсан хойно одоо хэнд ч ирээдүйг нь хэлж өгч чадна.

-Янз бүрийн аргаар мэргэ төлөг хийх тухайд та хэрхэн яаж ханддаг вэ?
-Асар олон аргаар мэргэ төлөг хийж болдог. Жишээ нь: толиор, цаасаар гэх мэтчилэн мэргэлж болно. Гэсэн хэдий ч би тэр бүгдээс илүүд өөрийнхөө аргыг тавьдаг.

-Хараал хийлгэх гэж ирэх хүмүүс олон байдаг уу?
-Тиймээ, маш олон. Энэ бүхний үүсэл, учир шалтгааныг харах үед надад эвгүйцэх үе тун их байдаг. Хараал хийх, хүнийг ховсдох гэдэг энэ хорвоо дээр үргэлжид байх мөнхийн хар сохрын аюул. Хараал эрт орой хэзээ боловч өөрөө алга болдог гэсэн яриа байдаг нь оргүй хоосон зүйл. Эр хүний оюун санааг сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүний мөнхийн боол байхаар хийгдсэн айхтар хүчтэй хараал байдаг. Магадгүй тэр эрэгтэй өөртөө хараал хийсэн эмэгтэйг хайрлахгүй ч архи ууж, мансуурч, муу хүмүүстэй нөхөрлөх зэргээр тэр эмэгтэйн оролцоогүйгээр шууд утгаараа мөхнө гэсэн үг. Би ямар ч хараалыг зайлуулж чадах хэдий ч хүмүүс та нараас үргэлж өөрийнхөө үг, үйлдлээ хянан, өөртөө хэзээ ч хүсэхгүй тийм хорон муу зүйлийг бусдад ч хийхгүй байхыг л анхааруулан хэлэхийг хүсэж байна. Бараг хүн бүр л ийм үйл лай эдлэх муу зүйл хийгээгүй гэх боловч үнэн хэрэгтээ тийм биш байх нь олонтоо. Хараал гэдэг нь нэг төрлийн шийтгэл ч гэж хэлж болно. Эрэгтэй хүний тухайд бол хаяж орхисон эхнэр хүүхдийнхээ төлөө шийтгүүлж байгаагийн шинж. Хорвоо дээрх бүх зүйл хоорондоо харилцан холбоотой байдаг бөгөөд хараал ч мөн зүгээр нэг гараад ирдэггүй юм.

ТА ХЭН НЭГЭНД ГОМДООД ХОРОН МУУ САНАА ИЛГЭЭСЭН БОЛ ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛИЙН ҮРИЙГ ӨӨРТӨӨ Ч БАС НААЖ БАЙНА ГЭДГЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙ

-Мохсен, насаар нь ганцааранг нь явуулах шившлэгийн тухай та юу гэж боддог вэ?
-Хүнийг насаар нь ганцаараа явах хараал шившлэг хийнэ гэдэг хэн нэгний зовлонгийн шалтгаан болсон амиа боддог хэт бардам эмэгтэйгээс үүдэлтэй. Хэрвээ охины ээж залуудаа их нүгэл үйлдсэн бол үйлийг нь охин нь үүрч, хувийн амьдрал нь ер бүтэлгүйтэж азгүйтэх тохиолдол байдаг. Охин нь ухаантай, үзэсгэлэнтэй, ааш зан эелдэг хэдий ч дандаа л нэг бүтэлгүй эрчүүд таараад.

-Та ийм зүйлийг зайлуулдаг уу?
-Би тэр охины болон эцэг эхийн нь нүглийг өршөөн сайхан бат бөх гэр бүлтэй болох боломж олгооч гэж Бурханаас гуйж мөргөдөг. Охины эцэг эхээс ч мөн чин сэтгэлээсээ гуйж мөргөн нүглээ наминчлахыг шаарддаг. Насаар нь ганцаар явуулах хараал хийнэ гэдэг айхтар өвөрмөц асуудал. Тэр хараалыг ганц долоо хоногийн дотор засаж залруулж болох ч, зарим тохиолдолд бүтэн жил мөргөж гуйгаад ч аргагүйд хүрэх явдал бий. Хамгийн гол нь надад хандаж ирсэн хүний чин хүслээс шалтгаална.

-Ийм юм байдагт итгэдэггүй хүнд бол нөлөөлөхгүй юу?
-Яг үнэн. Эмээ, эсвэл ээжийнхээ шахалтаар ирэх нь элбэг. Харин өөрсдөө чин сэтгэлээсээ хүссэн шинжгүй байдаг. Ийм тохиолдолд би тус болж чадна гэж үү?

-Мохсен, та хараал зүхэл гэдгийн тухай яриа?
-Хараал гэдэг нь Дээрээс хүнд илгээж буй онцгой нэгэн үйлийн үр. Хэргийн гол нь хэн түүнийг илгээв гэдэгт биш, өнгөрсөн үедээ хийсэн асар том, ноцтой алдаа гэм буруугийнх нь төлөө тэнгэрийн эрх мэдлийн дагуу ноогдож буй шийтгэл гэж ойлгох хэрэгтэй. "Удам ургийн хэн нэгний үйлдсэн гэм буруугийн төлөө үр хүүхэд нь яагаад шийтгэгдэх ёстой гэж?” надаас байнга л асуудаг. Энэ хүүхэд ч урьд насандаа ямар нэг муу нүгэл үйлдсэн учир ийм гэр бүлд төржээ хэмээн тайлбарладаг юм. Хараал гэдэг нь тухайн хүнд болоод ураг төрөлд нь чиглүүлсэн хар тамга тэмдэг гэлтэй. Энэ хар үйлийн мөрөөр Харын хүч өөрийнхөө "золиосыг" олж санаа зорилготойгоор дайралтаа хийж эхэлдэг. Хүнд хараал илгээсэн хүн өөрөө ч хойд насанд нь түүнийг хүлээж буй шийтгэлээс гадна энэ амьдрах насандаа аймшигтайгаар зовж шаналан нөгөө ертөнцөд очдог.

-Та хүнээс хараалыг нь салгаж зайлуулж чаддаг уу?
-Хэрвээ хүн өөрөө ертөнцийг үзэх үзэлдээ эрс өөрчлөлт хийж, өөрөө ухамсартайгаар сайн сайхан тэсвэр тэвчээрт хүрэхийг зорьж хүсэж байвал би түүнд тус хүргэж чадна. Хэрвээ хүн өөрөө хүсэхгүй бол миний хүч ямар ч тус нэмэргүй. Хараалаас нэг мөр салахын тулд хүн өөрөө сэтгэл оюунаараа өөрчлөгдөн, ямар нэг буруу хазгай юм хийх тохиолдолд түүнийг шийтгэл хүлээж байгааг мэддэг.

-Та бусдын атаач нүдний хорны тухай юу хэлэх вэ?
-Над дээр ирж байгаа хоёр хүний нэг нь яг ийм учир шалтгаантай байдаг. Энэ нь маш түгээмэл тохиолддог сөрөг нөлөөлөл бөгөөд хэн ч энэ аюулд өртөж мэднэ. Атаархал гэдэг хэн нэгнийгээ нэлээд ноцтой гомдоосон тохиолдолд үүсдэг. Хэрвээ та хэн нэгэнд гомдоод тэр хүний зүг хорон муу санаа илгээсэн бол яг ижил төрлийн, ийм хэмжээний үйлийн үрийг өөртөө ч бас нааж байгаа гэдгийгээ мартаж болохгүй. Энэ бүгдийн үр дүнд таныг гомдоосон хүн атаа хорсолд зовон шаналж, харин та өөрөө хариу шийтгэлээ хүлээх хэрэгтэй болно. Иймд та өөрөө ч мөдхөн яг ийм зовлонд дайрагдана. Хэрвээ хүмүүс бие биедээ тээх сөрөг муу бүхнээс салж чадвал атаа хорсол, хараалын үйл лай гэж ер үгүй болох учиртай. Гэтэл харамсалтай нь хүмүүс ихэнхдээ гомдомтгой, сэтгэлдээ элдэв гомдлоо тээн хадгалж бусдыг уучилж өршөөх сэтгэлгүйгээс өөрсдөө ч энэлж шаналж явах юм.

-Ийм хар юмыг зайлуулах амар хялбар байдаг уу?
-Надад ч тийм хэцүү зүйл биш. Ихэнх хүмүүс нь аажимдаа энэ лайнаасаа өөрсдөө гарчихдаг ч зарим нэг нь энэ хар хэл амны гайгаар удтал өвддөг. Хувь заяа өөрөө биднийг гомдомтгой, бусдыг өршөөх чадваргүйг маань хараад шийтгээд ч байх шиг.

-Мохсен, та хүмүүсийг хараал жатгаас салгадаг уу?
-Энэ бол нэлээд түгээмэл асуудал. Хэрвээ хүнд хараал хүрсэн бол золгүй явдал гарцаагүй тохиолддог. Юу ч хийж эхэлсэн бүтэлгүйтээд байх жишээтэй. Юу болоод байгааг хүн ихэнхдээ өөрөө ойлгодоггүй. Хараал жатга гэдэг хүний өөрийн нь хувь заяаны нь төөрөг зурагтай холбоотой болохоор нэгэнт ийм төөрөгтэй хүн байвал аз жаргалтай амар тайван амьдрал гэж үгүй болно. Би ч нэг удаагийн оролдлогоор хараал хэл амнаас салгаж чадахгүй. Тухайн хүнтэй нэлээд хэдэн шатанд ажиллах шаардлага гарч ирдэг. Эхлээд учир шалтгааныг нь үгүй хийнэ. Дараа нь асуудлын уг үндсийг харна. Хамгийн эцсийн шатанд тухайн хараалыг өөрийг нь зайлуулж хөөдөг учиртай.

-Хараалыг хүн өөрөө хөөн зайлуулах боломжтой юу?
-Хараал жатга гэдэг их ноцтой зүйл учраас өөрөө бие даагаад хөөн зайлуулах боломжгүй. Хэрвээ хүн өөрөө ухамсартайгаар энэ хорвоогийн хамаг сайн сайхан бүхнээс татгалзан Бурхантай нэгдэх өөрийнхөө холбоог бэхжүүлэхээр шийдсэн бол огт өөр хэрэг болно. Гэвч ийм хүмүүс ганц нэгийг эс тооцвоос тун ховор. Хэрвээ танд өөрөө бие даан энэ байдлаас гарах боломж тохиосон бол та үүрд ийм аюулаас дархлаа тогтоон хамгаалагдана. Хүнд өөрт нь ийм программыг устгах нөөц бололцоо хангалттай бөгөөд тэндээс эргэж ирнэ гэдэг тун амаргүй хэрэг болно.

ХҮНИЙ ОЮУНЫ ХҮЧ ЧАДАЛ ХИЧНЭЭН ИХ БАЙХ ТУСАМ ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЗҮҮДЭНДЭЭ ОЛЖ АВЧ ЧАДНА

-Мохсен, зүүдний тайлалын тухай юу бодож явдаг тань бидэнд их сонин байна. Та энэ тухай бидэнтэй бодлоо хуваалцана уу?
-Зүүдний тайлал гэдэг нь өөр хэмжүүр лүү харах цонх гэж нэрлэж болох юм. Биднийг унтаж байх зуур ухамсар маань энергийн орон зайн бүх зүйл нь огт өөрөөр бүтээгдсэн илүү нарийн биет бус давхраа уруу нэвтрэн ордог. Энэ хэмжүүрт өнгөрсөн ирээдүй хоёр нэг бүхэл болохоос гадна ямар ч асуултын хариултыг эндээс олж авах боломжтой. Эрдэмтдийн хамаг гайхалтай бүтээлүүд унтаж байхад нь зүүдэнд нь төрж, харин дараа нь сэрээд санасан л төдий гэж би үздэг. Хүний оюуны хүч чадал хичнээн их байх тусам тийм их хэмжээний мэдээллийг зүүдэндээ олж авч чадна. Зүүдний тайлал гэдэг нь зүүдээ бүдэг төдий санаж байгаа хүмүүст зүүдээ тайлж ойлгоход нь зориулагдсан зүйл юм. Хэрвээ хүмүүсийн ухамсар болор шиг тунгалаг байсан бол зүүд бүхэл бүтэн шашин, эсвэл оюуны сургаал болон хувирах байсан. Зүүднийхээ санаж үлдсэн хэсгүүд бидний хувь заяаны нууцыг тайлах, магадгүй хувь заяандаа өөрчлөлт хийх түлхүүр болдог.

-Ямар зүүдний тайлал хэрэглэхэд хамгийн сайн нь гэж та зөвлөх вэ?
-Таны аливааг мэдэрч чадах чадвараас шалтгаалан ямар ч байж болно. Хэрвээ таны оюун ухаан шинжлэх ухааны тал уруу нь илүү татагдаж байвал сэтгэл судлалтай холбоотойг нь, хэрвээ сүсэг бишрэлтэй бол аль нэг шашны чиг хандлагатайг нь сонгох нь зүйтэй. Гэтэл та ямар нэг зүйлийг тухайлан сонирхдоггүй бол ард олны дунд хамгийн өргөн хэрэглэгдэж байгааг нь нээгээд хараарай.

ХАРААЛ ШИВШЛЭГ ХИЙСЭН ХҮНД БАЙГАЛЬ ЕРТӨНЦ, БУРХАН ӨӨРИЙНХ НЬ БУРУУТАЙГ АМСУУЛЖ МЭДРҮҮЛДЭГ

-Та тэгвэл мөргөл залбиралын тухайд юу хэлэх вэ?
-Би хүмүүсийг эмчлэх арга ажиллагаандаа ч мөргөл залбиралыг ашигладаг. Мөргөл залбирал бол хүмүүст туслах хамгийн их хүчирхэг, хамгийн үр дүнтэй хэрэгсэл. Миний мөргөл залбирал агуу их хүчтэй. Ийм ч учраас би хүмүүсд туслаж эмчилж эдгээж чаддаг. Би их урт удаан хугацааг харанхуйд бясалгаж өнгөрүүлсэн бөгөөд мөргөлийн хүч, үйлчлэлийг сайн мэддэг болсон. Энэ хорвоо ертөнцийн аливаа муу нүгэлт бүхнээс тусгаарлагдсан хүний мөргөлийн хүч жинхэнээсээ хүчирхэг байдаг. Жишээ нь ариун шүтээн болсон хүмүүсийн мөргөлийн хүч онцгой хүчирхэг.

-Та Коран судараас уншдаг уу, эсвэл таны өөрийн гэх мөргөл бий юу?
-Аль алин нь л бий. Хүний өөрийнх нь оюуны хүч тодорхой нэг түвшинд хүрвэл Бурханд хандсан үг бүр нь хүмүүст жинхэнээсээ тус болох чадалтай мөргөл залбирал болдог. Би эхэн үедээ Коран судрын мөргөлөөс уншдаг байсан. Дараа нь урт удаан хугацаанд бясалгал үйлдсэнийхээ дараагаас дээд хүч намайг хэнтэй ч хуваалцах эрхгүй тийм өөрийн гэсэн онцгой нэгэн мөргөлтэй болгосон. Асуудал тус бүрд өөр өөрийн гэсэн олон янзын мөргөл залбирал бий. Иймд би Коран судраас гадна гайхамшиг бүтээх чадалтай өөрийн гэсэн өвөрмөц мөргөл залбиралуудтай.

-Тэгвэл та шившлэг хийдэг үү ?
-Хэзээ ч үгүй. Би ид шидтэн биш. Хар шидтэн ч биш болохоор хэзээ ч шившлэг хийдэггүй. Цагаан болон хар шидтэн гэж байдаг. Миний авьяас чадвар хүмүүсийг эдгээж анагаах, амьдралын нь аливаа асуудалд тус болоход чиглэгддэг. Гэтэл шившлэг гэдэг хүний ёс бусын хүслийг биелүүлэхэд зориулагдсан зүйл. Жишээ нь: өөрөө ийм гавьяа буянгүй атлаа мөнгөтэй, сайхан хайрыг мөрөөддөг хүн байдаг. Тэрээр өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд шившлэгийн хүчээр Бурханы ёс жаягийн дээгүүр харайх гэж зүтгэж байгаагийн шинж. Магадгүй түүний амьдрал эхэн үедээ үлгэрт гардаг шиг болж магадгүй ч дараа нь дайсандаа ч хүсэшгүй тийм аймшгийг давж туулах нүгэлд унана. Шившлэг уншиж буй хүн эрүүл бие махбодид нэвтрэн орж өөрийнхөө дэг журмыг тогтоох гэж хичээх "халдварт нянтай” адил юм. Үр дүнд нь бие махбодь өвчилж эхлэх ч халдвар орсныг мэдмэгц хөөн зайлуулах болно. Ийм дэс дарааллаар Хорвоо ертөнц ч ёс бус аргаар шившлэг хийж хүслээ биелүүлж, өөрийнх нь тэнцвэртэй байдлыг алдагдуулах гэсэн хүмүүсээс ангижирсаар байдаг. Хараал шившлэг хийсэн хэн боловч эцсийн дүнд сайн юманд хэзээ ч хүрдэггүй. Магадгүй хараал шившлэгийн хүчээр хүссэн юмаа олж авч болох ч хожим нь харамсаад барахгүй хүнд хэцүү зүйлтэй учирч үйлдсэндээ өөрийгөө буруутгах болно. Байгаль ертөнц, Бурхан түүнд өөрийнх нь буруутайг амсуулж мэдрүүлнэ.

-Тэгэхээр та огт шившлэг хийдэггүй гэсэн үг үү?
-Би мөргөл залбирал л хийдэг. Шившлэг хийх нь Славяны биш, харин дорны соёл ёс жаягтай холбоотой байх. Өөрөө хэрэглэдэггүй болохоор энэ тухай төдийлөн ихийг өгүүлж чадахгүй. Би өөрийн гэсэн огт өөр аргатай. Нэлээд зөн билэгчид шившлэг хийх нь өнгөрсөн үеийн үлдэгдэл гэж үздэг. Гэсэн хэдий ч нэлээд шившлэг жинхэнээсээ мөргөлийн шинжтэй байдаг. Гэсэн хэдий ч бүх зүйл уншиж хийж байгаа зөн билэгтний өөрөөс нь шалтгаална. Миний хувьд бол энэ нь хэтэрхий ерөнхий бөгөөд тун ойлгомжгүй зүйл юм. Хэрвээ тэрхүү шившлэг хэн хүнийг эдгээх, сэтгэлийн амар амгаланг олоход нь үнэхээр тустай бол би хувьдаа юу гэж хэлэх билээ.

ХАМГИЙН ОЙР ДОТНЫ ХҮНИЙХЭЭ ЧИН ХАЙРАА ШИНГЭЭН БЭЛЭГЛЭСЭН ЗҮЙЛИЙГ САХИУС БОЛГОН ХЭРЭГЛЭЖ БОЛНО

-Харин сахиусны тухайд бол ...?
-Сахиус бол хорон муу хүч, гай зовлон, азгүйтлээс хамгаалах үүрэгтэй. Өөрт ээлтэй зүйлээ сонгож авах нь сахиусаа олж авахаас харьцангуй амар болжээ. Хамгийн ойр дотны хүнийхээ чин хайраа шингээн бэлэглэсэн ямар нэг зүйлийг ч сахиус болгон хэрэглэж болно. Ноцтой асуудалтай болсон хүнд би өөрөө сахиус сонгож өгдөг. Яг хэрэгтэй сахиусыг нь сонгож чадахгүй байх тохиолдол ч гардаг. Ийм үед өөрөө сонгох, эсвэл хэн нэгэн түүнд бэлэглэх ёстой гэж хэлдэг юм. Сахиус бол гэрэл гэгээтэй цагаан хүч шингээсэн ямар нэг зүйл. Иймд хэн танд бэлэглэсэн болох нь их чухал үүрэг, нөлөөтэй.

-Сахиус хүн бүхэнд хэрэгтэй юу?
-Зарим хүмүүс анх мэндлэхдээ тун эмзэг мэдрэмтгий төрдөг. Ийм хүмүүс сахиус заавал зүүж байх ёстой. Хүчтэй, гэрэл гэгээтэй сайн хүн байсан ч сахиус зүүхэд ямар нэг нөлөөлөх муу зүйлгүй адилхан хамгаалалт болж өгнө.

-Таны туслалцаагүйгээр өөрөө сахиус сонгож авах гэвэл юу анхаарах ёстой вэ? Өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй хүн гэж үгүй, тэгээд ч та хүн бүрд зөвлөгөө өгч барахгүй биз дээ?
-Та их зөв юм хэллээ. Хүн бүрд зөвхөн өөрт нь тохирох сахиус гэж байдаг бөгөөд өөрөө сонгоход ямар нэг асуудал байхгүй. Иймд би хүн бүрд ерөнхийдөө таарч тохирох сахиуснууд хийж бэлддэг. Эхэн үедээ хүч нь төдийлөн мэдрэгдэхгүй байж болох ч аажимдаа өөрт дасан улам ээлтэй сайн хамгаалалт болж өгдөг.

-Мохсен, танд өөрийн гэсэн хамгаалах сахиуснууд байдаг уу?
-Надад олон янзын сахиус байдаг бөгөөд надад хэзээ ямар сахиус хийх хэрэгтэйг би урьдчилан хардаг. Би ахынхаа байшингийн зооринд гурван жил бясалгал хийж байхдаа нэгэн сайхан бөгж надад харуулаад байгааг мэдэрсэн. Дээд хүчний сануулж байгааг би ойлгон яг тийм бөгжтэй болсон нь асар их анагаагч ид шидийн хүчтэй сахиус болсон. Иймд сахиус миний ажилд аливаа асуудлыг шийдэхэд байнга хэрэглэгддэг.

-Та хэн нэгний захиалгаар сахиус хийж өгдөг үү?
-Би "захиалга” гэдэг үгийг тань нэг л ойлгохгүй байна. Хэн нэгэнд миний тусламж хэрэгтэй бол хэнээр ч хэлүүлэлтгүйгээр өөрөө хараад л мэддэг. Хэрвээ хэн нэгэн над дээр ноцтой асуудалтайгаар ирэхэд түүнд сахиус хэрэгтэй эсэхийг би хэлүүлэлтгүйгээр мэддэг. Хэнд чухам юунаас хамгаалах ямар сахиус хэрэгтэйг би хүнээр өөрөөр нь хэлүүлэхгүйгээр хараад л мэддэг гэж дахин хэлье. Жинхэнэ сахиус бидэнд дээд хүчнээс илгээгддэг. Гэсэн хэдий ч өөрийн тань зүүж буй сахиус ямар шинж чанартайг өөрөө заавал мэдэж байх шаардлагатай. Би өөрөө бодож олоод ямар нэг сахиус хийгээд байдаггүй. Надад миний далдыг харах авьяас хэнд ямар зориулалтаар сахиус хийхийг хэлж өгдөг. Би тэр хэлсний нь дагуу л сахиусыг нь хийдэг.

БУСДАД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ НАЙРСАГ ХАНДАН, ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДОЛД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДВАЛ ТАНЫ НҮГЭЛ НИМГЭРНЭ

-Бидний амьдралд яагаад ч өөрчилж засах боломжгүй заяа тавилангийн зурсан зураг гэж байдаг. Хувь заяаг өөрчилж болох эсэх тухай ...?
-Өөрийнхөө ажлын туршлагаас харахад хувь заяаг харж болно. Ийм боломжийг: зурхай, гарын алганы хээ гэх мэт олон янзын арга олгодог. Хэрвээ өмнө тань юу байгааг мэдсэн тохиолдолд үүнээс зайлсхийх боломжтой. Энэ нь өөрчлөх боломж гарч байгаагийн шинж. Хүний гарын алганы хээ хэзээ ч өөрчлөгддөггүй бөгөөд алганы хээний хэлж өгч байгаа бүхэн заавал болж өнгөрдөг. Гэсэн хэдий ч зарим нэг мэргэжилтэнгүүд асар ихээр хүсэж, хүч гарган тэмүүлсний эцэст таны идэвх зүтгэлийн хариу болон гарын алганы хээгээ өөрчилж болно гэж үздэг. Гэвч энэ нь хүнээс хэмжээлшгүй их сэтгэлийн тэнхээ, хүсэл хичээл оролдлого шаарддаг нь эдгэршгүй өвчин зэргийг өгүүлдэгтэй нь холбоотой. Иймд би хүний хувь заяаг өөрчилж болно гэдэгт итгэлтэй байдаг. Ямар нэг тодорхой зүйл одоогоор хараахан байхгүй ч дээд тэнгэр бидэнд сонголт хийх эрх олгосон болохоор хувь заяагаа өөрчлөх эсэх нь биднээс өөрсдөөс маань шалтгаална. Гэвч өөрчлөнө гэдэг нь хэн хүний хийж барах зүйл биш. Хүнээс өөрөөс нь асар их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, идэвх шаардана. Буддын шашинд нүглийн тухай ойлголт чухал үүрэгтэй. Хийсэн буян, нүглээсээ шалгаалан хойд насандаа хэн эсвэл юу болох нь тодорхойлогдоно.

- Мохсен, хүний нүглийн лайг өөрчлөх боломжтой юу?
- Болох эсэх тухай ярихын өмнө нүгэл гэдгийн тухай өгүүлж буй шашны мөн чанар сургаалийн утга агуулгыг мэдэх шаардлагатай. Нүгэл гэдэг хүний өөрийн нь муу зан үйлээс шалтгаалан хуримтлагддаг зүйл. Нүгэл гэдэг нь санскрит хэлнээ үйл, үйлдэл гэсэн утгатай. Иймд өргөн утгаар нь авч үзэхэд амьд биесийн хийсэн муу үйлийг ерөнхий тоон үзүүлэлт буюу түүний үр дагавар гэсэн утгатай. Нүгэл гэдгийг хүний хувь заяа, эсвэл үйлийн үр гэдэгтэй хольж солин ойлгох хэрэггүй. Нүглийн ерөнхий дүр зураг нь тодорхой ч дотоод мөн чанар нь дээд хүчний нөлөөгөөр биднээс нуугдмал байдаг. Иймд та өдөр бүр өөрөө хичээн, өрөөл бусадтай харьцах хүмүүст болоод ургамал, амьтан, эргэн тойрныхоо бүхэнд элэгсэг найрсаг хандан нүгэл үйлдэхгүй байвал энэ нь таны хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг. Хэрвээ үг хэл, үйлдлээрээ ямар нэг зүйлийг буруу хазгай хийж, амаа нээхээсээ өмнө гар зангидаад байдаг бол өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийх хэрэгтэй. Хэн нэгэнд муу зүйл бүү хийгээрэй. Бусдад чин сэтгэлээсээ элгэмсэг найрсаг хандан өөрийнхөө үзэл бодолд өөрчлөлт хийж чадвал таны нүгэл нимгэрч өөрчлөгдөнө. Товчхондоо хэлэхэд сайн үйл олныг хийвэл үр дагавар ч тийм байх тул ирээдүйд таны зам мөр гэрэл гэгээтэй байх нь лавтай.

-та зурхай байнга зохиодог хүний хувьд зурхай хүмүүст амьдралын замаа эрж олоход нь туслаж чадна гэж үздэг үү?
-Эрт дээр цагаас хүмүүс элдэв асуултынхаа хариуг авахаар чухамдаа од эрхэсд хандсаар ирсэн. Энэ бүгдээс үүдэлтэйгээр зурхай гэдэг шинжлэх ухаан үүссэн. Энэ хорвоо ертөнц дээр бүх зүйлс хоорондоо харилцан холбоотой тул од эрхэс хүмүүсийн амьдралд нөлөөлнө гэдэг нь маргашгүй үнэн. Хүн бүр л өөр өөрийнхөө одонд төрсөн байдаг тул тухайн хүний ажил алба, амьдрал ахуй, сэтгэл санаанд нөлөөлөх нь мэдээж. Тодорхой нэгэн тоон үзүүлэлтийн тусламжтайгаар энэхүү нөлөө нь тодорхой нэг цаг үед явагдаад байгааг тодорхойлж болно. Түүнээс гадна од эрхэс хүний зан чанарыг бүрэлдүүлдэг тул аливаа нөхцөл байдалд хэрхэн яаж хандах, эндээс ургуулан улмаар ирээдүйн үйл явдлын тухай дүгнэн хэлж болно. Гэвч хүн бүр өөр өөрийнхөөрөө өвөрмөц давтагдашгүй болохоор хүн өөрийнхөө амьдралын зам мөрийг зөв сонгохын тулд зурхайн дэлгэрэнгүй мэдээг хувь хүн бүр дээр гаргах хэрэгтэй. Мөн хүмүүст нийтлэг байдлаар гаргасан зурхай ашиглах тухайд би дэмжих байр суурьтай байдаг. Гэвч тэнд бүх зүйл хэтэрхий бүдэг бадагхан байх юм.

ГАНЦ Ч БОЛ МААНИ ЦЭЭЖЛЭН, БАЙГАЛЬДАА ОЙР БАЙЖ, БИЕСЭЭ ХАЙРЛАХЫГ Л ХҮМҮҮСТ ЗӨВЛӨЕ

-Та өөрийнхөө охидын хувь заяаны зургийг зурж өгсөн үү? Хаана бартаатай, хаана нь тэгшхэн шулуун байгааг урьдчилан сануулсан уу?
-Мэдээж охидоо нөхөрт гарах үед нь сонгож авсан залуусынх нь зурхайг гарган таарч тохирох эсэхийг нь харсан. Одоо 28 нас хүрээд байгаа том охинд маань одод их таатай зүйл амласан. 21 настай бага охинд минь дөрвөн залуу сайн байснаас гурав нь нэлээд хөрөнгөжүү, нөгөө үлдсэн нь биеэ дааж чадаагүй нэгэн байсан. Зурхайг нь хараад нөгөө хүүтэй охин минь аз жаргалтай амьдрахыг харсан тул охиндоо хэлсэн. Охин минь ч намайг сонсож, одоо тэд аз жаргалтай сайхан амьдарч байгаа.

-Өөрийнхөө авьяас чадварыг улам нэмэгдүүлэх арга байдаг уу?
-Аль болох их бясалгах хэрэгтэй. Ялангуяа эерэг энергитэй газруудад бясалгах их таатай. Ариун дагшин газар хүний хүч чадлыг улам нэмэгдүүлдэг. Нутагтаа ирэх үедээ ууланд их цагийг өнгөрүүлж байгалийн нууцыг таниж мэдэн хүчээр нь сэргээгддэг. Сүмд очиж, судар уншин, мөргөл үйлддэг.

-Эцэст нь та уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Сайн үйлс сайхан сэтгэл төрүүлдэг. Одоо хүмүүст хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйл бол чухамдаа сайн үйлс, сайхан сэтгэл л болоод байна. Сайхан сэтгэл сайн үйлс бүтээхэд хүргэдэг. Иймд муу сөрөг бүхнээс хол байж, сайхан аялгуут хөгжим дуу сонсон, ядаж ганц ч бол маани мэгзэм цээжлэн байгальдаа аль болох ойр байж бие биесээ, эргэн тойрныхноо хайрлахыг л хүмүүст зөвлөж хэлэх байна.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top