|

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгээс, З.Энхболд Н.Алтанхуягаас илүү юм байна

namuunaa 2015/09/02 897 9

АЛТАНХУЯГ БА САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Увс аймгийн Улаангом сумын харьяат, физикч мэргэжилтэй Норовын Алтанхуяг томилогдож байлаа. Энэ бол 2012 оны наймдугаар сарын 9-ний өдөр. АН-ын даргаар дөрвөн жил ажиллаж, УИХ-ын сонгуульд намаа удирдан орж, хамгийн олон суудал авахуулсны дараа ийн Ерөнхий сайдаар тохоогдсон хэрэг.

Н.Алтанхуяг 1958 онд  төрсөн. 54 насандаа Ерөнхий сайд болж байв. МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөөд, тэндээ ажиллаж, улмаар 1996 онд УИХ-ын гишүүн болсон. 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004 онд эвслийн Засгийн газрын Сангийн сайд, 2008-2012 онд Тэргүүн шадар сайдаар ажилласан туршлагатай.

 

Мөн С.Баярыг 2009 оны аравдугаар сарын 28-нд өвчний улмаас гэсэн шалтгаанаар ажлаа өгөхөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэг хоног ажилласан байдаг.

Түүнийг 2012 онд Ерөнхий сайд болсноос нь хоёр жил хоёр сар 27 хоногийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар огцруулсан.

Н.Алтанхуяг энэ хугацаанд  Ерөнхий сайдын хувьд муу ажиллаагүй гэж улстөрийн ажиглагчид дүгнэдэг. Үнэнийг хэлэхэд түүнийг Ерөнхий сайд болж байх үед Монгол Улс баян байлаа. Дэлхийн зах зээл дээр манай амин зуулга болсон нүүрс, зэсийн үнэ боломжийн байж тэр хэрээр улсын түрийвч түнтийж байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Өмнө нь Сү.Батболдын Засгийн газрын үед Хятадын Чалкогоос 350 сая ам.доллар авчихсаны өр болж манай нүүрс урагшаа өртөггүй урсаж  байв. Сонгуулийн өмнө иргэн бүрт 21 мянган төгрөг болгоод тараачихсан гэж байгаа, тэр 350 саяыг. Удалгүй жил гаруйхны дараа дэлхийн зах зээл дээрх өнөөх гоё өсөлт аажмаар буурч эхэллээ. Тэр үед мань эр хоёр ч бонд гаргаж мөнгө босгосон. Эхлээд "Чингис”, дараа нь "Самурай” бонд гаргаж, дэлхийн хямралын эхэн үеийг монголчууддаа мэдрүүлээгүй гэхэд болно. Магадгүй, Н.Алтанхуягаас өөр Ерөнхий сайд ийм зоригтой шийдэл гаргаж чадахааргүй байж мэднэ. Бондын мөнгө юунд зарцуулагдав. Хүү нь их үү, бага уу гэдэг асуудал өнөөдөр намуудын хийгээд ашиг сонирхлын фракцуудын мөлжүүр, бас тэдний дундах хэрүүлийн алим болоод байгаа. Гэвч бондоор босгосон сайхан сайхан бүтээн байгуулалтын үр дүн өнгөрсөн жилээс харагдаад эхэлсэн. Маргах аргагүй үнэн бол энэ. Олон аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо. Нийслэлийн зам толь болсон. Сард нь гөвөөд хаядаг байсан машины амортизатор дор хаяж зургаан сар тэсдэг болов. За тэгээд, "Гудамж” төсөл энэ тэрийн хүрээнд хийгдсэн төв суурин газруудын бүтээн байгуулалт өдий төдийгөөрөө л байна. Үнэндээ Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед яасан ч их тууз хайчилдаг байв даа. Тэр өөрөө ч тиймэрхүү арга хэмжээг алгасна гэж үгүй. Зурагт асаахад л тэр ямар нэг арга хэмжээ, эсвэл бүтээн байгуулалтын нээлтэд тууз хайчлаад зогсч байдаг байв. Өнөө харах нээ, тэр явдал муу биш байжээ.

Ингээд хоёр жил гаруй ажиллаад гэнэтийн гэж болохоор огцорсон Н.Алтанхуягийн оронд Ч.Сайханбилэг 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд болов. Чимидийн Сайханбилэг Дорнодын Сүмбэр суманд 1969 онд төрсөн. Ингэхээр 45 насандаа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болсон гэсэн үг. 1986 онд Улаанбаатар хотын 45 дугаар сургууль, 1991 онд Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш, 1995 онд МУИС-ийг хуульч, 2002 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн. Боловсролын хувьд ярих юмгүй. Харин ажил хийсэн нь гэвэл 1991-1997 онд МЗХ-ны Нарийн бичгийн дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Гэгээрлийн сайд, 1997-2002 онд МЗХ-ны ерөнхийлөгч, 2004-2008 онд МХХТГ-ын дарга, 2004 онд ЗГХМА-ны дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажилласан. Ингэсээр 2012 оны сонгуулийн дараа ЗГХЭГ-ын дарга болсон. Нэг ёсондоо 2012 оны Засгийн газрын үргэлжлэл гэж болохоор байв. Гэвч хамтрагчаа сольж, МАН-ыг засагт урьснаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар өмнөхөөс тэс өөр болсон юм. Н.Алтанхуяг огцорч байхдаа хүртэл МАН-д "...Үгүй” гэж байсан бол Ч.Сайханбилэг  томилогдонгуутаа "..Засагт хамтаръя” гэдэг захиа илгээсэн.

Ингээд хамтарлаа. АН, МАН-ын хамтарсан Засгийн газар есөн сар хэртэй "наслаад” тарлаа. Энэ хооронд Ч.Сайханбилэгийн Засгийн газар яг юу амжуулав гэвэл хэлэхэд бэрх. Ямартай ч засгийн ажил сааталгүй явсан. Харин эдийн засгийн уналт, улстөрийн хямралтай зэрэгцэн улам гаарав. Оюутолгойг хөдөлгөхөөр Дубайн гэрээ гээчийг үзэглэсэн ч олигтой үр дүн харагдсангүй. Тавантолгойн төсөл яг явдгийн даваан дээр таг гацаагаад хаячихлаа. Энэ мэтээр яривал сайнаасаа саар нь их байж мэдэхээр. Эцэст нь МАН улс даяар "Бид хамтдаа” гэдэг аян зохиож тэр болгон дээрээ АН болохгүй байна. Засгийн газар ажиллахгүй байна гэсээр АН-ынхны дургүйг хүрч хөөгдөх дээрээ тулсан гэхэд болно. Үнэндээ энэ хэдэн сарын хугацаанд урагшилсан юм их ховор. Ядаж байхад дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртлөө. Хоёр том хөрш маань бүр ч хэцүүдэж байгаа мэдээ өдөр бүр л гарч байна. Харин Монгол Улс олон улсын шинжээчдийн дүгнэснээр эрсдэлтэй 14 улсын нэгээр "шалгарчихаад” таваргаж явна. Тэрчлэн энэ хооронд МАН-аас томилгогдсон сайд нар хэдэн зуун төрийн албан хаагчийг хоморголон халсан гэх хэрүүл л үлдэв.

Үүнээс гадна МАН-ын сайд нарын оронд хэнийг томилох вэ гэдэг АН-ын дотоодод ихээхэн асуудал болж байх шиг байна. Хэвлэлд өгсөн гишүүдийнх нь ярилцлагаас үзвэл сайдын суудлын төлөө фракцаараа тэмцдэг байснаа байгаад хувь гишүүд нь нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг болсон бололтой. Гэхдээ энэ элдэв гаргалгаа дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэх хувилбар огтхон ч яригдахгүй байгаа юм.

Эндээс үзэхүл АН-ын засаглалын жилүүд дэх хоёр Ерөнхий сайдын хооронд ихээхэн ялгаа байна аа. Аль ч талаараа Н.Алтанхуяг нь илүү юм. Тэр зоригтой, бас ихээхэн ажилсаг хүн ажээ. Харин Ч.Сайханбилэгийн хувьд хатуухан хэлбэл бэлгэ тэмдгийн төдий Ерөнхий сайд гэх. Ерөнхий сайдын эрх мэдлийг Ч.Сайханбилэг бус өөр бусад институц хуваан эдэлдэг. Тэндээс л Ерөнхий сайдын шийдвэр гардаг гэсээр багагүй хугацаа өнгөрлөө.

 

ЭНХБОЛД БА АЛТАНХУЯГ

 

Н.Алтанхуягийг 2008 онд АН-ын даргаар сонгосон байдаг. 2000 онд байгуулагдсан АН-ын тав дахь дарга нь тэр. Намын даргын хувьд таван ч сонгууль удирдаад ялалтад хүргэсэн гэх гавьяатай. Түүнийг Ерөнхий сайдаас огцорсны дараа АН-ын ҮЗХ хуралдаж намын даргаас нь бас буулгасан.  ҮЗХ-ны энэ хурлаар АН-ын даргын үүргийг өөртөө авсан З.Энхболд энэ гавьяагаар нь бахархдагаа хэлж байв.

Н.Алтанхуяг АН-ын даргаар зургаан жил ажилласан. Магадгүй, хамгийн хүнд нь 2012 сонгуулиас хойшх жилүүд байсан биз. Сонгуулиар хамгийн олон суудал авсан АН-ын гарт төрийн эрх шилжсэнээс хойш тус намын олон фракцын үйл ажиллагаа идэвхжиж, төрийн болон улстөрийн албан тушаалуудыг тэнцүү хуваадаг болсон. Н.Алтанхуягийн хувьд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх зарчмаар ажиллаж ирсэн гэдэг. Эцэстээ фракцуудын албан тушаалын төлөөх тэмцлүүд ил цагаанаар явагддаг болов. Үүнтэй зэрэгцэн түүнд гомдогсод, түүний эсрэг хөдлөх хүчнүүд ч бий болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнцүү хуваах зарчим улстөрийн үндсэн гортигоос гарч, фракц хоорондын зодоон маягтай өрнөсөөр өөрийг нь огцруулах шалтгийг бий болгосон гэдгийг улстөрийн ажиглагчид хэлж байна. Нөгөө талаар намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хамтад нь хашиж байсан тэрээр зарим асуудлаар хүч түрэмгийлсэн бодлого явуулсан нь ч нөлөөлсөн гэдэг. Нэг үгээр хэлбэл, хэт эрх мэдэл, бараг нам доторх намын дайтай болтол дөвийл­гөсөн олон фракцууд нь эцэстээ хяналтаас нь гарч, албан тушаалуудаа бүрмөсөн өгөхөд хүргэжээ. Өнөөдөр Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх, хүргэн гэгддэг Г.Дэнзэн, мөн охиных нь нэртэй холбоотой элдэв асуудал чухамдаа үүнтэй л холбогдоно.

Н.Алтанхуягаас намын даргын албан тушаалыг алгуурхнаар авч, одоо жинхлээд байгаа З.Энхболдын хувьд улс төрд шинэ үзэгдэл биш. Тэрээр 1984 онд Сэлэнгийн төвийн 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. Анх Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёроор, дараа нь "Монел” фирмийн инженер, улмаар 1991-1993 онд "Эрэл” ХХК-ийн захирал, 1993-1996 онд "Интер” ХХК-ийн захирлаар ажилласан. Ингээд 1996 онд "Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулсны дараа ТӨХ-ны анхны даргаар томилогдож байв. 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх, 2000 оны сонгуулийн дараа МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. 2001-2004 онд АНУ-ын Денверийн их сургуульд суралцаад, 2004 онд ирж, УИХ-ын сонгуульд  Өвөрхангайд өрсөлдөж ялалт байгуулсан. Үүнээс хойш хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа. 2012 оны долдугаар сарын 24-нд түүнийг УИХ-ын даргаар сонгосон байдаг. Ийн ажиллаж байхдаа АН-ын дарга болох зам мөрөө зассаар ирснийг намынхан нь хэлдэг. Өөрөөр хэлбэл, нам дотроо "Шонхор” фракц, Ардчилсан хүчний холбоог байгуулан удирдсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд З.Энхболдыг дэмжигчид нам дотор нь нэлээд өсч, тэр хэрээрээ явсаар намын даргын суудалд хүрсэн гэдэг.

Намын даргын хувьд Н.Алтанхуягийг бодвол шийдэмгий. Зангараг харуулж чаддаг нэгэн гэх юм билээ. Н.Алтанхуяг аль алийг нь гомдоолгүй асуудлыг шийдэхийг эрмэлздэг бол З.Энхболд хэн нэгэн хувь хүнийг харсан гэхээсээ намын бодлогыг баримталдаг нэгэн гэх юм билээ. Тэр энэ байдлаараа Н.Алтанхуягаас ч олон дайсан "цуглуулах” магадлалтай. Гэхдээ нэгэнт гаргасан шийдвэр, өөрийн үзэл баримтлалдаа хатуу зогсдог зэрэг чанаруудаар Н.Алтанхуягаас дээр намын дарга хэмээн дүгнэх улстөрчид, судлаачид олширсон байна. АН-ын хувь заяа, Монгол төрийн эрх мэдлийг өнөөдөр атгаж буй эрхмүүдийн олон нийт дэх үнэлэлт дүгнэлтийг хураавал нэг иймэрхүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top