Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй” гэдгээ мэдэгдсэн. Харин МАН-ын бүлэг болон бие даагчид МАН-ын чөлөөлөгдсөн сайд нарын орны хүмүүсийг дэмжин томилохоос өөр аргагүй гэж байгаа ч "давхар дээл”-тэй байхын эсрэг байна хэмээн бөөрөнхийлсөн хариу өглөө.
Харин АН-ын бүлгийн тухайд Засгийн газрын гишүүнээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нэгдсэн байр суурьт хүрчээ. Цаашлаад Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг "Шударга ёс” эвслийн бүлгээс бусад парламент дахь улс төрийн хүчин, бие даагчид хүлээж авахаа мэдэгдлээ. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт хийх болно. Уг нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэхээр цаг хугацаа алдалгүй ээлжит бус чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурийг МАН-ын бүлэг баримталж байна лээ. Учир нь нийгэмд хуулийн хэрэгжилтийг харсан хүлээлт үүссэн, төр ард түмэндээ энэрэнгүй хандах хэрэгтэй гэж тус бүлгийнхэн үзжээ. Ийнхүү ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим сайд нарыг томилон, танхимыг бүрдүүлж, Ерөнхийлөгчийн хориг дэмжигдэн асуудал цэгцрээд явчих нь уу гэвэл эндүүрэл.
Гол ээдрээ нь эдүгээ УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэгт үүсээд байна. Тиймээс ч тус эвслийн бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Гэхдээ хоригийг хүлээж авах эсэхэд шийдвэр гаргаагүй байна. Эвслийн бүлгийн хуралдаанд МҮАН-ынхан оролцоогүй бөгөөд дэд дарга З.Баянсэлэнгэ ахлан явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцжээ. Энэ нь "Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдааныг МАХН-ын дарга Н.Энхбаяр удирдан явуулсан гэдэгтэй агаар нэгэн ойлголт. Өршөөлийн хуулийг батлуулж, эрх баригчидтай Засгийн газарт цаашид хамтран ажиллах гэрээ хэлцэл хийсэн "Шударга ёс” бүлгийнхэн ямар нүүдэл хийх вэ гэдэг улс төр ажиглагчдын анхаарлыг татаж байна. Учир нь Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг эвслийн бүлгийнхэн эсэргүүцэж, тэр дундаа бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ "Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавиагүй. Хоригийг бүхэлд нь тавьсан” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа.
Сарын орчмын өмнөөс л АН-тай хийсэн хамтын ажиллагааны гэрээндээ нэмэлт оруулж, МАН-ын чөлөөлөгдсөн 6 сайдын орны квотыг эрх баригчидтэй тэнцүү хуваан авч, эвсэл дахь хоёр намаас МАХН илүүрхэн хоёр сайдын квотыг өөрийн болгосон "Шударга ёс”-ынхон өнөөдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос үүдэн хаашаа ч холбирч мэдэхээр байна. Учир нь парламент дахь АН, МАН, ИЗНН, бие даагчид Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжин хүлээж авахаа мэдэгдсэн. Уг нь эрх баригч хүчин АН-ынхныг олонхиороо хэлэлцэн баталсан Өршөөлийн хуулиндаа Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй, эсрэг байр суурьтай байна гэж "Шударга ёс”-ынхон үзэж, хамтрах асуудалдаа ч хөндсөн байх. Гэвч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2 нь дэмжээгүй тохиолдолд буцаагддаг. Хоригийг хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаандаа оролцоход дэмжлэг авах үндэслэлтэй. Цаашлаад парламентад суудалтай ИЗНН, бие даагчид хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. АН-аас ч Х.Тэмүүжингээс эхлээд хоригийг дэмжиж байгаа гишүүд цөөнгүй бий. Ийм үед эрх баригч хүчин авлига албан тушаалын хэргийг өршөөхөөр цээжээрээ хамгаалан ч олонхийн дэмжлэг авахгүй, нийгэмд дэх рейтинг нь муу дээрээ муужирна. Тиймээс Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авах шийдвэрт хүрэхээс өөр гарцгүй байсан биз.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн энэ шийдвэр "Шударга ёс” эвслийн бүлгийнхнийг хэлэлцээгээ эргэн харж, дараагийн улс төрийн алхмаа хийхэд хүргэсэн бололтой. МАХН-ын дарга Н.Энхбаяр тус бүлгийнхэнд ямар үүрэг даалгавар чиглэл өгсөн нь тодорхойгүй байна. Ямартай ч Засгийн газраас гарна гэх улс төрийн зориг хүрэхгүй болов уу. Хэрвээ МАХН-ын дарга дээрх шийдвэрийг гарга гэвэл замын дундаас ухрахаас өөр замгүй ч, Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийнхэн АН-ын удирдлагуудтай дахин хэлэлцээрийн ширээнд суух аль нэг шийдэлд хүрэх биз.
Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг тусгасан байсан. Дэгээрээ бол жагсаалтын дагуу асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа сайд нарын томилгоог явуулах горимын саналыг аль нэг нам, эвслийн бүлгийн зүгээс гаргаж болох. Нөгөөтэйгүүр "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ч анхлан санал гаргаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед тав хоногийн завсарлага авч, асуудлыг сунжруулж мэдэхээр байна.
Ийнхүү ээлжит бус чуулганы хуралдаан эхэлсэн ч ээдрээ үүсч, улс төр барьцгүй үргэлжилж байна.