|

Сар шинийн баярт зориулсан мах, сүү цагаан идээ худалдаалах нэгдсэн зах ажиллаж эхэллээ

bayaraa 2015/01/15 4318 743
 Сар шинийн баярт зориулсан мах, сүү цагаан идээ худалдаалах нэгдсэн зах ажиллаж эхэллээ Монгол түмний уламжлалт их баяр болох цагаан сар тун удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор мах болон сүү цагаан идээ ил задгайгаар худалдаалах явдал ихэсдэг. Ил задгайгаар худалдаа эрхлэхийг шууд хориглочихож чаддаггүй учраас эдгээр иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүнс худалдаалах тал дээр Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газраас хариуцан ажилладаг. Даниста худалдааны төвийн урд талд мах худалдаалж байсан иргэдийг стандарт шаардлагад нийцээгүй газар худалдаа эрхэлж байна гэж үзэн бараан захын урд талд буюу наадмын талбайн зогсоолд нэгдсэн журмаар шилжүүллээ. Улмаар энд цагаан сарын баярын өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах бөгөөд эндээс иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай хүнсийг худалдан авах болно гэдгийг албаны хүн мэдээлж байна.

    Махны худалдаанд хяналт тавих ажлыг өмнөх жилүүдэд төрийн байгууллагууд хариуцан ажилладаг байсан бол энэ жилээс эхлэн мал эмнэлэг, үржлийн нэгжүүд өдөр тутмын хяналт шинжилгээг хариуцан ажиллахаар болжээ. Энэ жилийн тухайд махны үнэ өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад харьцангуй хямд үнээр худалдаалагдаж байгаа аж. Тухайлбал цагаан сарын өргөтгөсөн худалдаанд үхрийн мах кг нь 5500-5800, адууны мах кг нь 4000 төгрөг, хонины махыг 4700-6000 төгрөгөөр борлуулж байна. Одоогоор цагаан сарын баярын өргөтгөсөн худалдаанд Орхон, Хөвсгөл, Архангай, Булган аймгаас бэлтгэсэн мах худалдаалагдаж байна.

 

Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш erdenet.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top