Олны анхаарлыг татаад байсан энэхүү хэргийн буруутан хэмээгдээд байсан Л.Гансүхэд шүүх бүрэлдэхүүн 4.6 жил жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял, Б.Мөнгөнтуяад мөн 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял тус тус ногдуулсан юм.
Шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргасны дараа шүүх хурлыг үзэж сонирхохоор ирсэн иргэд нэлээд бухимдалтай байсан бөгөөд "Л.Гансүхийн улс төрийн зорилгоор ялаллаа. АТГ-ын бохир, хууль бус үйлдлийг монголын ард түмэн таван өдрийн турш үзэж харлаа, Шударга ёс, хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм хэмээн цээжээ дэлдээд байдаг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч яагаад шударга ёсны төлөө нэг ч үг дугарахгүй байна вэ. Шүүх хэний захиалгаар ийм шийдвэр гаргав” гэгчлэн шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эцэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа.
Харин шүүх хурлын эцсийн шийдвэр гарсны дараа мэдээлэл авахаар ирсэн хэвлэл мэдээллийн ажилчдыг Тахарын албаныхан шүүхийн хашаанаас гарахыг шаардаж, хөөж гаргасан юм.
Ингээд өмгөөлөгч нараас болон шүүгч, улсын яллагч, хохирогч нараас зарим нэгэн зүйлийг тодруулах гэсэн боловч шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч, хохирогчоор оролцсон хүмүүс шүүхийн арын хаалгаар гарсан болов уу гэлтэй "Усанд хаясан чулуу" мэт алга болсон тул Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим нэгэн асуултад хариулт авлаа.
Өмгөөлөгч Ц.Баасандорж
-Та бүхэн шүүхийн эцсийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ард түмэн шүүх хурлыг бүгдийг үзсэн болохоор би өнөөдөр Л.Гансүх буруутай үгүй гэж ярих нь илүүц байх. Ер нь энэ хурлаас хууль шүүхийг шинэчлэх цаг болсныг тод харуулж чадлаа гэж бодож байна. Улс төрчдөөс ангид хараат болгохгүй бол олон ийм буруу шийдвэр гарах боломжтой байна гэж харлаа.
-Та бүхэн давж заалтах шатны шүүхэд хандах уу?
-Бид давж заалдах, дээд шатны шүүхэд хандаж гомдол гаргах болно. Энэ шийдвэр бол эцсийн шийдвэр биш гэж үзэж байна. Өнөөдөр шүүх бүрэлдэхүүн "Нүүрс” хөтөлбөрийг Л.Гансүх гуай ганцаараа хэрэгжүүлээд "Багануур” ХК-ыг хохироочихсон гэсэн шийдвэр гаргалаа.
-2.5 тэрбум төгрөгийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн барагдуулахаар боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлж барагдуулна гэдэг хэцүү. Жишээ нь жирийн л нэг нягтлан цалингаараа амьдардаг эмэгтэй болох Мөнгөнтуяа 800 сая төгрөгийг "Багануур” ХК-д төлөхөөр болчихлоо. "Багануур” ХК гэрээнд заагаагүй заалтынхаа төлөө ийм их хэмжээний мөнгө төлөхөөр болж байгаа нь үнэхээр харгис шийдвэр болж байна. Энэ нь түүнд өгч байгаа ялаас нь илүү харгис хэрцгий хандаж байгаа хэрэг боллоо.
-Шүүгдэгч нарын төлөх 2.5 тэрбум төгрөгийг жаахан дэлгэрүүлээд тайлбарлаж болох болов уу?
-Наранд хатаж жин нь хөнгөрсөн нүүрс, чулуу, нүүрсний нунтагийг хэн ч аваагүй харин "Багануур” илч ХК нунтаг нүүрсийг нь дундаас нь аваад зарчихсан, үлдсэнийг нь хайхрахгүй байсаар байгаад шатаачихсан шүү дээ. Гэтэл хүний амьдралыг эдийн засгийн хүнд байдалд оруулж, гурван хүнээр 2.5 тэрбум төгрөгийг төлүүлэх гэж байгаа нь зохиомжгүй юм. Мөн үнийн зөрүү гэж анхнаасаа худалдаагүй үнийг нэхэж байгаа нь ч хуульд нийцэхгүй. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг бодиттой гарч чадсангүй гэж үзэж байгаа болохоор дараа дараагийн шатны шүүхэд хандаж гомдол гаргах болно.
-Шүүгчийн шийдвэрийн дүгнэлт тийм ч ойлгомжтой байсангүй. Ер нь ямар зүйл заалтаар ялалчихав?
-Л.Гансүх гуайг хоёр зүйл ангиар ялалсан. Татвар болоод албан тушаалаа ашигласан гэсэн зүйл ангиар ялаллаа.
Татвар, албан тушаал хоёр дээр нь Мөнгөнтуяа, Даваахүү нар хамт яллагдаад Л.Гансүх гуай албан тушаалын гэмт хэрэг дээр нь яллагдсан. Татварын хэрэг нь хэрэгсэхгүй болж, харин 263.2 гэдэг зүйл заалтан дээр "Багануур"-ыг хохироож онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг асуудлаар шүүхийн шийдвэр гарлаа.
-Л.Гансүхэд ногдуулсан хэрэг өршөөлийн хуульд хамрагдах болов уу?
-Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн гэж байгаа боловч хохих ялтай зүйл ангиуд хэрэгжиж эхлээгүй байгаа. Хоёрдугаарт хоригийн асуудлыг УИХ эцэслэн хэлэлцээгүй байгаа болохоор Л.Гансүх гуайд холбогдох хэрэг өршөөгдөх эсэх нь тодорхой биш. Гэхдээ би өмгөөлөгч хүний зүгээс Л.Гансүх гуайн ногдуулаад байгаа хэрэг гэмт хэрэг биш улс төрийн зорилгоор ялласан учраас өршөөгдөх бус цагаатах ёстой гэж үзэж байгаа.
24tsag.mn