|

Э.Бат-Үүлийг шүүхэд өгнө

namuunaa 2015/09/25 1889 216
Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчид болон Хотын мээр Э.Бат-Үүл нар маш их хэмжээний урамшуулал авдаг талаарх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой болон шилэн дансаар төсөв хөрөнгийнхөө задаргааг нийтэлсэн байгууллагуудаас маш олон зөрчил дутагдал илэрч байгаа талаарх баримтыг иргэн Б.Цогтгэрэл твиттер хуудсаараа дамжуулан олны анхааралд хүргээд буй.

Тэрбээр Э.Бат-Үүл даргыг ИТХ-ынхантайгаа нийлж төсвийн мөнгийг үрэн таран хийж, өөрсдөдөө тарааж өгдөг талаар шүүмжилсэн бөгөөд төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэдэг үндэслэлээр Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэв.

Түүнээс гадна тэрбээр наад захын нэг жишээ дурдахад "Э.Бат-Үүл дарга Москва, Сөүл хотод төлөөлөгчийн газраа байгуулчихсан байна. Монгол Улс эдгээр газарт Элчин сайдын яамтай юм, уг нь. Гэтэл ингэж төлөөлөгчийн газар байгуулаад санхүүжилтийг нь мөн л нийслэлээс гаргаж байна. Асар их хэмжээний мөнгө урсаж байгаа биз? Үнэндээ үүний цаана "Монгол Улс нэг цонхны бодлоготой” гэж Гадаад хэргийн сайд нь яриад байхад хотын дарга нь давхар татаас өгдөг газар ажиллуулж байх жишээтэй. Мөн "Мобиком” корпорацид нийслэлээс долоон сая гаруй төгрөгийг утасны төлбөр гэж шилжүүлсэн байна. Яахаараа ийм өндөр төлбөр нийслэлийн Засаг дарга төлж байдаг юм? Эдгээр жишээ бол бүгд НИТХ болон Засаг даргын тамгын газраас гарч байгаа хөрөнгө. Үүгээр ч зогсохгүй асар олон томилолт, визийн зардал гэх мэтээр санаанд багтамгүй их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Зөвхөн хэвлэлийн хурал хийхэд л 22 сая төгрөг зарцуулж байна гээд бод доо” гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top