Сайд, дарга нарын шатахуун их иддэг автомашиныг төрд буцаан авах ажлын хүрээнд төрийн байгууллагуудаас том оврын тансаг зэрэглэлийн 60 орчим машиныг хурааж орон нутаг, хилийн боомтууд руу буюу орон нутгийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хилийн заставуудад тараасан. Харин дараагийн ээлжинд 80 автомашин хураах жагсаалт гаргасан талаар Төрийн өмчийн хорооноос мэдээлсэн ч энэхүү ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Ямартай ч хоёрдугаар ээлжинд хураах 100 километрт 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг машинуудыг орон нутагт тараалгүй Засгийн газрын баазад төвлөрүүлж, шаардлагатай үед дуудлагаар үйлчилдэг болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийсэн байдаг. Тодруулбал, төрийн өмчит байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байсны 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна гэсэн судалгаа гарчээ. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторхи үйлчилгээнд 100 километрт 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэлсэн юм.
2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. Үүнийг төсвөөс гаргадаг гэсэн үг. Тиймээс дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлаж, том оврын шатахуун их зарцуулдаг машинуудыг хурааснаар хий дэмий зарцуулалт багасч, төсөвт ирэх ачааллыг багагүй хувиар хөнгөлнө хэмээн албаныхан тайлбарлав.
Эх сурвалж www.wikimon.mn