|

Ерөнхий сайд: Би 9.5 саяын үнэтэй мөнгөн аяга огт аваагүй

magnai 2015/10/02 556 0

Ерөнхий сайд: Би 9.5 саяын үнэтэй мөнгөн аяга огт аваагүй

Яг одоо УИХ-ын чуулганаар өвөлжилтийн бэлтгэлийн талаарх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Яг одоо сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Засгийн газарт би бүрэн эрхийнхээ хүрээд асуулга тавьсан. Асуулгын хариу яасан юм бол. Өнөөдөр Ерөнхий сайдын хэлж буй танилцуулга тун муу байна даа. Бид ийм юм хийх байх гэсэн байртай л юм ярьлаа. Хөдөө аж ахуйн яамнаас гадаад руу гаргах гэж байгаа. Махаа яаж гаргах гэж байгаа юм бол. Та нар гарч ирсэн цагаас хойш хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг хасах тухай ярьсан. Үүнийг гудамжинд жагсан байж болиулсан. Одоо дахиад цалин хасах тухай ярьлаа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ" гэж асууллаа.

Ерөнхий сайд "Энэ асуудлыг чуулган нээгдсэн чухал өдөр оруулж ирж хэлэлцүүлж байна. Засгийн газар өвлийн бэлтгэлд хавраас орсон. Би түрүүн мэдээлэлдээ долдугаар сараас эхлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилготой тушаал, шийдвэрүүд гаргасан гэж танилцуулсан. Махны хувьд элдэв дээдийн улс төрөө больж асуудалд эерэгээр хандах цаг боллоо. Өнгөрсөн жил 1800 тонн мах экспортолж  байсан. Өнөөдөр дээд хүчин чадлаараа ажиллахад 120 мянган тонн мах экспортлох бололцоо байна. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллана. Махтай холбоотой улс төрөө хойш орхиод нарийн ширийн зүйлээ ярилцъя” гэв.

УИХ-ын гишүүн, ХХААЯ-ны Р.Бурмаа "Сүүлийн жилүүдэд мах экспортлох асуудал зогсонги байдалд орсон. Энэ нь малын гаралтай өвчинтэй холбоотой. Ноднин жил 1800 тонн мах экспортлосон. Уг нь 64 мянган тонн мах экспортлох квот байсан. Харин өвчин болон махны үйлдвэрүүд шаардлага хангаагүй учраас нийлүүлж чадаагүй. Энэ жил мал төхөөрөх 46 үйлдвэр байна. Эдгээрээс 26 нь ОХУ-д мах экспортлох зөвшөөрөлтэй 26, 5 нь Хятадад мах экспортлох эрх авсан. Мөн дулааны аргаар мах боловсруулах 5 үйлдвэртэй боллоо. Дулаанаар аргаар мах боловсруулах тус бүр таван үйлдвэр Хятад болон Орост мак экспортлох зөвшөөрлөө авлаа.

ОХУ руу 100 мянган тонн хэмжээний үхрийн мах гаргах зөвшөөрөлтэй. Адуу, хонь, ямааны мах экспортлох тал дээр квот байхгүй байна. Мөн Хятадын Засгийн газрын холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээр хийсний үр дүнд өвчингүй тайван бүсэд шинжээчид ажиллаж байна” гэв

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Ерөнхий сайдаа та битгий уурлаж бухимдаад бай. Та нарыг өгсөн цаасан дээр чинь ийм тоо баримт байна. Орон нутаг төсөвгүй байна. Ажил муудсан газрын хурал ихэсдэг гэдэг шиг. Бид энд баахан худлаа хуралдахаас хэтэрхээ байлаа. Төсөв чинь хүндэрлээ гудамж төслийн долоо хүн европын орноор 7 тэрбумаар явлаа. Иргэдийн төлөөлөгчид урамшуулал авсан байна. Та өөрөө хүртэл 9 сая 500 мянган төгрөгийн мөнгөн аяга авчээ. Хөдөө нөхцөл байдал хэцүү байна. Өнөөдөр малд нь өвчин гараад сум руугаа утасдаж дуудлага өгөхөд сумын мал эмнэлэг нь ирээд ав бензингүй байна гэж хэлүүлжээ. Бид өвөлжилтийн асуудлаа ярихдаа шийдэх арга замыг нь олох ёстой." гэв.

Ерөнхий сайд "Уурлаж сандарсан зүйл алга. Та харин намайг загнаад байна. Би учирлаад ярьж байна. Би 9 сая 500 төгрөгийн мөнгөн аяга аваагүй. Тийм юм авдаг юмыг нь ч зохион байгуулаагүй. Төсөв дээрээ тийм юм бичсэн газрыг аудит нь очоод шалга" гэж хариуллаа. 

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Их Хурлын дэд дарга М.Энхболд "Ерөнхий сайд мэдээлэл өгч байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний салбарын талаар үг олж сонсож чадсангүй. Энэ салбарын өвөлжилтын бэлтгэл ер нь ямар байна вэ. Засварын хувь хэмжээ нь ямар байна. Нүүрс нөөцлөлт нь хэр хэмжээнд байна. Төв суурин газрын цахилгаан станц ямар төвшинд бэлтгэлээ хангаж байна. Энэ салбарыг анхаарч байна уу. Хоёрдугаарт өвөлжилтийн бэлтгэлийг ярихад орон нутгийн дарга нарын маргаангүй байх нь чухал. Жишээлбэл Дархан-Уул аймагт ИХТ-ийн хэсэг нөхдүүд хууль бус зүйл хийлээ. Та тэр хууль бусаар томилогдсон хүнийг нь та томилчихлоо. Дундговь аймгийн засаг даргыг огцруулсан шийдвэрийг чинь шүүх хууль бусаар томилсон байна гэж хэллээ.

Газар тариалан хэцүүдэж байгааг та цаг уурын нөхцөл байдалтай холбож өнгөрөх гэж байна уу. Тийм биш, газар тариалангийн асуудалд хавар ямар байдлаар хандсанаар асуудал шийдэгддэг. Өнөөдөр 20 гаруйхан хувийн ургацыг хурааж авч байх шиг байна. Засгийн газар энэ талаар ямар арга хэмжээ авах вэ. Хавар юу хийв. Одоо ямар үр дүн гарах гэж байна вэ” гэж асууллаа.

Ерөнхий сайд "Би хурдан уншчихсан бол уучлаарай. Эрчим хүчний салбарыг орхигдуулаагүй. Эрчим хүчний салбарын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Бид газар тариаланг 100 хувь цаг ууртай холбоогүй. Энэ жил бид 500 мянган га талбайд тариа тарьсан. Өмнө нь ийм хэмжээний тариалалт болоогүй. Мөн ургацынхаа 20 биш 60 гаруй хувийн аваад байна. Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ярьж байгаа" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Та зурагдсан пянз шиг хэдэн танил үгээ битгий ярь. Яах вэ хийж бүтээх гэж зорьж зүтгэж байгаа зүйл байгаа л байх. Үүнийг үгүйсгэж болохгүй. Өнөөдөр бид мал, тариа, эрчим хүчний тухай ярьж байна. Нийслэл тухай асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр хичнээн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид дампуурсан бэ. Нийслэл, аймгийн төвүүдэд орлогогүйгээсээ болоод хоол хүнсгүй болох магадлалтай айл өрх байна уу. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлд хэрхэн анхаарч байна вэ. Энэ жил маш их ургац алдсан шүү. Одоо өгч байгаа мэдээлэл чинь ташаа байна" гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр "Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гол арван байгууллага хамрагдсан. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна. Нийслэлийнхэн Амгалангийн дулааны станц энэ сарын 15-нд бүрэн ашиглалтад орно. Энэ өвөл дулааны хувьд их өнөтэй өвөл болно. Цахилгааны асуудал бэлтгэл ажлаа 99 хувьтай хангалаа" гэж хариуллаа.

Г.Лхагва


 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top