|

Хар машин

saikhnaa 2015/11/19 939 21

Хэдэн нөхдийн хамт байхдаа амьдралдаа хамгийн удаан шээсээ барьж тэвчсэн тохиолдлоо дурсацгаасан юм. Хөдөө замд хаана буудаллах талаар ярьж яваад л эхэлсэн яриа л даа. Бүгд л өөр өөрийн тогтоосон рекордоо хэлж нэг цаг, хоёр цаг гэх зэргээр дээшилж байтал нэг нөхөр маань 4 цаг гаран шүү гээд тас цохилоо.

 

Энэ амжилтын өмнө гарч гишгэхээр тэвчиж тэсч байсан хүн гарсангүй. Одоо манай хүн яагаад морь харчих боломжгүй байснаа үндэслэлтэй хэлэх л үлдлээ. Тэгээд ч итгүүлж чадсан юм. Хөдөө аймагт сонгуулийн тооллогын хэсэгт ажиглагчаар орж үзжээ. Санал тоолох хэсэг рүү орж явахад нь л бие засчихмаар оргиод байсан ч эхлүүлчихээд больё гэж бодсон гэнэ. Гэтэл хаалгаар оруулаад ард нь түгжээ тархийж, лац ломбо задарч саналын хайрцаг онгойжээ. Хэн ч гарахгүй, орохгүй, утсаар ярихгүй журамтай. Ингээд 5000 гаран сонгогчийн саналыг дөрвөн төлөөлөл тойрч зогсож байгаад тоолж гарч дээ. Энэ ажиллагаа 3 цаг үргэлжилсэн бөгөөд тоолж дууссаны дараа тусад нь ялгасан зөрчилтэй хуудсуудаа хэрхэх талаар ярьж протокол тэмдэглэл хөтөлж байсаар дахиад нэг цагийг авч нийтдээ манай хүн 4 цаг яс гүрийжээ. Энэ хооронд бүгд утсаа салгасан байсан ч хэн ялж яваа талаар мессеж аль хэдийн гадагш ниссэн тул гадаа ойрхон байх штабт ялалтын хундага өргөх баярын уухай чимээлээд эхэлчихсэн байж. Манай хүн эхлээд ширүүн хөдлөхөө больж дараа нь бүүр чангахан дуугарахаа больсноор асуусан бүхэнд толгой дохисоор  бушуухан гарахын мөн болсон гэнэ.

 

Монгол улсын сонгуулийн хэсгүүдэд санал гараар тоолох зураглал нэг ийм байлаа. Гэхдээ ард нь болдог хэрүүл маргаан зарга шүүлт тасрахгүй. Гараар санал тооллогод олон луйвар байдгийг ялагдсан нэр дэвшигчийн зарга мэдүүлгээс төвөггүй олж харна. Голын цаанаас ирж явсан явуулын саналын хайрцаг авчирч явсан хүнтэйгээ хэсэг төөрч байгаад гэнэт олдохдоо лац ломбо нь солигдчихно. Тэр хооронд дотор нь байсан санал нь хувирчихсан тоо нь дутчихсан байсныг нэг хэсэг нь нотлоно. Саналыг асгах үед урьдчилан бэлтггэж халаасалсан хуудас холино. Эсрэг талын саналын хуудсыг бөгжөөр зурах, урах, нэмж тэмдэглэх зэргээр хүчингүй болгоно гээд л хөгжилтэй гэмээр юм болно.

 

Саналыг гараар тоолох нь учир дутагдалтай ч аливааг гараараа барьж, нүдээрээ харж байж итгэдэг манай онцлогт таарч байсан тул төвөгтэй гэж үзээгүй ирсэн. Тэгээд ч манайх шиг хүн ам цөөтэй улсад сонгогч ихтэй хэсэг байлаа гээд 5-6 мянга орчим хуудсыг тойрч зогсож байгаад тоолох бол тийм ч их хүндрэлтэй ажил биш байлаа.

 

Ингээд 2011 оны Сонгуулийн хуулиар хуульчилснаар 2012 онд анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу хар машины тусламжтай УИХ-ын сонгууль болов. Энэ арга сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулах нь тодорхой. Гэхдээ энэ хар нөхөр гацаж дүлийрч зарим тохиолдолд 3-4 цаг мунгинаж байж дүнгээ гаргасан тохиолдол ч байдаг. Мөн сонгогчдын саналын хуудсыг яг зөв уншиж хариу гаргаж байгаад эргэлзэх зүйл олон. 

 

Анх бол 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэдэж байсан гэдэг. АНУ 200 сая, Бразил 150 сая, Мексик 100 сая зэрэг оршин суугч ихтэй нүсэр сонгуульддаг улс орнуудад цаг хэмнэж ажил хөнгөвчлөх үүднээс хэрэглэглэж эхэлсэн эд. Бас тийм ч цагаан мөргүй сонгууль будилаантуулж байсан цөөнүй тэмдэглэлтэй хувийн хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ал Горын замыг заахад энэхүү хар нөхөр их үүрэг гүйцтгэсэн гэж яригддаг. Нэг тойрог дээр хасах 16022 санал гэж гаргасан нь урьдчилсан дүнгээр олж авсан ялалтыг нь эргүүлчихэж. Тулгаж ярих гэтэл мэдээлэл хадгалагч карт нь алга болсон гэснээр мухарджээ. Энэ тойргийн санал Ж Бушийн ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдэг.

 

Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулийн хуудсыг сканерддаг техникээр сонгууль явуулсны дараа худлаа тоололт болсон нь батлагдсан тул хуулиа өөрчилж буцаж үзэг цаасаа барьж авчээ.

 

2006 оны 10 сард мөн хэсэг залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал тоологчийг янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар тоолуур тодорхой нэг намын саналын тоог нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлж болохыг батлан үзүүлж байжээ.

 

Харин бид хар машиндаа цагаахан итгэж УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа харанхуй тоолуулсан. Гэхдээ саналаа луйвардуулсан эсэхээ мэдэхгүй байгаа. Яг сонгуулийн дүнгээр ямар нэг байдлаар хэсэгчлэн сонгож саналын хуудсыг гараар тоолж тулгаж үзээгүй гэсэн үг.

 

Манай тохиолдолд тэмдэглэгдсэн хар машинтай холбоотой хөгжилтэй гэмээр нэг жишээ байна.    Иргэний нийгмийн нэгэн төлөөлөгч сонгуулийн дүнд 10 гаруй санал авсан гэж хар машин тоолжээ. Энэхүү арай ч дээ гэмээр дүнд гомдсон нэр дэвшигч  "Надад үүнээс ч олон хамаатан бий, бас миний штабд ажилласан үүнээс ч олон хүн миний тойрогт саналаа өгсөн” гэж мэдэгдэж байжээ. Яаж ч бодсон тийм л дээ. Гэр бүлийнхэн ах дүүгээ нэмээд 20 санал хүрэхгүй байгаа гэхэд хэн итгэх. Дэлхийд хамгийн бага санал авсан хүнээр тодорч мэдэх ийм нэг тохиолдлыг манай "хар машин” тодруулж л байсан байна. 

 

2012 онд анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу машины тусламжтай УИХ-ын сонгууль болсноор 2000 оноос өвдөг шороодоогүй МАН сонгуульд ялагдал хүлээж олонхийн байр сууриа алдсан. Энэ ялагдалд олон хүчин зүйл байсан ч тус намын зүгээс гараар тоолсон бол гэсэн гомдол одоо ч зангирсаар байгааг нуудаггүй. 

 

Үүнийг нь хуваалцах үндэслэл байгаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намуудын болон төрийн бус байгууллгын төлөөлөл байлцаж нийслэлийн хэмжээний санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгаж үзжээ. Хар машин шалгалтанд тэнцээгүй гэж мэдээлэгдсэн. Тухайн үед гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг саналын хуудас уншуулахад хүчингүй гурван санал гэж уншжээ. Гурван ширхэг баталсан, нугалсан хуудсыг уншуулахад хүчинтэйд тооцсон гэж байгаа. Тухайлбал Б.Бат-Эрдэнийн нэрийн санал өгөх хэсгийг будаад Ц.Элбэгдоржийн нэрийн санал өгөх хэсгийг цоолон авахад Б.Бат-Эрдэнэ дээр санал авч байсан гэнэ. Мөн энэхүү хар машины программ хангамж нь Монголын өмч биш. Уг программыг аудитийн байгууллагаар баталгаажуулсан гэдэг нь ч эргэлзээтэй. Энэ тухай баримт бичиг байхгүй байгаа талаар яригдаж байж.

 

Энэхүү эргэлзээнд машиныг оруулж ирсэн талаас ямар нэг барьцтай тайлбар өгөөгүй байдаг. Ерөнхийдөө ялагдсан намын гомдол гэдгээр тэгсгээд  намжсан. Ингээд мөн хар машинаар тоолсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад урьдчилсан байдлаар АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж МАН-ын нэр дэвшигчээс 102.414 илүү санал авсан дүнг хар машин үзүүлсэн талаар Сонгуулийн хороо мэдээлж байлаа. Харин сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа МАН-ын зүгээс "...манай нэр дэвшигч 518209 хүний санал авсан. Ялалт байгуулсан нэр дэвшигч Ц.Элбэгдоржоос ердөө 2852 хүнээр дутуу санал авлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж манай нэр дэвшигчээс ердөө 0.23 хувийн саналаар давж ялалт байгуулсан...” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр МАН-ын зүгээс ийн хар машинд итгэл муутай байсан ч сонгуулийн дүн дээр ноцтой маргаан болоогүй.

 

"Гэхдээ” гэсэн эргэлзээ иргэдэд ч,намуудад ч үлдсэн. Асуудал хар машиныг АН оруулж ирсэн гэдэгтэй бус ер нь нэг удаа гар аргаар тоолж баталгаажуулаад сэтгэлийн сэвээ арилгачих нь ирэх сонгуулийг хэрүүл маргаангүй дуусгахад хэрэгтэй гэж хашир иргэд ч хэлж байгаа. Хар машиныг залсан бусад орны жишээг харахад ч цөөнгүй улс орон маргаантай тойргууд дээрээ тулгаж тоолоод дахин ашиглахаас татгалзаж байсан жишээ байгаа юм.

 

Манай улс Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн шат шатны гээд тус тус 6 удаа, мөн 10 удаагийн нөхөн сонгууль зохион байгуулжээ.  Энэ хэрээрээ гар аргаар тоолохдоо "мэргэшсэн” гэсэн үг. Харин хар машиндаа харанхуй итгэж байгаа ч шалгасан тулгасан туршлага бага. Энэ хар нөхөр дүлий оргиж байгаад алдаа булхай хийвэл сонгогчдын санал төөрч төр эргэхтэй адил үр дагавар гарна.

 

Ирэх сонгуульд элдэв хардлагаа мухарлаж гараар давхар тоолохыг шинэ хуулиндаа хийгээд өгчих хэрэгтэй. Сонгуулийн хэчнээн сайн хууль баталлаа ч төгсгөлд нь хар машин будилж үймүүлэхгүй гэх баталгааг хэн ч 100 хувь өгч чадахгүй байна.

 

Одоо үед гараар тоолоход ядаж камер тавиад хянаад байж болно. Хар машин дотор юу болж, яаж алдаж байгааг бүү мэд, таг сохор байгаа нь үнэн. Явсаар ирэх сонгуульд ялагдсан тал хэрүүл босгох том шалтаг нь "хар машин” болж магадгүй шүү.

 

"Сайн биеэ засаад биеэ бэлдээд орчиход ч хэрүүл маргаангүй бол 5000 мянган хүний санал тоолох ч 4 хүнд бол 3 цаг орчимд л дуусах ажил юм байна лээ” гэж тэвчээртэй найз дараа нь онцолсныг төгсгөлд хэлье дээ.    

 

Б.Хэгжүүн

Санал болгох

Сэтгэгдэл

top