Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх байнгын үйл ажиллагаатай "Шинэ амьдрал” нийгэм сэтгэл зүй, халамж үйлчилгээний тусламж үзүүлэх төв байгуулагдаж нээлтээ хийлээ. Орхон аймаг 2012 оноос эхлэн архины хамааралтай, орон гэргүй орц хонгилоор хоног төөрүүлдэг иргэдийг нийгэмшүүлэх, хүйтний улиралд түр хоноглох байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
Энэ хугацаанд нийтдээ 200 гаруй иргэн хамрагдсан байна.
Нийгэмшүүлэх үйл ажиллагаа нь улирлын чанартай буюу зөвхөн хүйтний улиралд явагддаг байсан учраас иргэд буцаж архинд донтох нийгэмших ажлын үр дүн хангалттай байж чаддаггүй байжээ. Иймээс орон гэргүй иргэдийг нийгэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээж, жилийн 4 улиралд байнгын ажиллагаатай " Шинэ амьдрал” төв байгуулагдлаа. Цагдаагийн газарт орон гэргүй гэж бүртгэгдсэн 36 иргэн, өршөөлийн хуулиар суллагдаж очих газаргүй байгаа 3 иргэн, архины хамааралтай гэж бүртгэгдсэн 300 орчим иргэн байдаг байна.
Шинэ амьдрал төвд хамрагдаж байгаа иргэдийн 98 хувь нь архины хамааралтай юм байна.
Энэ төвийн үйл ажиллагааг архидалт мансууралтай тэмцэх ассоциац ТББ-аас хариуцан ажиллах юм байна.”Шинэ амьдрал” төвийн санхүүжилт нь хандив тусламжаар болон, дулааны улиралд энд блок тоосгоны цех ажиллуулж эхэлснээр санхүүжилтээ бүрдүүлэх боломжтой болно гэж харж байна. "Шинэ амьдрал” нийгэм сэтгэл зүй, халамж үйлчилгээний тусламж үзүүлэх төв нь 30-40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий байртай бөгөөд энд сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт явагдахаас гадна, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж өгчээ.
Тухайлбал блокны тоног төхөөрөмж, шавар зуурдаг машин, суурин хөрөө рам, бүх төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх цахилгаан багаж хэрэгслүүд байгаа учраас иргэд ажиллаж хөдөлмөрлөж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бүрэн байгаа гэдгийг хэлж байна.Шинэ амьдрал төвд 25-65 хүртэлх насны иргэд хамрагдаж байна.Цаашдаа аймаг орон нутгийн зүгээс энэ чиглэлийн үйл ажиллагаатай төвийг Хүрэнбулаг, Баянцагаан зэрэг гэр хорооллын багуудад байгуулахаар төлөвлөсөн байна.