|

ДОХ цаазын ял биш гэдгийг амьдралаараа баталсан бүсгүй

saikhnaa 2015/11/26 962 0

Жил бүрийн 12-р сарын 1 өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг ДОХ-ын эсрэг өдрийг угтан энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвартай 34 сая хүн амьдарч байна. Сүүлийн жилүүдэд олон нийт ДОХ өвчин, ХДХВ-ийн халдвар гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгадаг болж, энэ өвчнийг үхлийн ял мэт хүлээн авдаг байсан хандлага ч өөрчлөгдсөн. ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр ойртож буй энэ өдрүүдэд америкийн телевизийн жүжигчин Чарли Шин ХДХВ-ийн халдвартай гэдгээ дэлхий дахинд зарлаж, хаалттай байсан гэж хэлж болох энэ сэдвийг нээж орхилоо. Дэлхий дахин ДОХ өвчний тухай мэддэг ч ДОХ-той хүмүүс яаж амьдардаг талаар ойлголтгүй байлаа. Жүжигчин Чарли Шин өнгөрсөн хугацаанд бэлгийн бүх хамтрагчиддаа ийм халдвартай гэдгээ илэн далангүй хэлдэг байснаа дуулгасан нь ДОХ гэсэн үгнээс өөрөө ч мэдэлгүй айж цэрвэдэг олон хүнд нэгийг бодогдууллаа. Тэгвэл Hiub энэ удаад ХДХВ-ийн халдвартай эмэгтэй хүний амьдралыг дэлгэх гэж байна.

Аманда Маммадова гэгч бүсгүй (бүх нэрийг өөрчилсөн) ХДХВ-ийн халдвартай ч аз жаргалтай амьдарч болно гэдгийг батална гэж ам бардам ярьж байна. Аманда ирэх хоёрдугаар сард  гурван нас хүрэх нэг охин, дөрвөн сартай хүүтэй, өөрийг нь халдвартайг үл харгалзан хайрладаг нөхөртэй, жирийн л нэг бүсгүй. Жүжигчин Чарли Шин нууцаа дэлгэсэн тухай мэдээ тархсан даруйд Амандагийн ээж охин руугаа утас цохижээ. Энэ мэдээг сонсоод Амандад эхлээд харуусал, дараа нь гуниг, цаашлаад уур бухимдал, хамгийн сүүлд нь би яах бол гэсэн айдас төрсөн байна. Аманда 26 настайдаа бусдын л адил хайрлаж дурласан, хөгжилтэй нэгэн байжээ. Бүх зүйл дээр санаа нийлдэг, ижилхэн зүйл дээр инээчихдэг, хамт гадуур гарах, найзуудтайгаа уулзах дуртай Полтой танилцаж хамт амьдрах болжээ. Орчин үеийн соёлтой залуусын адилаар Аманда Полоос БЗДХ авч байсан эсэхийг нь асуухад Пол ч нуулгүй хэлжээ. Харин Аманда дэлгэрүүлж асуугаагүй нь түүний алдаа байсан юм. Аз жаргалтай хос английн Милтон Кейнес хотод байшин худалдан авч хоёр жил хамт амьдрав.

Харин тэдний хайр дурлал эцэс болоход худалдаж авсан байшингаа зарж, Аманда шинэ амьдралаа эхлэхээр Турк улс руу  явж, фитнесийн дасгалжуулагчийн ажилд оржээ. Тэнд Аманда одоогийн нөхөр Алитайгаа танилцжээ. Тэд нэг зочид буудалд ажилладаг байлаа. Аманда фитнессийн багш, харин Али гэрэл зурагчин. Аманда 2010 оны нэгдүгээр сард эх орондоо эргэж ирээд жил бүр л өгдөг эмэгтэйчүүдийн шинжилгээнд  хамрагджээ. Долоо хоногийн дараа гар утсанд нь дуудлага ирэхэд Аманда ямар муу мэдээ дуулах гэж байгаагаа төсөөлсөнгүй. "Миний толгой дотор бөмбөг дэлбэрэх шиг л болсон. Яг тэр үед би цонхны тагтан дээр зогсч байсан болохоор хамгийн түрүүнд үсэрье гэсэн л бодол орж ирсэн.  Би үхэх болов уу? Хэр хугацаа үлдсэн бол? Хэр их хугацаа үлдсэнийг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж Аманда аймшигт өдрүүдээ дурслаа. Сэтгэлээр маш их унасан тэр өдрөө Аманда, Туркт үлдсэн Алитай интернетээр холбогдож шинжилгээнийхээ хариуг дуулгажээ. "Дахиж уулзахаа болъё гэсэн үг хүлээж байтал  тэр чи бид хоёр ямар ч халдвартай байсан хоёулаа даваад гарна аа гэсэн юм даа” гэж хэлэхдээ Аманда сэтгэл өөдрөг байлаа. Эхэндээ Аманда унтаж чадахгүй, хоолойгоор нь хоол давдаггүй байж. Харин Амандад зөвлөгөө мэдээлэл өгдөг эмнэлгийн ажилтны хэлсэн ганц өгүүлбэр түүнд урам зориг хайрлажээ.

ХДХВ гэдэг бүх насаар хоригдох ялтай адил, гэхдээ ХДХВ нь цаазын ял байхаа больсон.

Хоёр долоо хоногийн дараа Амандаа Туркт очиж, Али ч шинжилгээнд хамрагджээ. Азаар Али эрүүл байсан тул хэргийн эзэн гунигт хайр дурлалын гол дүр Пол болж таарав. Аманда Полд өөрөө хэлж зүрхэлсэнгүй. Харин Амандатай бэлгийн хавьталд орсон хүн бүрт энэ мэдээг дуулгаж, шинжилгээнд хамруулах үүрэгтэй эмнэлгээс л Полтой холбогджээ. Бүсгүйн цусан дахь ХДХВ-ийн тоо хэтэрхий бага учраас одоог хүртэл ямар нэг эмчилгээ хийлгээгүй байгаа гэнэ. Харин гурван сар тутамд эмнэлэгт очиж, хяналтанд орж байна.

ДОХ-ын халдвартай гэдэг мэдээ Амандагийн гэр бүлийнхэнд хүнд туслаа. Гэхдээ тэд ойлгожээ. Ажил нь ч урагштай байв. Халгаж халгаж найзууддаа халдварынхаа тухай хэлсэн өдрөө Аманда олон хүнийг амьдралаасаа үүрд алдсан байна.  Гэсэн ч амьдрал Амандагаас нүүрээ буруулсангүй. Али түүнийг дэмжиж, түшиж тулсаар байсан бөгөөд 2010 онд Азербайжан улсад гэр бүл болж, дараа жил нь англид суурьшсан байна. Нэгэнт гэрлэсэн учир хүүхэдтэй болох тухай яриа цухалзах болов. Ямар ч гэм зэмгүй хүүхдэд аюулт өвчин халдаах эрсдэлтэй үед ямар бүсгүй хүн хүүхэд төрүүлнэ гэж зүрхлэх билээ. Харин английн эрүүл мэндийн салбар туршлагатай, бүсгүйн цусан дахь вирусын хэмжээ бага байсны ачаар Аманда хоёр удаа хүүхэд төрүүлжээ. Хэвлий дэх үрдээ өвчин халдаасан байх вий гэж эмээн эмээн, шаналан шаланах бүтэн есөн сарыг туулах тулгар эхэд ямар байхыг төсөөлөхөд ч бэрхтэй. Хөл хүнд үедээ ретровирусын эмчилгээ хийлгэсэн учраас хүүхдэд ХДХВ халдах магадлал 100-д нэг байж. Энэ нь дөчөөс дээш насны эхчүүдэд Даунтай хүүхэд төрүүлэх эрсдэл байдагтай л ижил гэсэн үг юм. Удаан хүлээсний эцэст Али, Аманда нарын ууган охин Саабира Грейс 2013 оны хоёрдугаар сард кесаров мэс заслын аргаар мэндэлжээ. Хүүхдэд ХДХВ халдах магадлал маш бага байсан ч энэ магадлалыг бүр бууруулахын тулд мэс заслаар төрүүлжээ.  Саабира охиныг төрсөн даруйд нь мөн, зургаан сартайд нь, ой зургаан сартайд нь шинжилгээнд хамруулахад ХДХВ-ийн халдваргүй гарсан байна. Охинд нь аймшигт вирус халдаагүйг дуулаад эцэг эхийнх нь сэтгэл яаж тайвширсныг үгээр илэрхийлэх аргагүй биз ээ. Аманда эрсдлийг дахин үүрч энэ оны долдугаар сард Логан Камал хүүгээ төрүүлжээ. Хүүг мэндэлсний дараа, мөн гурван сартайд нь ХДХВ-ийн шинжилгээ хийхэд хүү халдваргүй гарч, дахин эцэг эхээ баярлуулжээ. Гэхдээ нэг ой зургаан сартайд дахин шинжилгээнд хамрагдах хүртэл тайвшрах аргагүй билээ. Аманда "ХДХВ-тэй байлаа гээд би ичдэггүй, нуугдахыг хүсдэггүй. Гэхдээ би вирус ДОХ өвчин болж хувирч болно гэдгийг үргэлж санаж, энэ бодлоороо  хором бүрт амьсгалдаг” гэлээ.

ХДХВ цаазын ял биш.

Санал болгох

Сэтгэгдэл

top