|

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

saikhnaa 2015/11/27 13780 3539

2015 оны зун Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн хээрийн судалгааны баг Булган аймгийн Хутаг-Өндөр 

 

сумын Хантай багийн нутагт Эгийн голын усан цахилгаан станцын усан сангийн талбайд орших түүх, соёлын дурсгалуудыг авран хамгаалах малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Неолитын үеийн 4 булшийг шинээр нээн илрүүлж малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ангийн бүрэлдэхүүнд багийн анхлагчаар ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын Их сургуулийн аспирант, Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай, эрдэм шинжилгээний ажилтнаар Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш, докторант Э.Мижиддорж, С.Оргилбаяр, Б.Галбадрах, туслах эрдэм шинжилгээний ажилтнаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунлау Их сургуулийн магистрант Ж.Эрдэнэ, Улаанбаатарын Их сургуулийн магистрант Г.Энхмагнай, Б.Өнөрбаяр болон тус сургуулийн Археологи, Түүхийн тэнхимийн 3-4 курсын оюутнууд оролцон ажиллаа.

Бидний малтан судалсан неолитын үеийн 4 булш нь Эгийн голын хөндий Хантай багийн төвийн орчим Дамиран уулын зүүн урд үзүүр Марзын хөтөл (Зураг 01), Харуулын гозгор хэмээх газарт оршино. Эдгээр 4 булшийг үйлдэхдээ газарт жижиг дугуй нүхийг 80-100 см гүн ухаж, хүнээ хагас суугаа болон тэнэгэр байдалтай тавиад нэг булшинд 6, 4, 2, 1-р нь нас барсан талийгаачийг оршуулсан явдал нь урьд өмнө илэрч байгаагүй онцгой тохиолдол бөгөөд умард Монголын нутгаас анх удаа Неолитын үеийн оршуулга илэрч буй нь энэ үеийн оршуулгын судалгааг шинэ соргог мэдээллээр баяжуулсан түүхийн чухал баримт боллоо.

Марзын хөтлийн булшнаас илэрсэн 4 хүний оршуулга нь тухайн үед дайн тулаанд орж амь эрсдсэн хүмүүс бололтой талийгаачдын мөчний яснууд ихэнх нь хугарч гэмтсэн байхаас гадна нэг оршуулгын нүүрэн тус газарт ясан зэв зоолттой байсан нь эдгээр талийгаачдыг зүй бусаар нас эцэслэснийг давхар гэрчлэх баримт болж байгаа юм. Харин Харуулын гозгор уулын 3 булшинд онц ноцтой бэртэл гэмтлийн зүйл анзаарагдахгүй байгаа бөгөөд 1-117 дугаар бүхий оршуулгад 6 хүнийг нэг доор 1,2 м өргөн, 1 м орчим гүн нүхэнд хагас суугаа байдлаар булшны нүхний зүүн урд талаар хөмөглөн ухаж тавьсан байгаа ихэд сонирхолтой тохиолдол болж байна. Эдгээр оршуулгад дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлс дотор зуулга иртэй ясан хутга 2, олон тооны зуулга ир, хүзүү болон гарны чимэглэл болох сувсан зүүлт жижиг том олон төрөл нийт 3000 орчим, төрөл бүрийн ясан эдлэлүүд зэрэг онц сонирхолтой хэрэглэгдэхүүн илрэн олдлоо. Мөн бүх оршуулгын дээр улаан өнгийн зос будгийг их бага хэмжээгээр цацаж зан үйл гүйцэтгэсэн нь малтлагын явцад тодорхой харагдаж байлаа. Тиймээс эдгээр булшны оршуулгын зан үйл, дагалдуулсан эд өлгийн зүйлст тулгуурлан энэхүү булшнуудыг Неолитын буюу 7000-5000 жилийн өмнө үйлдсэн хэмээн үзэж байна.

Урьд өмнө Монгол нутгаас Неолитын үеийн булш зөвхөн дорнод Монголын нутгаас буюу Дорнод аймгийн Тамсагбулагаас 1967, Булган сумын Норовлин уулнаас 1972 онуудад илрэн олдож байсан бөгөөд харин 43 жилийн дараа анх удаа умард Монголоос, тэр дундаа 1 биш 4 тусдаа булш илэрч олдсон нь Монголын түүхийн хэрэглэгдэхүүнийг баяжуулсан, түүнийг нэгэн шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо. Булшнуудаас гарсан хүний яс болон эдлэл хэрэглэгдэхүүний лабораторийн судалгааны ажил үргэлжилж байгаа аж.

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

Судалгааны багийн бүрэлдэхүүн. Марзын хөтлийн булшны нөхөн сэргээлтийн дараа

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

Зураг 01. Марзын хөтлийн оршуулга

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

Зураг 02. Харуулын гозгорын 1-117 дугаар бүхий булшны оршуулгын байдал

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

Марзын хөтлийн оршуулгаас илэрсэн зуулга иртэй ясан хутга. Монголоос анх удаа

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

 Марзын хөтлийн булшнаас илрэн олдсон олдворууд

УМАРД МОНГОЛООС НЕОЛИТЫН ҮЕИЙН БУЛШНУУД АНХ УДАА ИЛЭРЛЭЭ

Марзын хөтлийн хөтлийн булшнаас илэрсэн сувсан зүүлтнүүд

 

Эх сурвалж: www.choibalsan.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top