|

Оюутолгой хөдөлж эхэллээ

saikhnaa 2015/12/16 1029 0

Монголын Засгийн газар болон Рио Тинто групп гацаад буй Оюутолгойг цааш хөдөлгөх гэрээг байгуулж чаджээ. Гэрээ өчигдөр зурагдсан байна. Энэ талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг сонирхуулж байна.

 

 

Бүх хөрөнгө оруулалт ам.доллароор хийгдэнэ

 

Олон жилийн турш гацаад буй Монголын Оюутолгойн далд уурхайн төсөл өнөөдрөөс  хөдлөх боломжтой боллоо. Учир нь Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч "Рио Тинто” групп болон Монголын Засгийн газар харилцан тохиролцоонд хүрч, далд уурхайн санхүүжилтийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр тал энэ оны тавдугаар сард тохиролцоонд хүрч, өчигдөр 4.4 тэрбум ам.долларын гэрээг амжилттай үзэглэжээ.

 

Бүтээн байгуулалтын ажлыг арилжааны 15 банк, Австрали, Америк, Канадын Засгийн газрын агентлаг, Олон улсын санхүүгийн байгууллага нэгдэж, хөрөнгө оруулахаар болсон байна. Бүх хөрөнгө оруулалд ам.доллароор хийгдэнэ.  

 

"2016 оноос эхлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил улам эрчимжих болно” хэмээн "Рио Тинто” группийн төв сайтад мэдээлжээ.

 

Эх сурвалж: Австралийн "www.smh.com.au” сайт.

 

 

2100 он хүртэл ашиглах боломжтой

 

Австралийн уул уурхайн "Рио Тинто” групп Монголын Оюутолгойг хөдөлгөж, эргэлтэд оруулах 4.4 тэрбум ам.долларын гэрээг өчигдөр тус улсын удирдлагуудтай байгуулж чадсан байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэхүү түүхэн гэрээг үзэглэсэн аж. "Рио Тинто” дээрх хөрөнгө оруулалтаа олон улсын 15 компаниас авахаар тохиролцож чаджээ.

 

Оюутолгойд 2.5 тэрбум тонн зэс, алтны нөөц байна хэмээн тооцоолжээ. Энэхүү ордоос гадна бусад ордыг 2100 он хүртэл ашиглах боломжтой. Ийнхүү Оюутолгойн хувь эзэмшигчид урьдчилсан байдлаар 100 гаруй тэрбум ам.долларын орлого боломж бүрдэж байна.

 

Эх сурвалж: Хонконгийн "www.channelnewsasia.com” сайт

 

 

Монгол хүчирхэг эдийн засагтай улс болно

 

Монгол дахь хамгийн том орд Оюутолгойг хөдөлгөх 4.4 тэрбум ам.долларын гэрээг өчигдөр албаныхан үзэглэсэн байна. Олон улсын арилжааны 15 банк болон таван агентлаг хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.  

 

 

Герман, Голланд, Австрали, Франц, Канадын арилжааны банкууд хөрөнгө оруулахаар болсон байна. Олон улсын хөрөнгө оруулагчдад "Рио Тинто” групп баталгаа өгчээ. Тус группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Харилцан буулт хийсний үр дүнд Оюутолгойг хөдөлгөх гэрээг байгуулж чадлаа. Бид арилжааны банкуудын тусламжтай хөрөнгө оруулалтаа бүрдүүлж байна” гэж хэлжээ.

 

"Рио Тинто” группийн охин компани "Turquoise Hill”-аас "Эхний ээлжинд ажиллах хүчин болон дотоодын аж ахуйн нэгж, эдийн засгийн мөнгөн урсгал нэмэгдэх болно. Энэхүү төслийн санхүүжүүлт ДНБ-ий 37 хувьтай тэнцэх болно” гэж мэдэгджээ.

 

"Монгол хөрөнгө оруулалтыг татаж, зөв ашиглаж чадвал хэдхэн жилийн дараа танигдахын аргагүй хүчирхэг эдийн засагтай улс болно” хэмээн Америкийн эдийн засагч хэлсэн байна.

 

Эх сурвалж: Америкийн "www.afr.com” сайт.

 

 

Удахгүй Оюутолгойн барилгын ажил эхэлнэ

 

Монголын Оюутолгойн ордыг хөдөлгөх 4.4 тэрбум ам.долларын гэрээг "Рио Тинто” болон тус улсын удирдлагууд байгуулж чаджээ. Энэ өдрийг түүхэн өдөр хэмээн хэлж болно. Учир нь 2014 оноос хойш Оюутолгой гацаад байсан юм. "Рио Тинто” дээрх хөрөнгийг олон улсын 15 банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас татна.  Ирэх оны эхний хагас гэхэд Оюутолгойн барилгын ажил эхлэх билээ.

 

Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу "LIBOR + 6%” байхаар тогтсон байна. 2013 онд 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч эцэстээ 4.4 тэрбум доллар болж өсчээ. Үүний 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь Оюутолгойн төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдахаар гэрээнд тусгагджээ.

 

Эх сурвалж: Америкийн "www.financialpost.com” сайт.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top