|

Тосонбумбын нурууг мартагнуулж байгаад “шарж” идэхээр зэхэв үү?

saikhnaa 2016/01/06 940 0

Тосонбумбын нурууг мартагнуулж байгаад “шарж” идэхээр зэхэв үү?

 

Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад оруулна гэж салбарын сайд нь мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлээ  "Ирвэс хамгаалагч сан”-гийн биологич залуугийн үхлийн  дараахан хийсэн билээ. Саяхан тэрээр "Ирвэс хамгаалагч сан”-гийн хамт олон, талийгаач залуугийн ар гэрийнхэнд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн тухай сүртэй мэдээлэл цацагдаж байв.

Нэлээд эртнээс яригдаж буй энэ асуудал  биологич залуугийн учир битүүлэг үхэлтэй холбогдуулан олны анхааралд орсон гэж болно. Улмаар олон нийт шинэ жилийн баярын  бужигнаан дундуур Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад орсон мэтээр ойлгосон гэж ч болно.

Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ  засгийн газар  Тосонбумын нурууг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, Тосонбумбын нуруунд одоо дахин лиценз олгогдохгүй. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулахгүй. Гэхдээ энэ ньтодорхойгүй хугацаанд л Тосонбумын нурууг хэсэг чөлөөлнө гэсэн үг юм. Түүнчлэн Тосонбумын нуруунд олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензүүд цуцлагдахгүй.

Өөрөөр хэлбэл, Тосонбумын нуруунд  лицензтэй уул уурхайн компаниудын лиценз хэвээр хадгалагдана гэсэн үг юм. Ингэснээр тэдэнд  засгийн газар улсын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тэр цаг үеийг хүлээгээд, лицензээ хадгалж байх алтан боломж бүрдсэн байна.

Энэ талаар УИХ-ын О.Баасанхүү "Уул уурхайн сайд Р.Жигжид Тосонбумын нурууг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг засгийн газарт тавьсан. Р.Жигжид Тосонбумын нурууг тусгай хамгаалалтад авах шаардлагагүй гэж хуралдаан дээр мэдэгдсэн юм билээ. Энэ асуудлыг бид дахин сөхөх болно” гэсэн тодруулга өгсөн юм.

Ийнхүү Засгийн газар Гацууртыг  хэсэг хугацаанд  дарж, дахин эргэлтэд оруулах  асуудлаар улайрах болсонтой нэгэн адил Тосонбумбын нурууг мартагнуулах замаар  алсдаа шарж идэх жагсаалтдаа оруулсан бололтой.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top