Энэ сарын 19-нд Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг албан тушаалаас огцруулах тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьж улс төрд хөл хөдөлгөөн нэмэв. Харин гурав хоногийн дараа ОХУ-ын Төрийн Дум хуралдаж "Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт их өрийн үлдэгдэл болох 174.2 сая ам.долларын 97.8 хувийг чөлөөлөх, үлдсэн өрийг хугацаа товлон 30 хоногийн дотор төлөх” асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд Г.Уянга гишүүнд уураа гаргаж байхад хойд хөршийн Төрийн Дум Монголын Засгийн газраас өр төлбөр нэхэх тухай хууль хэлэлцээд сууж байсан нь хувь заяаны бас нэг шоглоом гэлтэй.
Ч.Сайханбилэгийг Дубайд байгуулсан Оюутолгойн гэрээний асуудлаар огцруулна гэдгээ Г.Уянга гишүүн мэдэгдээд удаж байгаа. Зунаас хойш улиг болтол яригдаж дүн өвөлтэй золгосон энэ асуудлыг дэмжих гишүүдийн тоо 19-д хүрээгүй тул Ерөнхий сайд нэлээн тайвширсан байх. Засгийн газрын тэргүүнийг огцруулах тухай тогтоол, хөрш орны Төрийн Думаас батлагдан гарах гэж байгаа өрийн тухай хууль хоёр ийн гурав хоногийн зайтай яригдсан нь Ерөнхий сайдыг төдийгүй танхимын сайд нар, эрх баригч АН-ынхныг өргөстэй сандалд суулгасан аятай хөдөлгөөнд орууллаа.
Засгийн газар энэ өдрүүдэд "Мазаалай” бонд гарган зээл авахаар бэлтгэж байсан аж. Нью-Йорк, Лондонгийн олон улсын санхүүгийн зах зээлээс босгохоор бэлтгэсэн бонд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын сургаар гацаанд орсон гэж эрх баригч намынхан халаглав. Хэрэв одоогийн нөхцөлд бонд гаргавал эрсдэл өндөртэйд тооцогдох учраас ихээр бодоход 600 сая ам.долларын зээл 16 хувь хүртэлх хүүтэй олдохоор байгаа сураг байна.
Тун удахгүй ОХУ-аас нэхэгдэх гэж байгаа энэхүү өр түүхэнд "их өр” хэмээн тэмдэглэгдсэн. Монгол Улс хуучин ЗХУ-аас 1947-1990 оны хооронд төмөр зам тавих, цахилгаан дамжуулах шугам, дулааны станц, уурхай, эмнэлэг сургууль, цэцэрлэг, үйлдвэр, орон сууцны хороолол барихад зориулж авсан 11.4 тэрбум рублийн өр юм. 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед 11.4 тэрбумын шилжих рублийн өрийг 250 сая ам.доллараар хаасан ч манай тал Монгол Улс ОХУ-тай хамтран эзэмшдэг "Монголросцветмет”-ийн өрийг мартсан байсныг 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Улаанбаатарт хийсэн айлчлалынхаа үед сануулж, 180-аад сая ам.долларыг хэрхэн барагдуулах вэ гэж сурагласан мэдээ бий.
Харин Монголын Засгийн газар 2009 оны намар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байх өдөр ОХУ-ын Сангийн сайдын орлогч Истанбулд болсон Олон улсын валютын сангийн хурал дээр "Монгол Улс ОХУ-д өртэй, өрөө төлөхгүй байгаа” талаар мэдэгдсэн юм гэдэг. Үүнийг санамсаргүй давхцал гэж харахаас илүү үе үе хоёр хөршөө "мурьчихдаг” Монголын Засгийн газарт өгсөн сануулга байж болохоор… Энэ сарын 22-нд ОХУ-ын Төрийн Думд өрнөсөн их өрийн тухай хэлэлцүүлэг ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт өгсөн бас нэгэн анхааруулга байж мэдэх юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас харвал Төрийн Дум энэ сарын 29-ны хуралдаанаар Монголын их өрийн үлдэгдэл 174.2 сая ам.долларын 97 хувийг чөлөөлөөд үлдсэн 3.8 сая ам.долларыг тодорхой хугацаа заан 30 хоногийн дотор төлүүлэх шийдвэр гаргах бололтой юм.
Мөн Оросын эх сурвалжууд мэдээллээ "Төрийн дум Монгол Улсаас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв” гэсэн өгүүлбэрээр тодотгожээ. Энэ мэдээлэл өөрөө "Их өрийн сэдэв хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу яригдсан. Асуудлыг хойд хөршийн Төрийн Дум тун удахгүй хуульчлан баталгаажуулна гэдгийг Монголын Засгийн газар мэдэж байсан” гэдгийг харуулаад байгаа. Нийтийн дунд чимээ анир дэгдээлгүй гэнэт яригдсан 3.8 сая ам.доллар хямрал нүүрлэсэн манай эдийн засагт том тоо, том нэрмээс. Чингис бондын 1.5 тэрбумыг тойрсон зодооноо цэгцэлж амжаагүй Засгийн газар 3.8 сая ам.долларыг хаанаас босгох вэ.
ОХУ өрөө нэхэх нь ойлгомжтой болсон энэ цаг үетэй давхцуулаад эрх баригчид "Мазаалай” бондыг зална гэж тооцсон байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Энэ бонд нууц хүрээнд яригдаж байгаа шиг 600 сая ам.доллараар хэмжигдсэн нь үнэн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ОХУ-ын өрийг төлөх 174.2 сая ам.доллараа босгочихно. Дараа нь харин Монгол Улсын хувь заяа хаашаа эргэх вэ.
Монголын Засгийн газарт "боловсон” аргаар хориг тавих шалтгаан хойд хөршид бий. Энэ бол Сэлэнгэ мөрөн дээр баригдах усан цахилгаан станцууд. Нэг нь Эгийн голын УЦС. Энэ станцыг барих ажил Тавантолгойн нүүрсний ордод барих цахилгаан станцын төслөөс хугасалсан мөнгө, Хятадын Засгийн газрын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн. Үүнээс гадна Шүрэнгийн УЦС бий. Дэлхийн гадаргын цэвэр усны 20 хувь болох 23 мянган шоо километр эзлэхүүнтэй Байгаль нуурын нөөцөд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг учраас ОХУ Сэлэнгэ мөрөнд УЦС барих ажилд таатай ханддаггүй. Өвлийн цагт, гол мөрөн хөлдсөн үед ашиглах ямар ч боломжгүй нь ойлгомжтой ч манай Засгийн газар эдгээр УЦС-ыг яаж ийгээд барина хэмээн зүгтгэсээр байгаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт энэ зөрчил хүндээр туссан байхыг үгүйсгэх аргагүй.