Үүний цаана юу гээч явж байдгийг нэг харцгаая. Тэгээд ингүүлж байгаа юу, тэгүүлж байгаа юу гэдгээ бас нэг харцгаая.
Иргэд масс нэгдэл болох ба урхинд орох нь
Ер нь массыг махинацдах олон шалгарсан арга тэмдэглэгдсэн байна. Энд туршигдсан шалгарсан арга гэхээр тусдаа лабораторид хулгана дээр туршаад байдаг ойлголт бус. Нийгмийг хүлцэнгүй байдалд аясаараа барихад чиглэсэн. Бидний юу үзэж харж, юуны тухай илүү бодож анхаарч бараг хаашаа харж унтаж юу зүүдэлж байгаад минь хүртэл уусч зөвхөн хэрэгжүүлсэн цөөнхөд үр дүн нь мэдрэгддэг тун нарийн нийгмийн тархи угаалтын тухай гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй юм.
Хамгийн түгээмэл буюу манайд гаргуун хэрэгжүүлж байгаа нь бол "Гол асуудлаас анхаарлыг төөрүүлэх”
Үүгээр массыг залах гол арга нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд медиа сүлжээг ашиглан ач холбогдол багатай, хар шар мэдээ тогтмол түгээж байдаг. Олны танил хүмүүсийн талаар хов жив, салалт, хурим, аллага, гэмт хэргийн шүүх хурлыг байнга мэдээлэх. Хүний ул шагайсан, хөнжил сөхсөн шар мэдээний хогоор тархийг нь дүүргэх энэ арга тун хортой л доо. Ийм төөрөгдөлд орсон масс шинжлэх ухааныг сонирхохгүй, бүтээлч ололт амжилтыг үнэлэх анхаарах мэдрэмжээ ихээр алдаж эхэлнэ. Цаашдаа өөрсдийгөө сайжруулах боломж олгохгүй, зөв дүгнэлт хийх чадваргүй болгодог. Ард олон үүсээд байгаа бодит асуудлаас хөндийрөн, анхаарал сонирхлоо хэрэггүй мэдээлэлд хандуулна. Ямар нэг хоосон ярианы сэдэвтэй байх нь тэдэнд гол асуудлыг олж харж, ойлгох боломж олгохгүй.
Бодит бэрхшээл боломжоосоо салсан мэт түр зуурын тайвшрал өгч, массыг
идэвхгүй баланст оруулах нэг арга бол элдэв төрлийн баяр найр наадам,
тэмдэглэлт ой хөгжөөн цэнгээн ихээр зохион байгуулах. Бид муу байна гэж
гонгинодоггүй гасладаггүй баатарлаг, тусгаар улсын бүрэн эрхт иргэн
зэрэг цээж дэлдэлт буюу бидний хэрэглэх дуртай үг болох омогшил төрүүлэх
нь нийгэмд бодитой тулгарсан хямрал бэрхшээлд иргэдийг зугуухан дасгаж
төр засгаа шүүмжлэх, шаардах идэвхийг алсуураа бууруулдаг.
"Асуудал хиймлээр үүсгэж шийдвэрлэх арга замыг өөрсдөө санал болгох”
Энэ аргыг «асуудал-хариу үйлдэл-шийдвэрлэлт» гэж нэрлэдэг юм билээ. Эрх баригч бүлэглэл зориуд нэг асуудал буюу хүндрэлт нөхцөл үүсгэдэг. Олон нийт хариу үйлдлээр эсэргүүцлээ илэрхийлнэ. Хуйвалдагч бүлэглэл хүссэн үр дүнгээ иргэд шаардсан мэт байхаар найруулан зохион байгуулдаг. Энд ойрхон сүүлийн жишээнд Ипотекийн зээлийн гацаа ба түүнийг шийдвэрлэж буй эрх баригчдын баатарлал юм.
Томоохон орнуудад бол энэ нь өөр түшинд явагдана л даа. Хот суурин газруудад эхлээд хүчирхийллийг зориуд гааруулна. Эсвэл террорист үйл ажиллагаа жирийн иргэдийн эсрэг зохион байгуулна. Ингэснээр аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрмийг чангатгах зайлшгүй шаардлагатай мэт байдал үүсгэн давхар иргэдийн санаачилга сайн дурын хөдөлгөөний идэвхийг боогдуулж эхэлнэ. Тэгээд иргэний эрх чөлөөг хязгаарласан, систем эсэргүүцэгчдийг тагнаж чагнах боломжтой хатуу хууль шийдвэр батлуулна. Эсхүл эдийн засгийн хямрал зохиомлоор бий болгож, нийгмийн хангамжийг огцом танана. Дараа нь өөрсдөө бас энэ бүхнийг буцаан хэрэгжүүлж засч залруулна.
Нийгэмд хортой үйлдлийг хазаарлах нэрээр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхийг давхар хумина. Манай тухайд бол жагсаал цуглаан хийх гэдэг бол хэдэн намууд болоод ҮЭ-ийн байгууллагад өмчлөгдсөн ба үзэл бодлоо илэрхийлж коммент бичих ч айдастай болж эхэлсэн. Манай том нийтлэлч Баабар хүртэл нэг улстөрчийн хар мөртэйг ил цагаан бичиж өгөөд "их сайндаа орцны үүдэнд хутгална биз” гэж жийрхэж байлаа.
Энэ бүхэн 25 жилийн өмнөөс эхэлсэн үү
Үе шаттайгаар удаан хугацаанд хэрэгжүүлэх өөр нарийн арга ч байгаа. Зөвхөн цөөхөн хүнд ашигтай, тэдэнд эрх мэдэл мөнгө баялаг олгох зорилготой. Үүнийгээ удаан хугацаанд төлөвлөн өдрөөс өдөрт, жилээс жилд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 25 жилийн өмнө цоо шинэ нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалд шилжиж тайван замаар хийсэн хувьсгалаар неолиберализмын чөлөөт зах зээл ардчилалд шилжих үеэс манай улстөрчид энэ аргад гаршиж ирсэн харагддаг.
Ардчиллын нэрээр олигархи төрүүлсэн он жилүүд байсан. Үүнд, бүх чухал салбарыг эхлээд үнэгүйдүүлэн балгас шахуу болгож байгаад цөөн хэдэн гэр бүл үнэгүй шахуу хувьчлан авсан байдаг. Иргэдийг ирээдүйдээ итгэлгүй байлгаж, хамгаа шавхаж зүтгэсэн ч нэр төртэй элбэг хүрэлцээтэй амьдрахад хангалтгүй цалингийн тогтолцоо бий болгож чадсан. Олонхийг хамарсан ажилгүйдэл, ядуурал, архидалт,бий болгож, оюунлаг мэдлэг чадвартай хэсгийг шахаж эхэлдэг.
Энд хамгийн ноцтой нь нийгмийн үнэлэмжийг зориуд өөрчилнө. Шударга ёсыг эрхэмлэдэг байвал тэнэг мэдрэмжгүй нэгэн болж. Эрх мэдэлтний гутал тосолж ивээлд нь явбал цаг үеэ мэдэрсэн ухаалагт тооцогдож эхэлнэ. Энэ нь бодит байдал тул шударга ёсыг мартах нь илүү дээр сонголт болж ирдэг. Ийм ажиллагаанууд нэгэн зэрэг үе шатгүй явагдах ёсгүй байдаг. Тэгвэл үр дүн нь энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэгч нарт эсрэгээрээ тусч хувьсгал гарахад хүргэнэ.
Хууль батлах замаар цөөнхөд баялгийн төвлөрөл бий болгох хууль батлах лобби хийх бол одоо ил цагаан болсон. Хямралыг давж маргааш бүгдээрээ адил тэгш элбэг сайхан амьдрахын тулд аргагүй байдалд хийсэн гэж тархи угаах нь энэ аргын үндсэн зөвтгөл. Энэ мэт 25 жилийн замналдаа ардчиллаас хазайсан, төөрсөн гэж үздэг эрх баригчдын олон буруу бол хэрэг дээрээ нарийн төлөвлөж бага буурай оронд олонтаа туршигдсан урт удаан бодлогын нэг ойлт юм. Масс буюу иргэдийг дуулгавартай татвар төлөгч, унтаа дүлий мэт байлгах бас зохиомол байдлаар хиймэл идэвхтэй байлгах зэрэг хосолсон тун хорон олон арга байгааг энд тоочвол их цаг цаас болно. Энд иш татан хэлэхгүй байж болохгүй нэг зүйл байгаа юм.
"Массыг мэдлэггүй мунхаг харанхуй байлгах” тухай
...Хүмүүсийг дуулгавартай байлгахын тулд юмыг ойлгох боломжийг хязгаарлах. Нийгмийн доод ангид олгож буй боловсролын чанар нь муу аль болох хязгаарлагдмал байх. Борчуудын болон дунд давхарга боловсролын энэхүү зөрүүтэй боломжийг гэтлэн элит анги давхаргад нэвтрэх бараг шаансгүй орчинд зориуд барих.
Төрийн тэтгэлгээр зөвхөн баячууд болон боломжтой айлын хүүхдүүд давамгайлан гадаадад өндөр боловсрол эзэмших. Ирээд хөрөнгөө өвлөж аваад аав ээжийнхээ дутууг нөхөн төр барилцах. Энд жишээ хэлэх бол илүүц биз дээ. Манай толгой баячуудын залгамж "хун тайж” нар Их хуралд ирц нэмсээр байна. Энэ байдал их давамгайлбал манай парламент угсаа залгамжилсан шинжтэй болоход ойрхон байгаа. Мөн бөх, дуучин зэргээр ах дүүгийн чуулган болж ч мэдэхээр.
Төр биш бид буруутай
Одоо бидэнд дээрээс өгч буй хамгийн осолтой нэг мэссэж бол хямрал болоод тогтворгүй байдлын буруу нь иргэд сонгогч бид өөрсдөө юм гэдэг тархи угаалт. Уул уурхайн баялгаа ухаад гаргаад байгаа ч юм болохгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээснээс болсон. Худлаа эх оронч болж цээжээ дэлдсэнээс тэднийг гомдоосон. ...Бидний өөрсдийн хохь, хямраад байж дээ... гэсэн ёж үгээр түлхэж байгаа тархи угаалт цаанаа их юм хэлж байгаа. Ерөөсөө л бид залхуу юм байна, улс орныг удирдахын нарийн учрыг нь ойлгодоггүй юм байна гэж иргэд өөрсдөө итгэл алдрах бүрт цаана нь массаар дуугүй зөвшөөрүүлэх томоохон цавчаа хууль болж хэрэгжихийн суурь бэлтгэл явагдаж байдаг нь харагдсаар байгаа.
Эрх баригчдын зүгээс "ингэх үү, тэгэх үү” гэсэн арга олон. Одоо сонгуульд төвөггүй гарахын тулд "ингэх үү, тэгэх үү” гэсэн тун айхтар хоруудыг эрх баригч намууд масст бэлдээд байж байна.
Бүр том харцгаая
Засаг огцрох уу, үлдэх үү гэдэг үнэндээ гол сэдэв мөн үү. Огцорсон ч үлдсэн ч улс төрийн хожоо, алдаа гарахаас хагас жил хүрэхгүй хугацаанд иргэдийн амьдралд тэгтлээ нөлөөлөхгүй. Гэтэл энэ зүгт массын анхаарал 100 хувь төвлөрөөд байна. Харин ардуур нь энэ тоглолтын авторууд ганц тогтоолын төслөөр ямар их баялаг гартаа оруулж байгааг бид хардаг байх ёстой. Энэ бүхний ардах сүүдрийг харж мэдэж байгаа нь ядаж дуугарахаасаа айдаггүй байх юмсан.
Төгсгөлд: Өвөөгийн сүнс харагдсан талаар
Гал дундаас дүрс нь тодорсон Чингис өвөөгийн бололтой дүрсний тухай оны босгон дээр сошиалаар нэлээн итгэж шуугисан. Энэ бол ирж буй жилд Монголчууд сэргэн мандахын тэмдэг дохио гэж бэлэгшээн гамгүй их "шэйр” хийцгээсэн. Иргэд нэг өөрчлөлт үгүйлээд байгааг тэд мэдэрч байна. Ингэхэд галан дундах өвөөгийн дүрсийг ер нь хэн олж харж дүрсжүүлж сошиал сүлжээнд тараасан бэ. Шашинлаг, хий хоосон ч гэсэн сайхан болно гэсэн хийсвэр итгэл тайвшрал иргэдэд бий болгох нь хэнд хэрэгтэй байх вэ.
Интернэтийн энэ их түгээлт хүртээмж, мэдээллийн глобалчлал, нүүр номын ний нуугүй найзууд... худлыг үнэн болгож чадах цэцэн цэлмэг жиргээчид... Үүнийг хэн бүхэл массыг удирдах арга болгож бүтээлчээр ашигладаг вэ... Бидний үнэт цагийг өөр дээрээ бүтэн булааж, тархийг нь солонгын мэт олон өнгийн мэдээллээр чигжиж байгаа. Хөгийн нэг жишээ бол зохион байгуулалттай бүлэг этгээд "олзолсон” хардныхаа бичлэгийг сошиалаар үнэ төлбөргүй тарааж байна. Өш санасан нэгнээ сошиалаар гэмт хэрэгтэн болгоод ялын дүгнэлт бичүүлчихэж байна. Интернэтээр массыг ингэх үү, тэгэх үү яасан ч дурын хэрэг болчихоод байна. Ийм үед унтаа массыг сэрээх, эргэлт хийх Лидер төрөх нийгмийн захиалга бий болдог гэдэг юм билээ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/