|

Н.Энхбаярын эцсийн арга нь "С.Зоригийн хэрэг" байж магад

saikhnaa 2016/02/02 579 0

 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улстөрд орохоос хотын дарга Э.Бат-Үүл ихэд эмээж "Н.Энхбаяр Шадар сайд болбол нийгэмд маш аюултай байдал үүснэ. Хоригдлууд дарга болох гэж зүтгэнэ” хэмээсэн нь эсрэгээрээ АН-ыг ороож эхэллээ.

Төрд маш олон эрүүгийн "элемент”-үүдийг орогнуулж, өнгөрсөн хугацаанаас өдийг хүртэл амь үрэгдсэн С.Зоригоос өгсүүлээд АН-ын голдуу төрийн түшээдийн улстөрийн захиалгат хүн амины хэргийн гол зангилаа АН-аас холддоггүй. Тиймдээ ч, захиалагчдыг холоос биш ойроос хайхыг сануулдаг.

Ер нь АН гэлтгүй МАН-ынхан ч Н.Энхбаяраас айдаг. Учир нь, түүнийг маш зарчимч, бууж өгөх дургүй нэгэн гэдгийг аль аль тал нь сайн мэддэг болохоор тэр юм. Хонзогновол хонзогносон шиг хонзогнож чаддаг болохоор түүний эсрэг үйл хийх нь битгий хэл үг ч хэлэх зоригтон алга. Ямар сайндаа АН-ын Ерөнхийлөгчийн фракцынхан тэр чигээрээ Н.Энхбаярыг үзэн ядаж байгаа ч ганц Э.Бат-Үүл л түүний эсрэг үг хэлж чадав. Ингэхдээ зүгээр ч нэг хэлчихсэнгүй, араасаа АН-ынхнаар аймар шордуулан байж түүний эсрэг үг хэлүүлж Н.Энхбаярт хонзогнуулав.

Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талд Э.Бат-Үүлээс гадна Ц.Элбэгдоржид салаавч өгч явсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын хүмүүс байгаа ч тэд Н.Энхбаярын өөдөөс үг дуугарах эрхгүй болчихоод байгаа. Учир нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа авч үлдэх эцсийн аргаа хэрэглэж МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцсон. Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр баривчлагдсан цагаас эхлэн түүний албан тушаалыг Шадар сайд Ц.Оюунбаатарт өгч, түүнээс Шадар сайдын суудлыг нь авахаар зүтгэсэн Н.Энхбаярын хүслийг саяхныг хүртэл хааж ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү хүслийг нь ашиглан наймаалцсан.

Ингэхдээ УИХ дахь МАХН-ын гишүүдийг Н.Энхбаяраар базуулж, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй байх санал өгүүлсэн юм. Арга мухардсан АН-ынхан эхний ээлжинд ямар ч хамаагүй аргаар Засгийн газраа авч үлдэх гэсэндээ ийнхүү Н.Энхбаярыг улстөрд оруулах албан тушаалаар тохиролцсон юм. Энэ тохиролцоог Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зөвшөөрсөн нь Ерөнхий сайдыг огцруулахгүй дэмжихгүй гэж мэдэгдсэнээс нь харж болно. Магадгүй түүнд ямар ч хамаагүй аргаар Засгаа авч үлдчихээд дараа нь ямар нэгэн арга сийлж Н.Энхбаярыг Шадар сайдад томилохгүй байя гэсэн санаа байсан биз.

Ямартай ч, Ц.Элбэгдоржид Н.Энхбаярын хонзогнуураас илүүтэй Ч.Сайханбилэгтэй хамтарч буй "АСЕМ” хэмээх маш том "бялуу” илүү сонин байгаа юм. Тиймдээ ч, өдийг хүртэл Н.Энхбаярыг улстөрд орох гарцыг нь хааж, "ичсэн хүн хүн ална" гэгчээр айснаасаа болоод дэндүү хонзогнуур загнаж байсан Ц.Элбэгдорж Н.Энхбаярт буулт хийж, түүнтэй Ч.Сайханбилэгийг тохиролцохыг зөвшөөрөв.

Харин хашир улстөрч Н.Энхбаяр энийг аль хэдийнэ тооцоолж АН-ынхныг хулхидвал хэрэгжүүлэх "Б” төлөвлөгөө боловсруулсан нь дамжиггүй юм.

Тэгвэл Н.Энхбаяраас түрүүлээд АН-ынхан "Б" төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхлэх шиг боллоо. МАХН-ын Ерөнхий наргийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын түмэнд хүргэх ил захидалд 500 сая төгрөгний хэрэгт тэр бус Н.Энхбаяр холбоотой хэмээжээ. Түүнчлэн 500 сая төгрөгнөөс их мөнгө нэмж авах гэж байсан тухай дурджээ. Асуудлын гол нь Г.Шийлэгдамба буруугүй, Н.Энхбаяр буруутайдаа биш Н.Энхбаярыг Шадар сайд болж магадгүй маш эгзэгтэй үед гарсанд байгаа юм. Хэдхэн сарын сайдын суудлаас болж ирэх дөрвөн жил зөөлөн сэнтийд залрах эрхээ Н.Энхбаярт хураалгах эрсдэлтэй Г.Шийлэгдамбад АН-ынхан арай илүүг амалсан байж болох юм.

Ямартай ч, Н.Энхбаярын "Б" төлөвлөгөө юу болох нь ихэд анхаарал татаж байгаа бөгөөд АН-ынханд ингэж чадуулах хүн биш гэдгээ экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар нэгэн аргаар батлах гэнэ. Нэгэн цагт бүгдээрээ өлмийд нь сөгдөж явсан хүмүүс дахин уулзахгүй нүүр гаргаж байхад, нэгэн цагт бүгдийг өлмийдөө сөгдүүлж явсан хүнд эрх биш хариугаа авах бодол байдаг л байлгүй. Үүнийг л Н.Энхбаярын хонзогнуур гээд байгаа бөгөөд ингэтлээ чадуулсан Н.Энхбаярын эцсийн арга нь "С.Зоригийн хэрэг" байж магадгүй юм. Эцэст нь, экс Ерөнхийлөгчийг авлигын хэргээр шийтгэж болдог жишгийг тогтоосон "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөөсөө хойшхи Ерөнхийлөгчдийг хүчгүй болгох хуулийн өөрчлөлт"-ийг Үндсэн хуульд оруулж байна хэмээн учир мэдэх хүмүүс нэгэнтээ хэлсэн юм. 

 

Нинж

Санал болгох

Сэтгэгдэл

top