Ууц гэдэг бол хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлнэ. Ууцны махыг их бүхэл, бага бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү, сээр, өвчүү орох бөгөөд эдгээрийг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьна. Ингэхдээ шийрний тахалцгийг гадагш харуулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээр толгойгоо чимж тавьдаг.
- Толгой
- Ууц
- Өвчүү
- Хаа
- Гуя
- Хүзүүний сээр
Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр, хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина. Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүү харсан нь эх нь болно.
Их ёсны ууц гэж байдаг. Үүнийг цагаан сар, шинэ гэрийн болон насны ойн найранд тавьдаг. Толгой, шийрийг хуйхлан чанаж тавьна. Тэгэхдээ битүү толгой чихний уг болон эврийн угийг өрөм буюу шар тосоор чимэн толгойг хошуу, шийрийг шилбэ талаар нь ууцны харцага тал руу харуулан зүүн гарт нь толгой, баруун гарт нь шийрийг тавьдаг. Ингээд ууцны толгой талыг гэрийн хоймор зүг хандуулан тавих бөгөөд зочин хүнд мөн энэ талаар нь хандуулан өгнө.
Ууц таллах ёс: Гэрийн эзэн ууцаа таллана. Ууцны сүүлээс нимгэхэн халимлаж аваад, хонины толгой дээр тавьж, бурханыхаа өмнө тавина. Дараагаар нь ууцны баруун сүвээнээс эхлэн хоёр талын сүвээг хос хос зурваслан зүсэж ууцны гол дээр хөндлөн тавиад "даяараа шүүс зооглож айлд” гэж хэлэн ёс хийнэ. Тэгээд гэрийн эзэн суух үеэр гийчний дотроос аль нэг нь босож, бүтэн сээрийн дээр хоёр зүсэм сүвээний мах тавьж гэрийн эзэнд барихад гэрийн эзэн түүнийг тосон аваад эргүүлэн авчирч мөн уг ёсоор нь тавингуут "та нар тааваараа зоогло” гэж ёслон зоог дэвшүүлнэ. Хэрвээ гэрийн эзэн нь нэр хүндтэй, зэрэг тушаалаар өндөр, эсвэл төрлийн ахмад хүн бол өөр хүн гэрийн эзнийг төлөөлөн ууц таллаж болно.
Ууц хөндөх ёс: Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж хутга хүргэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвээн талаас нь дэмжин баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүснэ. Ингэхдээ ууцыг хөдөлгөхгүйг хичээнэ. Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг хөндөхдөө анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас иднэ.
Бүхэл шүүс хөндөхдөө хамгийн хүндтэй хүнд ууцны гол хэсгийг, өндөр хавирга дараа нь дал, өндөр хавирга, атгаал чөмөг, хавирга, сүүж, дунд чөмөг гэх мэт дарааллаар хуваахдаа сээр, нуруу, хүзүү зэргийг 2 үеэр нугалж хавиргыг зүсэж дагалдуулан, ууцны тал сүүлний зүсмийг дагуулж өгнө. Аман хүзүүг тэр өдөр хонины хишиг таарсан хүүхдэд өгнө. Богино хавирга, богтос зэргийг өөрийн хүнд өгдөг ёстой. Ингэж хүмүүст хувь хүртээнэ.
"Ноёд хатагтай” сониноос бэлтгэв