Ардын үг: МАН жагсч чаддаггүй, АН засаглаж чаддаггүй
АН-ын 2012 оны сонгуулийн гол уриа "Хүн шиг амьдруулна, Улс шиг хөгжүүлнэ” гэсэн мессеж байв. Олон түмэн энэ үгэнд итгэж саналаа өгснийг 31 суудал авснаас нь харж болно. (Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигчид ялсан ч луйвардуулсан. Д.Арвин, Д.Батцогт хоёр сонгуулийн дараа урвасныг эс тооцов) Анх 1996 онд ялалт байгуулж байсан "Ардчилсан холбоо” эвсэл 16 жилийн дараа төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д олонх болоогүй ч арай илүү суудал авч засгийн эрхийг барих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, хуучин пост коммунист орнуудад өрнөсөн ардчиллын давалгаа манайхыг тойролгүй нөмөрснөөс хойших 25 жилд АН хоёр дахь удаагаа Засгийн газраа толгойлох боломжийг олж авсан юм. Тэдний давуу тал бол засгийн эрхийг авч чадсан, сул тал нь засгийг барьж чадсангүй.
"БҮҮ МАРТ..,мартвал...”
АН засгийн эрхийг авсан ХОЁР тохиолдолын эхнийх болох 1996-2000 оны хооронд нийгэм, улс төр, эдийн засгийн ямар нөхцөл байдал бий болсныг эргээд нэг саная. Монгол Улсын Засгийн газар ДӨРВӨН удаа солигдож улс төрийн тогтворгүй байдал бий болов. Улсын гурван банк дампуурлаа. (Хотош, Сэргээн босголт, Ард) Банкууд нийлж, дараа нь дампуурснаар банк, санхүүгийн ноцтой хямрал нүүрлэв.
Багш, эмч нар 4-5 сар цалингаа авч чадахгүйд хүрч ажил хаялаа. Өр зээлэнд баригдаж, өвлийн хүйтэнд даарч, жагсч тэмцэж, үймж байсныг мартаж үл болно. Ардчилал яллаа гэж баярласан ах минь тун удалгүй ажилгүй болж, аавынхаа байрыг зараад ажил олж хийхээр Солонгос явсан нь сэтгэлд тодхон. 70 жил босгосон улсын үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг өмч хувьчлал нэрээр бие биедээ тараан өгч, хувьдаа авсныг хүн бүр мэддэг болжээ. Орондоо орох завгүй идэж, уусан гэж өвөө минь хэлдэгсэн.
Одоо цагт аав нь хүүдээ тендер авч өгдөг шинэ имиж бий боллоо. Ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай нэгэнтээ гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг "Алсын шуналтай хүн” хэмээн тодорхойлсон бол АН "Алсын шуналтай нам” ажээ. Сайнаар бодоод 1996-2000 оны энэ их замбараагүй байдлыг тохиолдол гэж үзвэл өнгөрсөн гурван жилд юу болов.
АН-ын гишүүн, нийтлэлч Баабар өнгөрсөн гурван жилийн үйл явцыг өнгөтөөр ингэж дүгнэв. "Үнэ тогтворжуулалт ноолуур, сүү, цемент, арматур, шатахуун, барилга гээд олон салбарыг хамарч сүйрүүллээ. Хулгай хийхийг нь ойлгож байна, тэртээ тэргүй сурчихсан тогтоц. Хөрөнгө оруулалт дайжсан, валютын урсгал зогссон, нөөцийн мөнгө дууссан учир шууд утгаараа эдийн засгийн гүн хямрал руу орж таарна.
2001 онд манай ДНБ 1.5 хувиар унаж байсан, тэгэхэд нийт ДНБ ганц тэрбум ам.доллар байлаа. Энэ уналт бараг ажиглагдаагүй, учир нь бид нэг давхраас унаж байжээ. Одоогийн уналт бол 17 хувийн өсөлтөөс уруудаж байна. Эдийн засаг 10 тэрбум болсон болохоор бид 10 давхраас унаж байна гэсэн үг. Үхэж болох эрсдэл шүү дээ” гэв. Түүний хэлснээр энэхүү эрсдэл хаанаас эхлэв.
"Хямрал хаанаас эхтэй вэ”
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа "Төрийн бодлого буруу байснаас эдийн засаг хямралт байдалд хүрсэн. УИХ, Засгийн газар, Төв банк хямралын үүсгүүр генератор болоод байна” гэжээ. 2012 онд Сү.Батболдоос Монгол Улсын Ерөнхий сайдын тамгаа хүлээн авсан Н.Алтанхуяг эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой "Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар, "Самурай” бонд 30 тэрбум иен, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар гээд маш их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлсэн.
Жишээ нь бид "Чингис” бондын хүүгийн төлбөрт жилд 75 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөг, өдөрт 208.3 ам.доллар буюу 400 орчим сая төгрөг төлнө. Ийм өндөр хүү төлөх учраас авсан мөнгөө үр ашигтай бизнесд хөрөнгө оруулах, нөгөө талаар өрөө төлөх хэмжээний ашигтай ажиллах шаардлага урган гарч байна. "Чингис” бондын мөнгийг юунд зарцуулав. Дээрх мөнгийг бизнесийн ямар үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийв.
Өмнөд Солонгос улс хүнд үедээ Баруун Германд уурхайчин, сувилагч нараа илгээсний хариуд тэдний цалинг барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Тэр мөнгөөрөө гангийн үйлдвэр барьсан. Гангийн үйлдвэр, аж үйлдвэржилт мөнгө олсон. Мөнгөтэй болсныхоо дараа замаа зассан, барилгаа барьсан. Солонгос ингэж л эдийн засгаа сэргээсэн, боссон. Гэтэл манай улс бондын мөнгөөр эргээд мөнгө олох салбарыг бус гудамж, талбай янзлах, зам засах, үнэ тогтворжуулах нэрээр гараад дууссан байна.
Мөн цагаан сараар хамгийн гоё дээл өмссөн хүнийг сайд нь шагнах байдлаар зарцуулжээ. Бондын мөнгийг буруу зарвал буцахдаа шороо тээдэг болохыг дэлхийн зарим улс орны жишээнээс харж болно. Тухайлбал, 1800 оны эхээр Дани улс олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан бондын өрөө төлж чадахгүй болсон тул төсвийн хэт их алдагдалд орж "Хэвтрийн эдийн засаг”-тай болжээ. 1980-аад оны Латин Америкийн Мексикт үзүүлсэн өрөөс үүдэлтэй санхүүгийн хямрал, 2010 оны европын холбооны Португаль, Грек, Испани зэрэг улсын Засгийн газрын өрөөс улбаатай эдийн засгийн уналтуудыг нэрлэж болно. Бондын санхүүжилтийг буруу зарцуулах нь ийм эрсдэлтэй.
Цахим орчинд БОНДЫН тухай...
"Чингис, Самурай” бондын мөнгөөр тансаглачихаад бие биенийгээ өршөөчихдөг овоо муу гарууд вэ” гэх яриа цахим орчинд шуугиан дэгдээж байна. Зарим нь авсан мөнгөө төлж чадахгүй болсон уу яасан гэнэтхэн буяны байгууллага болон хувирав. Хувцас хунар үнэгүй тараана гэх зар тараасан чинь баахан хувцастай хүмүүс ирээд тараагаагүй болтой. Нэг л их шүлхэвч, бэлэг тараасан хүмүүс гэнэтхэн гараад ирлээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ.
Өр тавиад Монгол Улсын эдийн засаг сайжраагүйг 2013, 2014, 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харж болно. Төсвийн орлого одоогийн байдлаар 769 тэрбум төгрөгөөр тасраад байна. Оны эцэс гэхэд орлого нэг их наяд төгрөгөөр тасрах тооцооллыг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны судлаачид гаргажээ. Монгол Улсын нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улиралын дараах байдлаар 21.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэв.
Мөн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ энэ оны есдүгээр сарын байдлаар 800 тэрбум төгрөг давсан нь эрсдэл дагуулах тоо. Тун удахгүй Монгол Улс "АЛДАРТ” өрөө төлж эхэлнэ. Эхлээд "Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, 2018 он гарангуут "Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Хэрхэн яаж төлөх вэ гэдэг төлөвлөгөө одоогоор алга байна. Зээл авсныхаа маргааш л өрөө хэрхэн яаж төлөх төлөвлөгөө гаргаж, тодорхой сан бий болгох, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэх ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Улс орныг хоёр аргаар л эзэлдэг.
Нэг нь зэр зэвсэгийн хүчээр нөгөөх нь өр зээлээр. Гэтэл нэг ч төгрөгийн өр тавихгүйгээр цалин, тэтгэврийг гурав дахин нэмж, хүүхдийн 10.000 төгрөгийг өгч байсан түүх бий. Энэ бол есөн жилийн өмнөх М.Энхболын толгойлсон Засгийн газар юм. 2012 оноос өмнө Монголын эдийн засагт гэрэл ассан нь үнэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.6 хувь хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Сансарт нисчихээд буухгүй байгаа нэг ам.доллар 2000 биш 1342 монгол төгрөгтэй тэнцэж байв.
Гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, алдарт "Экономист" сэтгүүл "Монгол бол дараагийн Кувэйт" гэж бичив. Одоо л "Аль нэг тал нь илт цөм хийх бус харилцан ашигтай хамтран ажилладаг” бизнесийн таатай орчин бүрдэж, улсаараа урагшаа алхах нь гэж тэр үед бодож байсныг нуух юун. Гэтэл 2015 онд "Монгол дараагийн Грек" гэж бичлээ.
2012 он "Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье”
2016 он "Амь амиа бодоорой, амжихгүй болсон шүү” хэмээн хошигносон жиргээг жигтэйхэн олон хүн дэмжиж "Яг үнэн” хэмээх хоёрхон үгээр хариу өгч буйг эргэцүүлж нэг бодоорой. Олуулаа баяжсангүй, олуулаа хямарлаа.
(Үргэлжлэл бий)
Улстөр, нийгэм судлаач Ж.Мөнхжаргал