|

Хаврын улс төр ч “халуухан” эхэлж байна даа

saikhnaa 2016/02/18 627 0

Монгол түмэн "Галзууруулагч” хэмээн хонь жилийг дүүргэж "Муу нүүрт” хэмээх гал бичин жилтэйгээ золгоод байна. Хэдхэн хоногийн өмнө монголчууд бид уламжлалт сар шинийн баяраа хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж, шинийн 8-наас эхлэн засал номоо хийлгэх гэсэн хүн зон хийдүүдийн хаалгуудыг элээж буй. "Муу нүүрт” хэмээн тодотгож буй гал бичин жилийн өнгө заслыг ч зурхайч нар өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байна. Ихэнх зурхайчид ирж буй бичин жилийг хавартаа хавсарга ихтэй ч өтгөс, нялхаст өнтэй, харин төр засаг барьж буй дээдсүүдийн хувьд маргаан мэтгэлцээн ихтэй, нанчилдаантай байх нь хэмээн тодотгожээ. 

 

 

Арга ч үгүй. Өнөө жил сонгууль болно. 2016 он дуустал улс төр бужигнана. Улмаар 2017 оны эхний хоёр улирал дуустал төр төвхнөхгүй.  2016 оны сонгуулиар бүх шатанд ялалт, ялагдлаа дүгнэж байр сууриа олсон намууд Ерөнхийлөгчөө аль намаас сонгох вэ гэдгээ 2017 оны хавар шийдэх учиртай. Энэ ч утгаараа "муу нүүрт” бичин жил улстөрчид, улс төрийн намуудын хувьд тун ч завгүй, тэр хэрээр маргаан мэтгэлцээн, өрсөлдөөнтэй, бүр нанчилдаантай байх нь тодорхой байгаа юм. 

 

Хаврын эхэн сар гарсан даруйд л зурхайчдын зөгнөл биелэлээ олж, төр маань тогтворгүй болж, төр засгийн өндөрлөгт суугаа эрхмүүд дотооддоо тэмцэлдэж эхлэв. Шинийн 8-ны билэгт сайн өдөр нээлтээ хийхээр товлоод байсан УИХ-ын ээлжит бус чуулган МАН-ын ажилт хаялт, намын даргаа Шадар сайдаар суулгах гэсэн МАХН-ын шантаажаас үүдэн ирцээ бүрдүүлж хуралдаж чадсангүй. Улмаар ажил хаялт гурван өдөр үргэлжилж, ээлжит бусаар хуралдаж чуулганаар хэлэлцэх нэг ч хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэнгүй.

 

Олон­хийг бүрдүүлдэг АН өөрсдөө эхлээд ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн МАН-ын шантаажны цаана Цэцийн даргыг хамгаалж үлдэх гэсэн улс төр, ямар ч шалтгаангүйгээр ажлаа хийхгүй таг чиг болсон МАХН-ын бойкот намын даргаа Шадар сайдаар суулгах эрх ашгаар үргэлжилж, үр дүнд нь төрийн ажил гурван өдрөөр тасалдаад байгаа юм. Цаашдаа хэдэн өдөр үргэлжлэхийг хэлэх аргагүй юм. Энэ мэтээр хаврын улс төр тун ч халуухан эхэлж байна. 

 

Цаашлаад УИХ-ын дарга З.Энхболд, Цэцийн дарга Ж.Амарсанаа нарын "тулаан”, Шадар сайдаар сууж чадаагүй Н.Энхбаярын хийх нүүдэл, нэгдэж нийлэх тухай ярьсан МАХН, МҮАН, АН, ИЗНН-ын улс төрийн шийдвэр, гараанаас гарсан даруйдаа тамгаа булаацалдан хоёр хуваагдсан ХҮН-ын хөгтэй үйл явдлаар хаврын улс төр хачир нэмэх нь. Сар шинийн бууз, бэлэгний тухай яриа газар авалгүй намжиж байгааг харахад энэ хавар монголчууд их л олон сонирхолтой түүхийн гэрч болох нь дамжиггүй. 

 

З.Энхболд уу, эсвэл Ж.Амарсанаа юу 

 

УИХ-ын намрын чуулган завсарласны дараахан УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлах шуурхай захирамж гаргасан. Энэ сарын 15-наас эхлэн хуралдах ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжаагүй олон хуулийг батлах учиртай хэмээсэн ч хөшигний цаана бол ганцхан шалтгааны улмаас хуралдаж байгаа нь тодорхой болсон. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Хууль сахиулахын тухай хууль, ШШГГ-ын зэрэг байгууллагын хууль эрхзүйг шинэчлэх асуудал болон Татварын багц хуулийн шинэчлэл багтжээ.

 

Гэхдээ эдгээр нь заавал ээлжит бус зарлаж хэлэлцээд байхаар яаралтай хуулиуд биш. Харин Үндсэн хуулийн цэцийн даргын эрх мэдлээ хэтрүүлж, УИХ-ын даргын эсрэг тулаан эхлүүлчихээд байгаа Ж.Амарсанаа даргыг огцруулах асуудал л ээлжит бусаар УИХ-ыг хуралдуулах гол шалтгаан байсныг хэн хүнгүй ярьж буй. Хэрэвзээ УИХ өнөөдөр ирцээ 50+1 хувьд хүргэж чуулганаа нээж чадвал хамгийн эхний хэлэлцэх асуудал нь Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудал. 

 

Ганцхан Ж.Амарсанаа дарга ч биш. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцийн гурван ч гишүүн тэтгэвэрт суухаар болсон. Энэ хуулийг Ерөнхийлөгч ёсчилж батлаагүй байхад Цэц маргаан үүсгэсэн ч Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан учраас хууль албан ёсоор хэрэгжих боломжтой болсон юм. Ингэснээр 20 гаруй жил Цэцэд "дархлагдаад” байсан дөрвөн ч хүн албан тушаалаасаа буух нь тодорхой болжээ.

 

Цэцийн дарга Ж.Амарсанаа МАН-д тун нөлөө бүхий эрхэм. МАН-ыг эрх барьж байхад ч сөрөг хүчин байхад ч олон удаа тэдэнд ил далдаар тус болж байсан. Тиймдээ ч МАН эцсийн аргаа хэрэглэн ирцээ эрх баригч нам эхлээд бүрдүүл гэсэн ядмагхан зүйлээр шантаажилж, Цэцийн даргыг суудалд нь үлдээхээр санаархаж эхэллээ. Цэцийн дарга ч зүгээр суугаагүй. Тэрбээр, УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэсэн маргаан Үндсэн хуулийн цэцэд үүсгүүлж, ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ. Хэлэлцэх асуудал нь чухал биш ч Цэцтэй зарласан дайныг дуусгах энэ удаагийн ээлжит бус хуралдаан тун ч "халуухан” болно. 

 



Н.Энхбаяр МАН-ыг сонгосон уу 

 

Сар шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэсэгтээ л бужигнуулсан. Хэдийгээр АН дотооддоо эв нэгдлээ хамгаалсан ч МАН-ын 26, бие даагч хоёр, ХҮН-ын дарга С.Ганбаатар, цаашлаад "МАХН-МҮАН”-ын "Шударга ёс” эвслийн гишүүд нэмэгдсэн бол Ч.Сайханбилэг сайдын хувь заяа бүрхэг болох байлаа.

 

Ийм эгзэгтэй үед АН-ын түшсэн хүн нь Н.Энхбаяр. Намын гишүүдээ нэгдсэн бодлогод зангидаж, Засгийн газрын хувь заяаг хадгалж үлдвэл Шадар сайдаар томилно гэсэн аман тохироог тэд хийж, Н.Энхбаяр ч эр хүн шиг хэлсэндээ хүрэхийг хичээсэн. Харамсалтай нь Н.Энхбаярын хүсэл талаар болж АТГ-аас түүнийг Шадар сайдын албан тушаалд суух хүн биш, ашиг сонирхлын асар их зөрчилтэй гэсэн албан бичгийг Ерөнхий сайдад явуулжээ. Ингэснээр аман тохироо үгүй болох нь тэр. Одоо хэрхэх бол гэдэг нь улс төрийн хүрээнд хамгийн сонирхол татсан сэдэв болж хувирлаа. 

 

Тэр хамтарч ажиллах санал тавьсан МАН-ын хүсэлтийг хүлээн авч Засгийн газраас гарвал АН хэрхэх бол. Үүрэг гүйцэтгэгч сайдууд томилж, УИХ-ын сонгууль хүргэх үү, эсвэл Н.Энхбаярыг Засгийн газарт үлдээхийн тулд Шадар сайдаас ч том зүйл амлах уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Н.Энхбаярын хүсэл дуусах болоогүй. Мэдээж яаран сандран МАН руу гүйж очихгүй учраас АН-тай дахин тохиролцохыг хүснэ. Оргүйгээс охинтой үлдэж, сонгууль хүртэл мөнгө босгохын тулд сайдуудаа засгаас гаргах гэж яарах нь юу л бол. Ирэх өдрүүдэд Н.Энхбаяр ямар тохироо хийх бол гэдгээс Засгийн газрын хувь заяа шалтгаалахаар болоод байна. Энэ хавар Засгийн газар огцорч, АН үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай сонгуульд орвол 2012 оны МАН-ын хувь заяаг давтах нь тодорхой билээ.

 

Баттай бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар өчигдөр УИХ-ын даргын өрөөнд Н.Энхбаяр дарга З.Энхболдтой уулзаж улмаар маргаанд хүрчээ. Шадар сайдын суудал өгнө гэсэн атлаа өгөхгүй шалтаглаж, Ерөнхий сайдтай хийсэн аман тохироо биелээгүйд бухимдсан Н.Энхбаяр дарга З.Энхболд даргын өрөөнөөс гарч ирсэн даруйдаа бид ирэх сонгуулиар МАН-тай нэгдэхээр боллоо хэмээн МАН-ын бүлгийн дарга руу утсаар ярьсан аж. Тэрбээр, аман яриагаа өнөөдрөөс эхлэн баталгаажуулахаар болсон сурагтай. 



М.Энхсайхан Тавантолгойгоор шантаажилж эхэлжээ 

 

Хаврын улс төрийн сонирхол татсан сэдэв бол намуудын нэгдэж нийлэх тухай асуудал. Ээлжилж төр барьж ирсэн эрх баригч хоёр том нам цаашдаа дан дангаараа парламентад олонхи бүрдүүлэх боломжгүй болсон. Иргэдийн намд итгэх итгэл алдарч, эрээвэр хураавар сонголт хийдэг болсон учраас парламентад суудалгүй намуудыг эгнээндээ нэгтгэж, тэдний цөөхөн хэдэн гишүүд дэмжигчдийн саналыг өөртөө авах нь чухал болсон.

 

Тиймдээ ч МАН, АН хоёулаа л ирэх сонгуулиар жижиг намуудыг өөртөө нэгтгэхээр өрсөлдөж байгаа. Тухайлбал, АН-ынхан ИЗНН-д хамтарч ажиллах санал хүргүүлж улмаар шат шатны сонгуульд хамтрахаар болсон. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан Тавантолгойн төслийг гацаахгүйгээр явуул. Тэр тохиолдолд хамтарч ажиллаж болно гэсэн утгатай хариултыг АН-д өгсөн сурагтай. МАН-ынхан хоёр ч сонгуулиар саналыг нь хуваасан МАХН-тай хамтарч ажиллахаар сар шинийн өмнө уулзаж санал тавьсан. 

 

Намын дарга Н.Энхбаярыг ч Шадар сайд болгохыг дэмжиж буйгаа ил тод хэлж байгаа нь МАН ямар ч хамаагүй үнээр МАХН-ыг өөртэй нэгтгэх зорилготой гэдгийг харуулж өгсөн. Цаашлаад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй санал авах магадлал өндөр олон ч намын дарга нар МАН, АН хоёрт ээлжлэн нэгдэнэ. Түүнчлэн, зургадугаар сараас үйл ажиллагаагаа идэвхжүүлж, өнгөрсөн сард намынхаа даргаар С.Ганбаатрыг ёслол төгөлдөр залсан ХҮН-ын залуус сар ч бололгүй намынхаа шинэ даргатай "зодолдож” хаврын улс төрд чимэг нэмэв. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэдэгчлэн намын даргаар томилогдсон даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж, өөрийн хүмүүсээ албан тушаалд томилж "даам гарсан” С.Ганбаатарын эсрэг ХҮН-ын залуус тэмцэж, улмаар шинэхэн нам тарж бутрахад хүрээд байгаа юм. 

 

Тамгаа авч зугтсан, намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэрээр намын жагсаалт наймаалцсан гэх мэтээр булай, булай зүйл дуулгаж эхэлсэн ХҮН-ынхан энэ хаврын улс төрд нэр цэвэр тэсч үлдэх нь юу л бол. Энэ мэтээр хаврын улс төр хачин сонирхолтой өрнөж байна. Эксел машинтай жагсаал зэргээр энэ хавар сонин содон жагсаалууд ч тасрахгүй нь. Сүх жанжины талбайгаас Төрийн ордонд заларч чаддаг эх оронч "поп”-уудын хаврын жагсаал цуглаан ч дөнгөж эхэлж байна. 

 

Хаврын хаварт бужигнадаг улс төрийн амьдрал сонгуулийн жил гэдэг утгаараа бичин жилийн хавар илүү эрчимтэй өрнөж, зурхайчдын өгүүлсэнчлэн дээдэс маань нанчилдаантай, төрийн амьдрал төвшин бус байх нь ээ.



Эх сурвалж: www.mminfo.mn /Б.Өнөртогтох/

Санал болгох

Сэтгэгдэл

top