Өмнө нь оюутнуудын Нийгмийн даатгалыг төрөөс төлдөг байсан бол энэ жил өөрсдөө төлдөг болсон. Тодруулбал, Засгийн газрын нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар оюутнууд Эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын 2016 оны шимтгэлийн хэмжээг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчийн хувьд 1920 төгрөг, жилийн шимтгэлийн хэмжээг 23040 төгрөг байхаар тогтсон юм.
Оюутан, суралцагч Эрүүл мэндийн даатгалд хамрагдахдаа оюутны үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэх аж.
Харин гадаадад сурч байгаа оюутнуудын хувьд 16 нас хүрсэн бол сайн дурын даатгалд хамрагдаж боломжтой юм байна. Ингэхдээ онлайнаар гэрээ хийх боломжтой бөгөөд гэрээ хийсний дараа шимтгэлээ интернэт банкаар төлөх юм. Үүнээс гадна гадаадад сурч байгаа оюутны Монголд байгаа ар гэрийнхэн нь харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст төлөөлөн ирж гэрээ байгуулан, Нийгмийн даатгалыг нь төлөх боломжтой юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа