|

Алуулсан эрийн сүнс гурван жилийн дараа ирээд алуурчдыг нэрлэжээ

saikhnaa 2016/02/29 1815 0

Алуулсан эрийн сүнс гурван жилийн дараа ирээд алуурчдыг нэрлэжээ

 

Италийн өмнөд нутгийн Катанзаро хотод 1936 оны хоёрдугаар сарын нэгэн өглөө гол дээрх гүүрийн нэгэн дороос залуу эрийн цогцос олсныг цагдаагийнхан Пепе гэж нэрийддэг Жузеппе Веральди гэгчийнх болохыг тогтоосон байна. Бараг 20 метрийн өндрөөс унасан түүнийг амиа хорлосон гэж тогтоож. Харин талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ер нь хотын иргэд ч Пепег амиа хорлох хүн биш гэж ярьж байлаа. Яахав Пепе нэр төртэй од байгаагүй, уух дуртай, бас зодолдчихдог нэгэн байсан ч амьдралаас уйдах шалтгаан бол алга байж. Гэсэн ч цагдаагийнхан энэ бүхнийг үл тоон "амиа хорлосон” гээд хэргийг хааж архив руу шидчихэж.

Мария Таларико охин уу, Пепе юу

Гурван жил өнгөрлөө. Хүмүүс энэ тухай мартаж эхэллээ. Гэтэл 1939 оны нэгдүгээр сард 15 настай Мария Таларико эгчтэйгээ хамт яг тэр гүүрээр гарч яваад  зогсч доошоо харснаа гэнэт амьсгаа нь давхцан давчадсанаа унаад ухаан алдах нь тэр. Хүмүүс сандралдаж охиныг гэрт нь хүргэж өгснөөс хэдэн цагийн дараа сэргэсэн байна.
Харин охин  огт өөр, бүр эрэгтэй хүний хоолойгоор "Би бол Жузеппе Веральди байна” гээд өөрийг нь яаралтай ээжтэй минь уулзуулж аль, маш чухал зүйл хэлэх гэсэн юм гэж хүсчээ. Гайхсан хүмүүс эмч дуудаж, эмч ч ирээд охиныг эв эрүүл байна гэсэн гэнэ. Гэвч охин "ээжтэйгээ уулзъя” гэж эр хүний дуугаар хүссээр байсан тул түүнийг цаасан дээр захиа бичээд аль, ээжид чинь хүргэе гэжээ.
Өөрийгөө Веральди гэж зүтгэсээр байгаа охин хуудас цаасан дээр хүүхдийн биш бичгээр хэдэн мөр зүйл бичээд өгөхөд хөршийн нэг жаал захидлыг эзэнд нь хүргэхээр давхисан байна. Цаг ч өнгөрөөгүй байхад Таларикогийн гэрт Катерина Веральди хатагтай ирээд "Энэ зурвасыг хэн бичсэн бэ, хэн бичсэн. Энэ чинь миний Пепе хүүгийн бичиг байна шүү дээ” гэх нь тэр.

"Жузеппе Веральди”-гийн яриа


Хатагтай Веральди өөрийн "хүү”-гийнхээ дэргэд нэлээд хэдэн цаг сууж, хүү нь ч өөрийнхөө бага нас, гэр бүлийнхээ тухай ярьж, ээж нь ч уйлжээ. Хамгийн гол нь Пепе өөрийг нь найзууд нь алсан тухай дэлгэрэнгүй ярьжээ.
Тэд тэр орой бааранд хамт сууж архи уугаад гарсны дараа нөхөд  нь Пепег алсан гээд нэрийг нь дурдсан гэнэ. Үүний дараа  "Жузеппе” өөрийг нь амиа алдсан тэр гүүрэн дээр аваачихыг хүсээд "найзууд” нь түүнийг хаана хэрхэн зодсон, яг хаанаас гүүрэн дээрээс шидсэн зэргийг харуулаад, гэнэт өөрөө доош үсэрч, яг өөрийн амь алдсан тэр газарт унаад ухаан алдсан байна. Гэхдээ гурван жилийн өмнө талийгаачийг олоход ямар байдалтай хэвтэж байсан яг тэр хэлбэрээр хэвтсэн байжээ.
Гүүрэн дээрээс унасан золгүй охиныг дахиад л гэрт нь авчирсны дараа нэлээд удаж байгаад ухаан орохдоо Мария Таларико охин босч ирээд юу болсон тухай юу ч санахгүй байсан гэнэ. Бараг хагас өдөр үргэлжилсэн тэр бүх үйл явдал Мария охины тархинаас ул мөргүй  алга болсон байжээ.

Сүнсний үгэнд хуулийнхан итгэлтэй биш дээ

Ээж нь "Таларико охин” буюу "хүү нь” жинхэнэ үнэнийг ярилаа гэж хэчнээн зүтгэсэн ч хуулийнханд асуудал ноцтой байлаа. Хэдийгээр хатагтай Катерина Веральди, эмч Жованни Скамбия, Мария Таларикогийн эцэг эх энэ бүхнийг гэрчлэн ярьсан ч гэсэн цагдаагийнхан энэ бүхнийг хэлэлцээд "сүнсний үгэнд итгэж” хэргийг сэргээн мөрдөхөөс татгалзсан байна.  "Хатагтай Веральди, би таны зовлонг ойлгож байна. Гэхдээ би өөрийн даргадаа илтгэх ёстой. Гурван жилийн өмнө өөд болсон Жузеппе Веральдигийн сүнс эргэж ирээд хэргийн талаар шинэ баримт дэлгэлээ. Энэ нь хэргийг шинэчлэн мөрдөх үндэс болох уу”..... Түүх ингээд төгсөх нь тэр, гэхдээ үргэлжилжээ....

Аргентинаас ирсэн захидал....


Гэтэл.... Есөн жил өнгөрсний дараа хатагтай Веральдид Аргентинаас нэг захидал ирлээ. Хэн нэгэн Луижи Марчет гэгч энэ захидалдаа өөрийн гурван найзын хамт үнэхээр хүү Пепег чинь алсан гэдгээ дурдаад  хамтрагчдынхаа нэрийг бүгдийг нь бичжээ. Энэ нэрс нь өнөөх сүнс Пепегийн хэлсэн нэртэй яг тохирч байж.
Энэ захидлын мөрөөр хүн амины хэргийг дахин сэргээж гэмт хэрэгт оролцсон гэсэн хоёр хүнийг баривчилжээ. Гурав дахь нөхөр нь хэдийнээ нас барсан байлаа. Луижи Марчет нь гэмт хэрэгтэн солилцдог хуульгүй Аргентинд амьдарч байдаг. Баривчлагдсан хоёр ч үнэхээр Жузеппе Веральдиг алснаа хүлээсэн гэнэ.
Храин Мария охин болохоор Веральдигийн гэр бүлийнхнийг ерөөсөө таньдаггүй, Пеппегийн үхлийн тухай үнэнийг мэдэх ямар ч үндэслэлгүй байсан гэдэг.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top