Сонгууль болохоос 6 сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг Сонгуулийн тухай хуульд орхигдуулжээ. Хэрвээ хууль санаачлагчдын боловсруулсан төслөөс уг заалтыг гээсэн бол өнөөдөр УИХ-ын дарга эсвээс Тамгын газрын хэн нэг албан хаагч Цэц дээр дуудагдан шүүгдэж байгаа. Харин хууль санаачлагчид төслөө боловсруулахдаа уг заалтыг багтаагаагүй нь санамсаргүй бус санаатай бодлогын үйлдэл байсан биз.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Шинэ хуулинд анхнаасаа ийм заалт орж ирээгүй. Үүнийг нь төсөл санаачлагчдаас асууж тодруулсан. Хуулийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар бол УИХ-д өргөн мэдүүлж байгаа аливаа хуулийн төслүүдэд маш өндөр шаардлага тавихаар болсон. Тэгэхээр тус хуулиар зохицуулалт хийсэн гэж үзсэн. Нөгөөтэйгүүр 2003 онд Хүний эрх хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-ын тогтоолоор баталсан. Тус хөтөлбөрийн 2.2-ын 1.2-т "Ээлжит сонгууль болохоос 6 сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тусгасан байгаа. Тиймээс Сонгуулийн тухай хуулинд энэ заалт байсан байгаагүй хууль зүйн хувьд өөрчлөлт орох үндэслэл байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна лээ.
Гэхдээ л Сонгуулийн тухай нэгдсэн хууль хуулийн хугацаандаа батлагдсан хэдий ч түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг дээрх заалтыг орхигдуулснаар нээж өгч байна. Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийг багцлан багтаасан. Энэ удаад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явагдана.
Мажоротари болон пропорцианаль холимог системээр явагдах сонгууль маргаан дагуулж байгаа. Хэдийгээр 26 тойргоор явагдах ч мандат хуваарилалт дээр гишүүд нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй. Ялангуяа нийслэлийн тойрогт мандатын тоог нэмэх шаардлагатай гэж улстөрчид үздэг. Ингэхдээ намын жагсаалтын квотыг багасгаж, нийслэлд мандатын тоог нэмэх мэргэн санааг олсон байна лээ. Энэ нь улс төрийн хүчнүүдийн төдийгүй сонгогчдын дэмжлэгийг хүлээхээр төсөл гэж ажиглагчид үзэж буй. Ер нь орон нутгийн ИТХ-ын сонгуулиар намын жагсаалтыг хасах хэрэгтэй гэж улстөрчид үздэг.
Нөгөөтэйгүүр намрын чуулган завсарласан хаврын энэ өдрүүдэд улс төрийн хүчнүүд ирэх сонгуулийн бэлтгэлдээ шуудран орж байна. Сонгуульд намууд эвсэх үү, нэгдэх үү гэдэг асуудал мөн л эргэлзээ дагуулсаар ирсэн. Учир нь АН-ын дарга аль нэг хүчинтэй эвсэхгүй гэдэг байр сууриа илэрхийлж, нэгдэнэ гэдэг урилгаа хүргүүлсэнээ мэдэгдсэн бол МАН, МАХН хоёр эвсэх, үл эвсэх нь мөн л тодорхой болоогүй.
Сонгуулийн энэ жил АН бусад хүчнүүдтэй эвсэх биш нэгдэх урилгыг сэтгэлийн хөдлөлөөр илгээчээгүй байлтай. Ямартай ч завсарлагааны хугацааг ашиглан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд 10 гаруй аймгаар томилолттой ажиллаж, УИХ-аас гаргасан бодлого шийдвэрийг АН-ын мөрийн хөтөлбөртэйгээ уялдуулан танилцуулж, иргэд сонгогчдын санаа бодлыг сонсон, ирэх сонгуулийн төлвийг тандах юм билээ.
МАН, МАХН хамтран Эх орончдын өдрийг олны хараанд өртөхүйц хамтран тэмдэглэлээ. Угаас угшил нэгтэй намынхан хамтдаа баяр тэмдэглэж байгаа нь хүмүүсийн нүдэнд содон тусахгүй байна лээ. Харин цаашдаа нэгдэх эсэхийг намын удирдлагууд "үгүйсгэхгүй” гэсэн үгээр ам хааж байна.
Хуулиараа намууд сонгуульд нэгдэж орох эрхгүй. Гэхдээ "Сонгууль болохоос 6 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалтыг гээсэн нь эвсэх бус нэгдэх гэсэн улс төрийн хүчнүүдийн цаад зорилго байсныг ч үгүйсгэхгүй.
Батлагдаад удаагүй байгаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг гишүүд өргөн барьж гүйлдэх юм. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь улстөрчдийн эрх ашигт үйлчилсэн асуудал болохоос иргэдэд, амьдралд нөлөөлөхүйц бус. Тухайн тойрог хэдэн ч мандаттай байсан УИХ-ын гишүүн гэдэг хууль тогтоох эрх мэдэлтэй болохоос иргэдэд хувь хишгээ тараадаг нэгэн бус. Тиймээс л нам, хэн гэдэг гишүүн өргөн барьж төсөл санаачилж батлуулж байгаа нь иргэдийн амьдралд мэдрэгдэхүйц бус л бол олон нийт нааштай үл ойшоосон хандлагатай байдаг.
Ямартай ч бичин жилийн хаврыг ширүүхэн болно гэдэг. Тэр дундаа сонгуулийн жилтэй давхацсан энэ жилийн хаврын хавсрага Сонгуулийг хуулийг ч тойрохгүй бололтой.
Н.Энхбат