Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор өсгөөд тэр нь эрэлтээсээ даваад явчихвал дамуурлын үүд нээгдээд ирнэ. Гэхдээ ханш нь өссөн ч эрэлт нь улам л өсөөд байдаг улс төрийн өвөрмөц суудал бол манайдаа Их хурлын гишүүний сэнтий. Одоогийн нэрлэсэн ханш нь 100 сая гэж дуулдаж байна.
Ирэх зургаадугаар сард сонгууль болно. Бид эрх баригчдад дүн тавина. Хэн дараагийнх нь гэдгийг шийднэ гээд л байна. Гэвч бидний өмнө 100 сая төгрөг даналзаж үүний цаана нь бид хэнийг сонгохыг шийдэх намын дотоод хууль дүрэм гэж бас байна.
Нэр дэвших эрхээ авах замаа засахад ил тод 100 сая гэсэн ханш байгааг хэвлэлүүд онцолж байна. 2008 оны 20 саяын босго нь 5 дахин нэмэгджээ. Энэ нь ам.долларын ханш өсөөд байгаатай холбоогүй.
Ханш дагаж сэрвэлздэг бидний амьдралтай адилгүй орчин энд яригдаж байгаа. 100 сая гэдэг үнэндээ нэг ТҮЦ-ний мөнгө болсон хүмүүс зөндөө. Эднийгээ ад үзээгүй. Харин улс төрд ийм хүрээлэл бүлэглэн суух жишиг тогтож байгаа нь анхаарах асуудал. Сонгуулиас сонгуульд хөрөнгө бэлийн зузаан нь мэдлэг ухааны хэмжүүрээ дарангуйлж байгаа. Үүнийг хуулиар улам бүр дархлаажуулж нэр дэвшүүлэх намын даргын эрх гэж тусдаа бий болсон. Энэ нь бодитой болсноор Үндсэн хуулийн сонгох сонгогдох эрхийн нэг заалтыг зүгээр л зай бөглөсөн өгүүлбэр болгосон. Үүнийг засах бол дараагийн парламентын эхний зорилт байх болов уу.
Удаах асуудал бол намуудын хандив ба түүний дараа гарах үр дагавар. Нам гэдэг онолын талаасаа бол бодлого гаргахаас шууд баялаг үйлдвэрлэхгүй. Энэ талаасаа тэд сонгуулиас сонгуульд хэрхэн санхүүждэг вэ гэдэг нь тун эмзэг сэдэв. Энэ асуултад өгөх хариулт нь манай нөхцөлд нам бодлого шийдлийн төв бус асар их мөнгөний төв штаб гэдгийг бид олж харна.
Ер нь яагаад 100 сая хэрэгтэй юм. Сонгуулийн санхүүжилтэд зайлшгүй мөнгө гарна. Нам ч мөн адил. Нэгэнт нам баялаг бүтээж материаллаг үйлдвэрлэл явуулж мөнгөний эргэлт хийхгүйгээс хойш хандив тусламжаар мөнгө хийх нь зайлшгүй. Үүнийг олон нийт зөвшөөрдөг. Хуулиар ч хориглоогүй. Гэхдээ одоо хуулинд байгаа 10 гэсэн хандивын хэмжээг эргэж харж бодит байдалд нь ойртуулмаар санагддаг юм. Хандив их хэмжээтэй бөгөөд ил тод байж болно шүү дээ.
Парламентын засаглал хөгжсөн ихэнх улсад сонгуулийн энэ өрсөлдөөнд гар татахгүй мөнгө хаяснаар том бизнесийнхэн шийдвэр гаргах түвшинд ашигтай байрлал эзэлдэг. Том зах зээлтэй, парламентын мөн чанараа хадгалж хөгжсөн улсад энэ нь бодит үзэгдэл. Тэд намд хандив мөнгө өгдөг нь ил тод. Энэ дэмжлэгийнхээ хариуд хүртэх бизнесийн давуу тал боломжоос гарах үр ашиг унац нь компанийн эзэн болоод улс орон иргэдэд нь мөн унацтай байх зөв жишиг тогтсон. Бид эсрэгээрээ намын нууц хандилагчдын ач санасан тендерийн гороор төсөв цөмөрч байнгын алдагдалтай байдаг.
Японы якудза нарыг улс төрд зөв нөлөөлдөгийг зарим улстөрч, судлаачид онцолдог. Энэ бүлэглэл улс төрд нөлөөтэй гэдгээ нуудаггүй. Мөн улстөрчдийн дэмжлэгээр олж авсан давуу нөхцлөөр хийсэн бизнесийнхээ хариуд улсынхаа сан хөмрөгт оруулах ёстой мөнгөө оруулаагүй бол толгойлогч нь амиа хорлох тохиолдол байдгийг энэ жишээндээ онцолдог.
Солонгосын тухайд Самсунг зэрэг том корпорациуд мөн л тодорхой улс төрийн хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн байдаг. Үүнийхээ дараа тендер авчихвал түүнийгээ олон нийтээс нуугаад байдаггүй. Харин тэр давуу байдлаар экспортоо хэрхэн нэмэгдүүлсэн, татвараар улсын сан хөмрөгт ямар мөнгө оруулсан. Нэг бол олон нийтийн тусын төлөө болоод Эко үйл хэрэгт ямар мөнгө хөрөнгө илүү зарцуулсан гэдгээ ил тод мэдээлж тайлагнадаг. Наад зах нь ийм үндэсний хэмжээний том компаниуд нь төсвийн дарамтыг хөнгөлөхөд шууд оролцдог. Жишээ нь, Солонгосын авто машин үйлдвэрлэл болон электроникийн том компаниуд цэрэг армийнхаа өдөр тутмын тамхи бохийг хангаж байх жишээтэй. Энэ зардлаас хэмнэгдсэн төсвийн мөнгө цалин тэтгэвэр нэмэх зэрэг нийгмийн халамжид шууд зориулагдана. Мөн ЖДҮ хөгжүүлэх санд зузаатгал болж шууд орно.
Энэ мэтээр улс төрийн намуудад өгсөн хандив болоод хариуд нь хүртэж байгаа ашиг унац ил байх тул хардлага болоод коррупци байх хэрэггүй. Мэдээж энэ зайд гажуудал гарч байгаа. Ил тод байдал, татвараас бултах санаа зорилготой авилга явж байгаа. Гэхдээ манайх шиг шат шатандаа нүүрлэсэн бугшмал биш. Хандив авилга болж нууц коррупци хэлбэрээр буруу явагдвал нөгөө хандивлагчид илчлээд хаячихна.
Бид одоо улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод болгох хуулийг батлахдаа энэ байдлыг анхаарах ёстой л байх. Шилэн байх бол зөвхөн харагдах төдий буюу сэтгэл заслын гэж болохоор л шийдэл шүү дээ. Ханцуй дотроо хийх юмаа улс төр бизнесийнхэн хийж л таарна.
Харин сонгуулиар сарвайх хандиваа сайхан ил зарлаад хардлага сэрдлэггүй өгчихдөг. Дараа нь тендерээ ил тод зоригтой авч тэрийгээ үр дүнтэй хэрэгжүүлээд улсдаа татвараа сайн төлөөд явахад хэн хэндээ нэр цэвэр. Хогны уут, усан шээлтүүр, угтах хаалга, утааны макс гэх мэтийн худлаа тээндэр зарлаж төсвийн мөнгийг цацаж хандивлагчиддаа өр төлдөг дарамтаас улстөрчид сална. Төсвийн хөөс жинхэнээсээ хагарч хөрсөндөө бууж эхэлнэ. Үндэсний баячууд том компанийн захирлууд "Муусайн бүлэглэл” мафи гэж нэрлэгдэхээ болино. Жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэгчид хөлжиж тэднийг дэмжих улстөрчдийн байр суурь нэг болж олон нийтийн дэмжлэгийг авдаг болно.
Бизнес хийх давуу байдлын төлөө байдгаа шавхаж нууц хандив өгчихөөд дараа мөн л шударгаар шалгарсан болж нэмж авилга өгч нуугдаж тендер авч байх нь хэн хэндээ зовлон. Энэ бүхэн явсаар авилгыг цэцэглүүлэх хөрс болчихоод байгаа харагддаг.
100 саяын босгын тухайд Их хурлын суудал хэдэн тэрбумыг олдог л байхгүй юу гэж шууд хариулах улстөрч мэдээж байхгүй. Улс орондоо зүтгэхэд 100 сая ч яах вэ гэх өөртөө бэлтэй улстөрчид ч зөндөө л байгаа. Инээдтэй нь манайд баян гэдгээ нуух хэрэгтэй болдог. Улстөрчид бол хөөрхий ичмээр нуудаг. Намдаа өгөх хандиваа арай ядан төлж байгаа болж жүжиглэн 3 тасалж өгөх зэрэг нь үнэндээ хэн хэнийгээ зовоосон ажил. Солонгос ТВ драм шиг юм.
Зүгээр л намууд түүний бизнесийн хандивлагчид ил тод болох хэрэгтэй. "Нэгийг гаргаад хоёрыг хожихгүй юманд мөнгө гаргаад яах вэ” гэсэн Итгэлтийнхээ үгийг бариад хандиваа ил зарлаад өг. Дараа нь ямар тендер ажил авсан нь ч ил тод байг л даа. Хийж чадахгүй бол дараагийн сонгуульд хандив өглөө ч тендер авах эрхгүй л болно. Төр итгэл хүлээлгэж төсвийн мөнгөөр гүйцэтгэх ажил олгохгүй. Төр гэдэг нь явсаар энгийнээр бол өнөө хандив авч сонгуульд ялсан улстөрчид л байгаа шүү дээ.
Бидний жишээлэх дуртай Европод өглөө бүр чуулган хуралдаа унадаг дугуйтай ирдэг энгийн үнэнч төхтэй улстөрчид, тэдний намууд ч их хэмжээний хандив авдаг. Харин манай жишигт хандиваа нуудаг. Энэ нь нууц байгаа тул авилга болчихоод байгаа.
Одоогийн сонгуулийн хуулинд байгаа 10 саяын хандивын дээд хэмжээ бол арай л амьдралаас тасарсан худлаа тоо шүү. 500 саяын хандив том намуудад тэнцүү шидээд дараа нь тэрбумын томхон ажил төсөл авчихмаар бяртай чадалтай байгаа компани энэ хуулийн заалтын хаагуур тойрч мөнгөө атгуулах аргаа бодож олсон л яваа даа.
Тендер авахын төлөө хандив өгдөггүй, авдаггүй юм шиг хэлбэрдэхээ л болчихмоор.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/