Тийм ээ өнөөдөр 2035 оны 3 сарын 22-н цаг хугацаа юуг ч эс хүлээх ажээ. 19 жилийн өмнө миний бие бээр 42 настай байсан хэрэг л дээ. Тэр үед Монгол улс минь бас чиг унаган байгалиа хараахан бөхөөчхөөгүй байлаа. Тийм ээ хараахан бөхөөчхөөгүй байсан гэдгийг дахин дахин хэлий, энэ л миний ирээдүйгээс 2016 онд амьдарч буй түмэн олондоо гашуун үнэнийг дамнуулах зориг итгэлийг өдөөсөн хэрэг. Магадгүй энэ захиа минь 2016 онд хүрэхгүй ч байж мэгэд. Гэсэн ч өнгөрсөн үеийн алдаагаа зүхэхээс илүүг эс чадах надад сэтгэлээ хуурах нэг арга олдсон нь энэ захиа билээ. Монголчууд бид усыг чандмана эрдэнэ хэмээн хайрладагсан. Чанд манах ёстой эрдэнээ умартаж хар амиа хоохойлон өтөлсөн миний бие гашуун үнэнийг та бүхэнд уламжилъя. 2035 он буюу энэ цаг үед Монголчууд бидний амьдрал орвонгоороо эргэжээ. Алтан тэвшийн хөндийд багагүй хугацааг элээсэн их хот минь өдгөө хүнгүй шахам туурь балгас болжээ. Ердөө 19 жилийн дотор шүү дээ. Биднийг ундаалдаг асан хатан туул гол минь муйхархан бидний хэт хэнэггүй зан, шуналт хүйтэн сэтгэлээс болж тэр нэгэн жил дахин сэргэхгүйгээр шургаж билээ. Ингээд л жинхэнэ үймээн бужигнаан үүссэн дээ. Хэн нэгнээс бурууг хайж, хэн нэгэнд хариуцлага тооций гэвч нэгэнт оройтсон байлаа. Ундны усгүй болсон түмэн үнэхээр хөөрхийлөлтэй юм билээ. Ил задгай урсац нь үгүй болохоор гүний ус ч тэгэс гээд бөхөв. Ингээд усгүй болсон бид ойр орчмынхоо голуудаас хоолойгор ус татаж их хотын хэрэгцээг хангахыг хичээнэ.
Гэсэн хэдий ч усны хомсдол асар их. Усны үнэ ёстой л тэнгэрт хадав. Монгол улсын иргэнд үнэгүй олгох усны хэмжээ өдөрт нэг литр. Химийн ариутгах шингэнээр биеэ ариутгаж амаа зайлцгаана. Төвлөрсөн халаалтыг усаар бус чөлөөт энергийн гэгдэх та нарын цаг үеэс хойш нээгдэх эрчим хүчээр хангах болсон. Уул уурхай хэмээн уухайлалдан гүйлдэх та нар усны үнэ цэнэ гэж юу болохийг удахгүй ухна. Тиймээ алт ухаж нинжа нэр зүүдэг хүмүүс нэг хэсэг байж билээ, харин тун их удалгүй ус алтнаас үнэтэй болж ангаж үхэхгүйн тул усны нинжа нар бий болохийг мөн л та нар үзнэ. Тэд ердөө л үнэгүй ус олж уухыг хүссэн хүмүүс шүү дээ. Учир нь туулаа алдсанаас хойш монголын бүх ус бүртгэлтэй, хамгаалалттай, үнэтэй болсон тул бололцоогүй нэгэн усны нинжа болох замыг сонгосон энэ. Бид хэлдэг шүү дээ "ниргэсэн хойно нь хашгирна гэж” сургажтай үг сургажтай л байдаг аж. Харин сурдаггүй, сургамж авдаггүй, хэнэггүй, их зантай биднийг байгаль ёстой л нэг хашраасан даа. Туул голтойгоо, ус шандтайгаа байхад ямар сайхан байгаа вэ. Харин энэ сайхан голоо хүний төрлөөс холдсон араатан Монголчууд бид л устгасан даа. Тэр хүн дүрс араатны нэг нь би өөрөө юм шүү дээ. Тэр цаг үе буюу 2016 онд би вээр боломжийн бизнестэй, нийгэмд эзэлсэн байр суурьтай ихэмсэг нэгэн байж билээ. Хүүхэд ахуй насандаа би гэдэг хүн энэ л Алтан тэвшийн хөндийд өсч торниж борвио тэнийлгэсэн хэрэг. Хүүхэд л юм хойно хэсэг бүлгээрээ нийлж хатан туул руугаа зорино доо. Тэр үед Туул гол гурван салаатай үнэхээр арвин устай байсан нь сэтгэлд тод үлджээ. Нэг салааг нь гаталж дийлэхээс нөгөө хоёр салааг нь зориг байв ч гаталж үл дийлнэ. Бид ч яахав байгаль хамгаалагчаас нуугдан байж хуйлаастай төмөр тороор загас шүүхийг үзүүлнэ дээ. Тороо эргийн зүг эргүүлэхэд загас бужигнаад, эргэж тор мөргөөд их л сүртэйсэн. Тохой гаран зэвэг, хайрусыг нь шилээд түүнээс жижгийг нь буцааж тавих агаад дээгүүр эргэлдэх шувуунд шидэн өгч шүүрэхийг нь харан хөөрөлдөн баясдагсан. Том ах нар туулын гүүрэн доороос шумбаж шүүгээд тул барьсан тухай яригдана.
Сал урсаж байсаныг нь мэдэхгүй ч далай их устай мөрөн мэт гол байсныг нь харин мэднэ. Харамсалтай нь энэ л цаг үеэс хойш хатан Туул гол минь шурган шургасаар хүн араатан бидний цаг үед гэхэд хавартаа нэг тасарч арай ядан урсах амь голтой нэгэн болсон байлаа. Хүн гэдэг ямар хүйтэн сэтгэлтэй болохийг миний бие мартаж үл чадна. Хатан туул минь ширгээд удаагүй байхад бидний монголчууд хоосон сайр болсон газрыг авахаар шунамхайрч улай үзсэн хэрээ шиг үймэлдэн тэмцэлдэж билээ. Удахгүй хатаж үхэхээ мэдэхгүй атлаа хүний шунал ийм л ажээ. Монголчууд бидний төрх хүнтэй төстэй ч зүрх сэтгэл маань хэрээнээс хар болсоныг харалган бид ажсангүй, ухаарсангүй. Одоо үеийн бид ийм хэцүү бэрхийг үзэж туулах үйлийн үртэй байсан бололтой. Үйлийн үр ч гэж дээ өөрийгөө л хуурсан санаа юм, угтаа бол энэ насандаа хийсэн хар үйл буюу гол усандаа хүйтэн хөндий хандасныхаа өр төлөөсийг энэ биеэрээ үр хойчисоороо төлж байгаа гашуун үнэн.
Шөнө бүр нойр хүрэхгүй эргэн хөрвөөж элдэв бодол намайг эрээлсээр. Хэрвээ бид тэгсэнсэн бол ингэсэн бол гэх бодлууд намайг зовоосоор. Нээрээ л миний амьдрал л болж байвал тэр гол ус хэнд хамаарахав хэмээн хар амиа бодоогүйсэн бол, надаас өөр нэгэн тэр гол усаа хамгаалах л биз хэмээн мунхаглаагүйсэн бол, гол дээр машинаа угаан зогсох хүйтэн сэтгэлтэй нэгэнд шаардлага тавьсансан бол, хэсэг бүлгээрээ санаачлага гарган гол усаа цэвэрлэн буй хүмүүсийг хийх юмаа олж ядагсад хэмээн доромжлоогүйсэн бол, элдэв хог хаягдлаа тунгалаг туул руугаа цутгаагүйсан бол, загас жараахай нь олноороо үхэхэд аюуж сэрэмжилсэн бол, элдэв ашигт малтмал олборлон ойр орчмыг нь сэвтээгээгүйсэн бол, үнэтэй тансаг харш барин урсгал юуг нь хаагаагүйсэн бол, ус гэдэг хязгаартайг ухаж, хэмнэж хэрэглэж сурсансан бол хатан туул гол минь хэдэнтээ галав юүлсэн ч урссаар л байх байсан даа. Ганц мод гал болохгүй гэдэг ч ганц хүнээс улс орон бүтдэгийг тэрхэн цагт ухаж нэгдэн нийлж гол усаа хамгаалсан бол ариун дагшин туулаа авран үлдэж чадах л байсан даа. Туул гол ундран бий болж дэлхийн судас болсон хугацаа дэндүү урт атал бидний мунхагаар сэвтээж бөхөөсөн хугацаа аймшигтай богино байлаа. Байгаль гэдэг аргадаж дээдлэвэл эерэг зөөлөн, хатуурхаж хөндийрвөл догшин хэрцгий ажээ. Өвөг дээдсийн маань захисан "Ус үгүй аваас уул, овоо мэт алтаар яана, Улс гүрэн үгүй аваас энэ махан биеэр яана” хэмээсэн нь юутай үнэн. Ийм л нэг хүний оронцог болсон би 2035 оноос та бүхэндээ энэхүү сэнхрүүл захидал бичиж сууна. Сэтгэлээ хуурсан энэ захиа минь ид шидээрч болтугай та бүхэнд хүрээсэй. Магадгүй туул голоо аварч үр хойчдоо үлдээж чадах ч юм бил үү.