|

Мөнгө олох гэж Солонгос улсыг зорьсон миний түүх /тэмдэглэл/

saikhnaa 2016/04/01 1359 0

Мөнгө олох гэж Солонгос улсыг зорьсон миний түүх /тэмдэглэл/

 

Солонгосын Бусан хот дах модны үйлдвэр. Энд цөөнгүй монгол залуус ажилладаг. Тэдний нэг нь Баяраа. Энд ажиллаад дөнгөж сар гаруй болж байгаа залуу л даа. Өглөөнөөс орой болтол өдөржингөө хөрөө раман дээр мод зүсэх ажил хийнэ. Нэг солонгос, хоёр хятад ажилчинтай хамт нэг цехэд ажиллана. Хоёр хятад нь манай хүнийг сайн залуу хэмээн түүнд гайгүй талтай ханддаг байхад харин нутагтаа байгаа солонгос нь цаанаа л нэг дээрэлхүү. Хүйтэн хөндий харьцана. Амьхандаа хар бор ажилд сайн. Барагтай бол ядарч цуцаж мэддэггүй, ажилсаг монгол залууд маань атаархаж, түүнийг өрсөлдөгчөө гэж тооцдог учраас тэр шүү дээ. Учир нь энэ үйлдвэрт гадаад, солонгос гэлтгүй бүх ажилчдынх нь үндсэн цалин тийм ч өндөр биш. Хэн хэр зэрэг ажил хийснээрээ нэмэгдэл цалин бодуулж авдаг ухаантай. Баяраа өөрөөс нь арай илүү ажил хийгээд байдаг тул мань солонгос Баярааг дотроо сэмхэн үзэн ядаж, атаархаж явдгийг монгол залуу маань төдийлөн гадарладаггүй байлаа. Угаасаа өглөөнөөс орой болтол амсхийх завгүй ажиллаж байгаа хүнд элдвийг бодож, толгойгоо ажиллуулах цаг зав хомс. Хүний нутагт зовж яваа хөөрхий залуугийн ганц боддог зүйл нь хайртай бүсгүй Тунгаа нь.

-Чи надад дахиад ганцхан удаа боломж олгочих л доо. Би дахиж амьдралдаа ийм тэнэг алдаа хийхгүй ээ. Надад чамаас өөр эмэгтэй хэрэггүй. Угаасаа би чамаас өөр эмэгтэй хүнийг хайрлаж чадахгүй юм байна лээ

 

-Чи өөрөө эр хүн шиг байсан бол ийм юм болохгүй байсан юм за юу. За за би орлоо. Чи одоо ингээд яв

 

-Тунгаа байж бай л даа. Чи ямар өөдгүй юм бэ. Чи тэгээд намайг чамгүйгээр яаж амьдар гэж байгаан

 

-Намайг тавиа. Би гэртээ орлоо. Тавь л даа. Тавь гэж байна шүү

Тунгаатай хамгийн сүүлд уулзсан нь энэ. Нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж чин сэтгэлээсээ хэлсэн үгнүүдийг нь ёстой нохой хуцахын дайтай тоолгүй өөрөөсөө түлхэж холдуулаад гэр лүүгээ орж явчихсан хайртай бүсгүй нь өөрт нь ямар их гомдоо вэ. Эмэгтэй хүн нэг сэтгэл нь хөрж, хувирахаараа эр хүнд ямар хатуу сэтгэл гаргаж чаддаг юм бэ. Үнэндээ Баяраа өөрөө эхэлж бүтэн жил нэг гэрт амьдарч, чин сэтгэлээсээ хайрлаж дурласан бүсгүйгээ гомдоосон юм.

Баяраа удаан хугацаанд ажилгүй байсны эцэст арван жилийн хоёр найзтайгаа нийлж солонгосын виз гаргадаг бизнес хийхээр болсон ухаантай. Хоёр найз нь монгол дах солонгос элчинд үүдний харуул хийдэг учраас визийг яаж ийгээд зохицуулж дөнгөнө гэж гурван найз тооцож л дээ. Тэгээд гурав, дөрвөн ч хүнээс доод тал нь таван зуун мянга. Дээд тал нь хоёр сая төгрөг виз найдвартай гаргаж өгнө гэж хэлээд гурвуулаа хуваагаад авчихсан хэрэг. Гэвч харуул бол харуул шүү дээ. Эрх мэдэл нь дутаж. Дээрээс нь элчингийн визний асуудал хариуцсан монгол, солонгос ажилтнуудтай хэл амаа ололцож чадаагүйгээс болоод нэг ч хүнд виз гаргуулж өгч чадсангүй. Яалт ч үгүй залилангийн хэрэг болж хувирах нь тэр. Ингээд цагдаа, шүүхийн үүд сахиж сар гаруй явсны эцэст гурван найз хөдөө байдаг эх эцгээ уурлуулан байж хэдэн мал нядлуулж авчруулан зарлаа. Арай гэж нэг юм хохирогчдын өрийг барагдуулж, хэргээс мултарцгаалаа. Гэвч энэ бүх адал явдлыг нь Баяраагийн хайртай бүсгүй нь маш хүндээр хүлээж авсан юм.

-Би чамаас хаанаас ингэж их мөнгө олж ирээд байгаан гэж нэг бус удаа асуусан биз дээ. Чи том бизнес хийж байгаа. Удахгүй томорноо гээд байсан. Хаа байна тэр том бизнес, тэр томорч байгаа чинь. Май чи энэ надад авч өгсөн хувцас хунар, ээмэг бөгжөө бүгдийг нь ав за юу

 

-Тунгаа чи намайг ойлго л доо. Би тэр хүмүүсийг хулхидъя, хууръя гэж ерөөсөө бодоогүй шүү дээ. Яалт ч үгүй ийм юм болчихлоо

 

-Тэгэхгүй яадгийн. Та гурвын виз гаргадаг гэж хаашаа харсан юм байдгийн. Хүнтэй адилхан ажил төрөл хийгээд цалингаас цалингийн оронд явж байсан бол ийм юм юу гэж болох юм. Чи анх надтай танилцахаасаа эхлээд яаж амар хялбар аргаар мөнгө олох уу. Яаж хялбархан томрох уу гэж үргэлж ярьдаг байсан биз дээ. Чиний тэр амар хялбар аргаар сайхан амьдрах сонирхол чинь яван явсаар чамайг гэмт хэрэгтэн болгож байгаан за юу. Би анх чамтай нийлэхдээ чамайг ийм арчаагүй эр хүн гэж ёстой бодоогүй гэж хэлээд авч өгсөн гоё ганган хувцас, монетон ээмэг бөгжийг өөдөөс нь шидээд уйлж суусан Тунгаа нь өнөөдрийг хүртэл Баяраагийн нүдэнд харагдана. Тэрнээс нь ханхалдаг байсан хямдхан сүрчигний ялдам үнэр. Давхраатай хар нүд. Аальгүйтэхээрээ яаж инээдэг байсан нь. Хагас бүтэн сайн болгонд хийж өгдөг байсан банштай цай нь.

Би тэрэндээ ямар их хайртай байсан юм бэ. Хүн хамт байх үедээ хайртай хүнээ тэгтлээ их хайрладаггүй хэрнээ хол байгаад ирэхээрээ хэчнээн их үгүйлж, санагалздаг юм бэ. Тэр тусмаа одоо минийх биш болчихсон. Бид хоёр салчихсан шүү дээ гэж бодохоор улам ч их хайрлах юм. Яг одоо тэр минь юу хийж байгаа бол. Арай өөр хүнтэй. Миний бодож байгаа биш л байгаасай. Хэдхэн сар тэсчихвэл хашаа байшингийн мөнгөтэй болоод. Цаана нь ломбарданд тавиад үхүүлчихсэн нөгөө монетон ээмэгнээс ч илүү гоё ээмэг бөгж худалдаж аваад тэрэн дээрээ. Эх нутагтаа очих юм сан. Тэгээд одоо би өөр эр хүн болсон гэдгээ хэлээд. Уучлал гуйгаад. Амьдралаа дахиад цоо шинээр эхлэх юм сан. Нээрээ чи минь намайг энд хүний нутагт ингэж мод, хөрөө хоёртой ноцолдож зогсоход монголд юу хийж, яаж шуухан яваа юм бол доо. Би чамайгаа ямар их үгүйлж, санана вэ.

Баярааг шархадсан араатан адил тэр гэхийн тэмдэггүй муухайгаар орилоход түүний баруун гарын долоовор хуруу хөрөө рамны хажууд тасран уналаа. Цус садарсан тасархай хуруу газар унасан хэрнээ үл мэдэг чичигнэн хөдөлнө. Харин хөөрхий монгол залуу маань хуруу нь тасарч унасан баруун гараа зүүн гараараа барьчихаад яахаа мэдэхгүй хий дэмий орилж зогслоо. Энэ үеэр хажуугийн зааланд ажиллаж байсан хоёр хятад гүйн ирж, тэдний нэг нь газар тасран унасан хурууг яах ийхийн зуургүй шүүрэн авч тасарсан хэсгээр нь буцааж нийлүүлэн наалаа. Баяраа тэнхээ мэдэн бархирсаар л байлаа. Нөгөө хятад нь бушуухан эмийн сан хадгалдаг арын өрөө рүү гүйн орж шархны тууз авчраад хоёр хятад нийлж Баярааг орилуулан байж тасарсан хурууг нь нааж, боолоо. Харин энэ үеэр хэргийн эзэн хэнгэргийн дохиур өөдгүй солонгос эр зүв зүгээр харж зогссон юм. Баяраатай хамт хөрөө раман дээр мод зүсч байсан тэр новшийн солонгос эр Баяраагийн баруун гар хөрөөний ирэнд дөхөж ирэх мөчид барьж байсан гуалин модыг зориуд хажуу тийш нь хөшиж хөдөлгөн Баяраагийн хурууг хөрөөний ирэн дээр тавьж өгсөн нь энэ байлаа. Ингэж тэр өөрийнх нь эх оронд хүрч ирчихээд. Өөрөөс нь илүү сайн ажиллаж. Өөрөөс нь илүү цалин авч, атаархлыг нь хөдөлгөдөг байсан монгол өрсөлдөгчөө ганц сайн чадаж авч байгаа нь энэ.

Голдоо гоёмсог шигтгээтэй цагаан алтан бөгж. Залуу эхэндээ энэ бөгжийг ямар нэгэн үнэт чулуугаар чимсэн монет байна гэж бодлоо. Лангуун дээрээс тусгасан зориулалтын гэрэлд гялтганан харагдах энэ гоёмсог чулуу өөрийн эрхгүй харц булааж, шунал хөдөлгөм сайхан харагдана. Тэсэлгүй худалдагчаас энэ бөгж ямар үнэтэй вэ хэмээн солонгосоор асуухад худалдагч хариуд нь баахан юм шулганалаа. Солонгос хэл бараг мэдэхгүй шахуу монгол залуу маань худалдагчийн ярианаас цэвэр африк алмазтай цагаан алтан эмэгтэй хүний бөгж гэхээс өөр юу ч ойлгосонгүй. Үнийг нь дахин лавлан асуувал ээ тэнгэр минь юу гэнэ вэ. Таван сая вон гэнэ үү. Ээ бүү үзэгд. Модны үйлдвэрийн солонгос эзэнтэй заргалдан байж олж авсан жоохон мөнгө маань юу ч болохгүй юм байна. Уг нь энэ бөгж Тунгаагийн маань хуруунд яасан сайхан зохих бол оо. Ингэж бодоод гарч үнэт эдлэл зардаг жижиг лангуунуудаас бүрддэг захыг зүглэлээ. Энэ зах монголоор бол Мөнгөн Завьяа л гэсэн үг. Эндээс африк алмазтай биш юм аа гэхэд хамаагүй хямд үнээр цагаан алтан бөгж олж авч болно.

Монгол залуу захаар бүтэн цаг гаруй тэнэсэн боловч харамсалтай нь цагаан алтан ээмэг, бөгжнүүд мөн ялгаагүй өндөр үнэтэй байлаа. Олноор нь авбал хямдардаг аж. Ингээд арга ядсан залуу маань шар алтан ээмэг, бөгжний хослол мөнгөндөө тааруулж аваад Инчоны нисэх буудлыг зүглэлээ. Залуугийн баруун гарын долоовор хурууны дунд хэсгээр оёдол тавьсныг илтгэх зузаан сорви тодоос тод үзэгдэнэ. Тэр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцонд орж суунгуутаа халааснаасаа алтан ээмэг, бөгжний хослолоо гаргаж ирээд ихэд шохоорхонгуй байдалтайгаар ахин дахин эргүүлж, тойруулан харна. Арга ч үгүй биз дээ. Хөөрхий минь. Хүний нутагт хуруу гараа тастуулан байж олж авсан жоохон баялаг нь энэ ээмэг, бөгжний хослол юм чинь дээ. Тиймээс энэ чамин ээмэг, бөгжний хослол Баяраагийн хувьд юу юунаас илүү үнэ цэнэтэй санагдаж байсан юм. Тэр сэтгэл дотроо Тунгаагийн ядам хуруунд бөгжөө зүүж өгөөд хайртай бүсгүйгээсээ уучлалт гуйн, амьдралаа дахин шинээр эхлүүлэх тэрхэн мөчийг төсөөлөн бодсоор Инчоны онгоцны буудлыг. Энэ хараал идсэн улсыг орхин нутгийн зүг тэнгэрт хөөрлөө.

Баяраа Улаанбаатарт онгоцноос буугаад багын найзынхаа гэрийг зүглэлээ. Уг нь тэр Тунгаатайгаа хамт монголд байхдаа Дарь-Эхэд нийтийн байр түрээсэлдэг байсан юм. Гэвч одоо тэр цаг ард хоцорчээ. Аав ээж нь хөдөө мал дээр байдаг тул хотод түүнд багын сайн найзынхаас нь өөр очих газар байсангүй. Найзынхаа эхнэр хүүхдэд авчирсан чихэр жимснээсээ өгч, гэрийн эзэгтэйн гарын хоолыг буудаад. Дараа нь үдэш орой андтайгаа хууч хөөрч баахан суулаа.

-Тунгаа чамайг солонгос явсны дараа нэг залуутай үерхэж эхэлсэн. Тэр нь гайгүй амьжиргаатай айлын хүүхэд юм шиг байна лээ. Даанч нэг гэм нь аймаар шоучин. Тунгааг байнга араар нь тавьдаг гэсэн. Үргэлж найзуудтайгаа нийлээд энд тэнд шоу цэнгээн, охид хүүхнүүд эргүүлж явдаг тухай дэл сул яриа нэг бус удаа сонсогдсон. Тунгаа ч сүүлдээ тарыг нь таниад, залхаж эхэлсэн гэж Тунгаагийн найзууд нь надад ярьсан. Даанч яг салчих гэхээр болдоггүй юм шиг байна лээ. Цаадах нь нойтон хамуу шиг салж өгдөггүй гэсэн. Тунгаагийн найз охидуудын ярьснаар бол Тунгаад хоёр гурван ч удаа гар хүрсэн гэсэн

Зүрх сэмэлсэн иймэрхүү үгнүүдийг сонсоод Баяраа өөрийн эрхгүй хөмхий зууж, гараа зангидлаа. Түүний сэтгэл дотор тэр новшийн залууг нь яг одоо ч хамаагүй явж очоод тасчаад хаячихмаар тийм мэдрэмж төрж суусан юм. Өөр бас нэг харуусам мэдрэмж төрсөн нь Чи минь даанч яав даа. Би чамтай бүтэн жил нэг гэрт амьдрахдаа чамд хүний урманд нэг удаа гар хүрч байсан бил үү. Очиж очиж тийм залуугаар намайг солих ч гэж дээ. Эцсийн эцэст хэдэн хүнд солонгосын виз гаргах гэж оролдоод бүтэлгүйтсэн нь би өөрийнхөө төлөө хийсэн хэрэг биш. Явж явж чамайг л хүний дайтай сайхан явуулахын төлөө хийсэн хэрэг байсан шүү дээ. Даанч дээ Тунгаа минь хэмээн байж ядан найзынхаа яриаг сонсож суулаа.

-Найз нь чамд гэж зөвлөхөд миний найз нэг бол шинэ найз бүсгүй олж ав. Эсвэл үнэхээр Тунгаад үнэн голоосоо хайртай. Тэрэнгүйгээр амьдарч чадахгүй юм бол маргааш найз нь бүх найз нарыгаа цуглуулъя. Тэгээд бригад бүрдүүлээд хэдүүлээ Тунгаа дээр очоод тэр хөгийн залууг нь ганц сайн болгоод тавьчихъя. Чи Тунгааг хайрладаг шиг Тунгаа чамд хайртай л юм бол чамайг уучлах ёстой.

Нэг иймэрхүү яриа багын сайн найз Баяраа хоёрын хооронд энэ үдэш болсон юм. Шөнө нь Баяраа Тунгааг зүүдэлж хонолоо. Түүний зүүдэнд хайртай бүсгүй нь гарах гарцгүй хүнд байдалд орчихоод өөрөөс нь аврал тусламж эрэн алс холын монголоос солонгос улсыг зорин ирж байгаагаар үзэгдсэн байна. Харин өглөө болонгуут Баяраа багын найзууд болох харуул хамгаалалтад ажилладаг хэдэн булиа залуусын хамт нэгдүгээр хороололд байх Тунгаагийн шинэ найз залуутайгаа амьдардаг гэрийг нь зүглэлээ. Тэрний зүрх сэтгэл яг л шархадсан араатан шиг үзэн ядалт, уур хорсол. Бас хайр. Дээр нь харууслаар буцалж байсан юм.

Залуус ярилцаж тохирсны дагуу эхлээд хаалгыг аяархан тогшлоо. Гэвч хоёр гурав ахин тогшиход хэн ч хаалга тайлсангүй. Тэгэхээр нь чангаар балбаж гарлаа. Хэд хэдэн удаа хүчтэй балбасны эцэст хорь гаруй насны өндөр, туранхай залуу хаалга тайллаа. Тэр дотоожтойгоо нүцгэн хаалганы цаана зогсч байв. Нэлээн туранхай биетэй залуу ажээ. Энэ залууг харангуутаа Баяраагийн зүрх өөрийн эрхгүй огшоод, омогшоод явчихав. Ядаж байхад дайран дээр давс нэмэх мэт Баяраагийн хамгаалагч найзуудын нэг нь Чи одоо өвс идэж, ус уусан юм уу хаашаан. Ямар чөргөр амьтан бэ хэмээн шууд л залууг мэндийн зөрүүгүй үгээр идлээ. Тав зургаан булиа залуусыг хараад. Дээр нь саяын үгийг сонсоод айж, балмагдсан өнөөх залуу маш хурдан хаалгаа хаагаад цаашаа орох гэтэл Баяраагийн найзуудын нэг нь яах ийхийн зуургүй хаалгыг угз татаж, өөр нэг найз нь шалдан залууг хоёр суган дороос нь хүүхэд өргөж байгаа юм шиг сэвхийтэл өргөөд дотогшоо орлоо.

Баяраа түүнийг олж харангуутаа өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. Надад дахиад ганцхан удаа боломж олгооч гээд уучлал гуйгаад ирэхэд нь муухай аашлаад гэр лүүгээ орж явчихсанаас хойш уулзаагүй удсан хайртай бүсгүй нь экс найз залуугийнхаа өмнө дотуур хувцастайгаа нүцгэн зогсч байх нь тэр. Нүцгэн бүсгүйн гарын шуу болон мөрөн дээр хөхөрч няцарсан ором байгааг харсан хүдэр чийрэг залуусын дөнгөж саяхан хаалганы цаана Алж өгнө өө хэмээн амандаа үглэцгээгээд зогсч байх үеийн уур омог нь хаашаа ч юм нисэн одлоо. Залуус үг дуугүй галын өрөө рүү орцгоолоо. Ингээд өрөөнд Баяраа, Тунгаа болон Тунгаагийн шинэ найз залуу гурав үлдсэн юм. Бантаж балмагдсан Тунгаа, түүний найз залуу хоёр ор дэрээ хураамар аядаж, хувцас хунараа өмссөн боллоо. Харин энэ хооронд Баяраа үзэн ядсан, уурлаж хорссон. Бас дээр нь хайрлаж өрөвдсөн нүдээр Тунгааг ширтэж суусан юм.

Тунгаагийн найз залуу гэх энэ чөргөр пацаан харах царайны нэлээн аймхай нөхөр ажээ. Орон гэрт нь гадны баахан залуус түрэмгийлэн дайрч орж ирчихээд байхад гэрийн эзний хувиар ганц үг ганхийж чадахгүй таг дуугүй доошоо шал ширтэн суух түүнийг хараад Баяраа болон түүний найзуудын зэвүүцэл дургүй дээд зэргээр хүрч байгааг энэ аймхай залуу мэдэрч байгаа ч юмгүй хий дэмий шокны байдалтай юу болохыг хүлээн сууна. Харин Тунгаа нүцгэн биен дээрээ гэрийн нимгэхэн халаат нөмөрч орон дээр суучихаад Баяраагийн томоос том сорвитой баруун гарын долоовор хурууг тасралтгүй ширтэнэ. Баяраа болохоор Тунгааг нэг харан нөгөө аймхай, чөргөр пацааныг нэг харан таг дуугай сууна. Энэ үеэр нам гүм байдлыг эвдэж үүдний хонгилд энэ гурвыг харж зогссон хамгаалагч залуусын нэг нь Миний хөгшин юугаа хүлээсийн. Наад мангар пацаанаа гялс пижигнүүлээд хаячихаач хэмээн хэллээ. Найзынхаа энэ үгэнд урам зориг орсон бусад залуус галын өрөөнөөс зочны өрөөнд орж ирцгээхэд өнөөх аймхай залуу яах ийхийн зуургүй гэрийнхээ шаахайтайгаа хамгаалагч залуусын дундуур үүд рүү зүтгэллээ. Тэрнийг хаалганы түгжээг мултлаад хариугүй гардгийн даваан дээр залуусын нэг нь угз татан зогсоолоо.

-Та нар надаар яг яах гээд байгаан

 

-Яалаа яалаа гэнэ ээ. Эмэгтэй хүнийг зодож дээрэлхдэг мөртлөө эр хүнээс болохоор айж зугатаадаг чам шиг арчаагүй залууг ер нь яасан ч яадгийн

 

-Би хэнийг ч зодоогүй шүү дээ. Та нар юу яриад байгаан

Аймхай залуугийн энэ үгийг сонссон Баяраагийн уур омог гэнэт дүрсхийлээ. Тэр орон дээр суусан Тунгааг гарнаас нь татан босгож ирээд гэрийн халаатыг мөрнөөс нь мулталж Хэнийг ч зодоогүй гэсэн үү чи. Тэгвэл энэ юу юм хэмээн Тунгаагийн биен дээрх хөх няц болсныг харууллаа. Хариуд нь аймхай залуу үг дуугарч чадалгүй хий дэмий гөлөгнөж зогсоно. Энэ байдлыг харсан Баяраагийн найзууд эхнээсээ тэвчээр алдарцгааж эхэллээ. Хамгийн түрүүнд Өвс идэж ус уусан юм шиг ямар чөргөр юм хэмээн үг хаясан мөнөөх залуу аймхай залууг элгэдээд авлаа. Тэгээд залууг элгээ тэврэн доошоо эвхэрхэд нь өөр нэг залуу эрүүнээс нь угтуулан өвдөглөхөд аймхай залуу дагзаараа саван газар уналаа.

-Хүлээ найзуудаа. Наадхаа зодоод хэрэггүй. Орхичих

 

-Юу гэсэн үг юм бэ Баяраа. Эрчүүдийн өөдөөс хөдөлж чадахгүй байж эмэгтэй хүнд эр бяраа гаргаж байдаг иймэрхүү юмнуудыг сайн хашрааж байх хэрэгтэй

-Хэрэггүй ээ найзуудаа. Ийм хоёрын хооронд юманд гарын чилээгээ гаргаад хэрэггүй. Би чамд ганц л үг хэлье. Чи өнөөдрөөс эхлээд миний Тунгаад дахиж гар хүрэх эрхгүй болсон. Тунгааг хамгаалах, бас чин сэтгэлээсээ хайрлах хүн байдаг гэдгийг чи харсан биз дээ. Чи бид хоёрын амьралд дахиж битгий садаа болоорой. Одоо би Тунгаагаа дагуулаад явлаа. Чи энэнээс хойш энэ бүсгүйг ор тас март за юу пацаанаа

Ингэж хэлээд Баяраа найзуудаа дагуулаад. Тунгааг гараас нь хөтлөөд гарснаас хойш сар хагасын хугацаа өнгөрчээ. Хотын хойт хэсэг. Дарь-Эхэд өмнө нь амьдарч байсан нийтийн байрны нэг өрөөнд урт удаан хугацааны хагацал, зовлон туулсны эцэст эргэн нийлсэн хос залуус гал голомтоо бадраажээ. Баяраа Тунгааг өмнөхөөсөө ч илүү хайрладаг болсон бол Тунгаа өөрийнх нь амьдралд өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж чадах цорын ганц эр хүн бол Баяраа гэдэгт эргэлт буцалтгүй итгэх болжээ. Одоо хос залуусын хайр өмнөхөөсөө илүү бат бөх, илүү гал халуун асан дүрэлзэж байна. Тунгаа хуучин ажлаа хийж. Харин Баяраа өмнөх шигээ амар хялбар аргаар мөнгө олох тухай бодохоо больж. Оронд нь цалин бага гэж гололгүй олдсон ажлаа хийх болсон юм.

Тийм дээ. Бидний аав ээжүүд яг энэ хоёр залуус шиг ийм даржин даруухан амьдралаас өнөөдрийн өв тэгш, хангалуун амьдралд хүрэх даваа нугачаатай амьдралын замаа эхлүүлж байгаагүй гэж үү. Жинхэнэ хайр бол зөвт бус байдалд баярладаггүй. Харин үнэнд баярладаг юм. Удахгүй Хариу нэхдэггүй хайрын баяр Крисмас болно. Бие биенээ чин сэтгэлээсээ. Хамгийн гол нь зөвөөр хайрлаж, сайхан хайртайгаа учраарай залуус аа.

Санал болгох

Сэтгэгдэл

top