|

ЭРДЭНЭТ БА ҮЙЛДВЭРЖИЛТ

saikhnaa 2016/05/09 1089 0

ЭРДЭНЭТ БА ҮЙЛДВЭРЖИЛТ

 

Эрдэнэт үйлдвэр дагасан хот. Үйлдвэрийн хөгжлийг дагаад зам, харилцаа дэд бүтэц хөгжиж ирсэн. Эрдэнэтийн овооноос хүдэр олборлон баяжуулж экспортонд гаргаснаар Эрдэнэт үйлдвэр Монгол улсын эдийн засгийн хүнд ачааг нуруундаа олон жил үүрч ирснийг түүх гэрчилнэ. Энэ нь Эрдэнэтийн овооны өглөг, эх орны минь баялаг.

Орой дээрээ овоотой нэгэн сүрлэг хайрхан байхад ойр хавьцаа нь түүнийг тойрсон оорцог толгод олон байдаг даа. Түүн лүгээ адил Эрдэнэт үйлдвэрийг түшсэн олон үйлдвэр үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэнэт хотод Бэрэн группийн Ширэмний үйлдвэр, Түүхий резин, резин бүтээгдэхүүний үйлдвэр, "Эрдэнэт хивс” ХХК-ийн нано технологийн даавууны үйлдвэр ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр үйлдвэрүүд Шинэчлэлийн Засгийн газрын "Чингис” бондоос тодорхой хэмжээгээр санхүүжжээ.

Үүний зэрэгцээ "Эрдэнэт хивс” ХХК "Атилла” брэнд хивс нэхэх, ноос угаах, хатаах шинэ машин ажиллуулж байна. "Ачит Ихт” компани шинээр Катодын зэсийн үйлдвэр байгуулж 200 гаруй иргэн байнгын ажлын байртай болов. "Бэрэн металл” компани "Ширэм боловсруулах үйлдвэр” ашиглалтанд оруулж, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 1500 иргэнийг ажлын байраар хангах аж. Мөн асфальны, хөөсөнцөр хавтангийн, маскны, плитаны цавуу, явган хүний замын хавтан, замаскны, барилгын бетон хийцийн, резины, лед гэрлийн, гурилын, шахмал түлшний, ариун цэврийн цаасны зэрэг олон үйлдвэр шинээр бий болов. Шинэчлэлийн Засгийн газартай хамтран 2013 онд "Эдийн засгийн чуулган”-ыг орон нутагт анх удаа зохион байгуулж, "Бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөн” хийв. Үйлдвэрлэл бизнес эрхлэгчидтэйгээ хамтран ажилласны үр дүнд 3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд нийт 57 үйлдвэр шинээр байгуулагдсан байна.

"Эрдэнэт хивс" компани тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж Нано боловсруулалтын шугам байгуулж, Угаах үйлдвэрийн техник, технологийн шинэчилсэн. Монголчууд Чингис хааны үед 7 төрлийн ган хийж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ. Манай улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн магнат Бэрэн группийн харьяа "Хөх ган” ХК 2009 онд Орхон аймгийн Говил багт ангижруулсан төмрийн үйлдвэр анх ашиглалтанд оруулсан. Хөх ган ХК-ийн төмрийн баяжмал ангижруулах зуух нь хамгийн өндөр 1150 хэмд төмрийн ислийг ангижруулж задлаад металл болгодог технологитой. Монгол улс төмрийн хүдэр, кокс, нүүрсний нөөцөөр дэлхийд дээгүүрт ордог.

Бэрэн групп сүүлийн 10 жилд энэ баялаг нөөцийг ашиглан эх орондоо өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтоо биелүүлэхийн тулд Монгол улсад өмнө нь үйлдвэрлэж байгаагүй 5 зүйлийн завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж, технологи эзэмшжээ. Өөрөөр хэлбэл, Архангай аймагт төмрийн хүдэр боловсруулж баяжмал гарган авсан. Дараа нь төмрийн хүдрийн баяжмалаа домен зууханд зориулж агломерат үйлдвэрлэжээ. Мөн төмрийн хүдрийн баяжмалаас ангижруулсан төмөр үйлдвэрлэсэн. Дараа нь Тавантолгойн коксжих нүүрсийг ашиглан кокс гаргасан. Сүүлд нь ширэм үйлдвэрлэж эхлэв. Энэ 5 бүтээгдэхүүнийг ашиглан жилд 200 мянган тонн өндөр чанарын арматур үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа.

Харин эцсийн бүтээгдэхүүн арматурыг үйлдвэрлэхэд Япон улсын JIS стандарт хангасан өндөр зэрэглэлийн технологи ашиглах юм. Энэ цогцолбор үйлдвэр ашиглалтанд орсноор эхний гурван жилд хөрөнгө оруулалтаа нөхнө. Цаашид орлогоороо үйлдвэрлэлээ өргөтгөж 2020 онд жилд 500 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалд хүргэх зорилт тавьж байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ширэм ашиглан өөр төрлийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж мэргэжлийн хүн ярьдаг.

Тухайлбал, лист төмөр, төмөр замын рейс, труба, хадаас гэх мэт амьдралд хэрэгцээтэй олон төрлийн төмөр бүтээгдэхүүн хийх аж. Ийнхүү Монгол улсад хүнд үйлдвэрийн суурь тавигдав. Эрдэнэт үйлдвэр жилд 120 тн резин бүтээгдэхүүн ашигладаг. Тус үйлдвэр Түүхий резиний үйлдвэрээс 1,5 тн резин бүтээгдэхүүн авч туршилтаар ашигласан байх жишээтэй. Резиний үйлдвэрийн бүтээгдэхүүн манай ЗМЗ-ын гол түүхий эд нь. Өмнө нь ОХУ болон Хятад улсаас импортоор авч байсан түүхий резинийг одоо орон нутагт үйлдвэрлэж байна. Ийм ойрхон үйлдвэрээс түүхий эд авах нь "Эрдэнэт” үйлдвэрийн хувьд резиний тээврийн зардал хэмнэгдэнэ. ЗМЗ-ын үйлдвэрлэж байгаа резинэн бүтээгдэхүүн "Эрдэнэт” үйлдвэрийн нийт резинэн эд ангиудын 40-50 хувийг дангаараа хангадаг гэх. Манай Засвар механикийн завод жилд нийт 3000 орчим нэр төрлийн эд анги резинээр үйлдвэрлэдэг.

Энэ түүхий резиний үйлдвэр өдөрт 200-1500 кг, жилд 300 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрдэнэт хотод ашиглалтанд орсон Түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт 900-аад сая төгрөгийг 2 жилийн хугацаанд нөхнө гэж тооцжээ. "Эрдэнэт хивс” ХХК нь Монгол улсын Засгийн газрын үйлдвэржилтийн шинэ эрин үеийг бий болгох, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих бодлогын хүрээнд Хөгжлийн банкаар дамжуулан олон улсын зах зээлд гаргасан Чингис бондын эх үүсвэрээр "Ноосон нэхмэл даавуу үйлдвэрлэх”, ”Ноолуурын үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлт” гэсэн хоёр төсөл хэрэгжүүлж 13.6 тэрбум төгрөгийн техник технологийн шинэчлэл хийжээ.

"Эрдэнэт хивс” ХХК 2014 оны 2-р улирлаас Монгол улсын зах зээл дээр анх удаа өндөр технологийн аргаар Smarttxtile буюу ухаалаг даавуу үйлдвэрлэж эхэлсэн . Энэ даавуу бороо, цасны ус болон шингэний гаралтай бүх төрлийн бохирдол түлхдэг, элэгдэл багатай, амьсгалах чадвартай учраас монгол гэрийн гадуур цагаан бүрээс, авто машины хучилга, уул уурхай, эмнэлгийн хөдөлмөр хамгааллын хувцас хийхэд нэн тохиромжтой. Нано боловсруулалттай даавууны өөр нэг онцлог нь хүчил, шүлтний нөлөөнд цоордоггүйг тодорхойлжээ.

Монголд анх удаа нано технологийн гэрийн бүрээс хийж 15-20 хүн тогтмол ажлын байртай болов."Эрдэнэт хивс” ХХК нь мөн дэлхийн хамгийн сүүлийн үеийн нэхэх машин суурилуулж Монголыг дэлхийд таниулах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. "Аттила” брэнд үнэхээр сайн хивс болсон. Монголчууд ийм дэвшил хийснээр хонины ноосоор хивс болон бусад төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр энэ үйлдвэрт ноосоо нийлүүлж байгаа малчдын орлого нэмэгдэнэ, нөгөө талаар Эрдэнэтэд ажлын байр, экспортын орлого нэмэгдсэн.

Нэхэх цехийн 5 метрийн өргөнтэй машиныг "Эрдэнэт хивс” компанид суурилуулснаар ажлын бүтээмж өндөр, нэг хивсэн дээр гурван төрлийн нэхэлт хийдгээрээ онцлогтой. Түүнчлэн нэг сая үслэг утасны нягтралтай хивсийг нэхдэг болов. Энэ нь цаашид 1,2 сая үслэг утасны нягтралтай хивс нэхэх боломжтой тоног төхөөрөмж юм. Мөн Герман улсын "Флейснер” маркийн ноос угаах шугам шинээр суурилуулан ашиглалтанд оруулсан. Энэ шугам өмнө нь ашиглаж байсан Хятадын угаах шугамаас 2,5 дахин өндөр хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай, барабант аргаар угаах технологи бүхий 7 онгоцтой, химийн нэмэлт боловсруулалт хийх боломжтой тоног төхөөрөмж юм.

Ноос угаах, хатаах Германы автомат удирдлагатай шинэ машиныг ийнхүү суурилуулснаар ноос угаах цехийн хөдөлмөрийн бүтээмж 2 дахин нэмэгджээ. Энэ машин цагт 1,6 тонн ноос угаах хүчин чадалтай бөгөөд угаалтын чанар, ноосны өнгө эрс сайжирчээ. Уг машинаар угаасан ноос эсгийрэхгүй, ноосны чанарын түвшинг дээшлүүлсэн учраас хивсний чанарт тэр хэмжээгээр сайн нөлөө үзүүлсэн аж. "Эрдэнэт хивс” ХХК ийм олон шинэчлэлийг нэгэн зэрэг хийж, дэлхийн зах зээлд нийлүүлэх олон арван чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 130 гаруй Аж ахуйн нэгж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. 2015 онд 20-иод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Аж ахуйн нэгж шинээр бүртгүүлжээ. Иргэдээ ажилтай орлоготой байлгах томоохон зорилт хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2013- 2016 оны 1-р улирлын байдлаар манай аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 6190 түр болон байнгын ажлын байр бий болжээ.

Аймгийн Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан,Сум хөгжүүлэх сангаас эргэн төлөлтийн хэлбэрээр зээл олгож буй. 2016 оны 2-р сарын 28-ны байдлаар 268,5 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бөгөөд 294 сая төгрөгийн 16 төслийг дэмжжээ. 2013-2015 онд 57 үйлдвэр ашиглалтанд орж 701 ажлын байр шинээр бий болсон аж. Үүнээс үүдэн аймгийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт ажилтай орлоготой,чинээлэг иргэдтэй Эрдэнэт хотыг бий болгоно хэмээн тусгасан нь бий. Энэ зорилт биелэсэн гэж үзэх талтай. Сүүлийн 3 жилд ЖДҮ-ийг дэмжин 641 төсөлд 7088,7 мянган төгрөгийн зээл олгосон байна. 2013- 2015 онд манай аймагт улсын болон орон нутгийн төсвөөс 117.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 3 жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн 39 төсөлд, 2.4 тэрбум төгрөгийн, сум хөгжүүлэх сангаас 234 иргэн, аж ахуйн нэгжид 1.7 тэрбум төгрөгийн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 254 иргэн, 16 нөхөрлөл, хоршоонд 1.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

Манай аймагт Эрдэнэт үйлдвэрийн 68.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт медикал оношилгооны төв ашиглалтад орж байна. Олон улсын оношилгооны төв ашиглалтад орсноор манай аймгийн төдийгүй Монгол улсын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст жинтэй хувь оруулах юм. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагааны гэрээнд орон нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээс нийт худалдан авалтынхаа 30 хувийг авах асуудлыг тусган ажилласан. Эрдэнэт үйлдвэр гэрээнд заасны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж 132.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан импорт орлох бүтээгдэхүүн худалдан авсан нь нийт худалдан авалтын нь 39.0 хувьд хүрсэн байна. "Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ компани болон "Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” "Эрдэнэт хивс” зэрэг томоохон компаниуд ч зарим хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ орон нутгийн иргэд, аж ахуй нэгжээс худалдан авчээ.

2012 оноос Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч хамтран ажиллах гэрээ байгуулж, ажлын төлөвлөгөө батлагдсан. Эрдэнэт хотын хөгжил дэвшлийн төлөө, иргэд олон нийт рүү чиглэсэн олон ажлыг Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулж байна. 2013 оноос хойш 5 үндсэн чиглэлээр 60.0 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хийв. Тухайлбал: 3-р хорооллын авто замын шинэчлэл, Кувейтын гудамжны цэвэр усны шугамын засвар,Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг угтан орон нутгийн төсөв, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 2,3,6 дугаар хорооллын орон сууцны 51 байрны заадасны засвар хийж, фасадыг будаж хотын өнгө үзэмжийг сайжруулав. 2016 онд төлөвлөгөөний дагуу үлдсэн орон сууцны байруудын фасадыг будаж дуусгахаар ажиллаж байна.

Сүүлийн 3 жилд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн төсөвт 123 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 3 жилийн хугацаанд хийгдсэн томоохон ажлын нэг бол орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын гэр хороололд нэгдсэн удирдлага бүхий нийт 3837 лед гэрэл суурилуулав. Мөн Жаргалант сумын гэр хорооллын болон төв замын гэрэлтүүлгийн ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 200.0 сая төгрөг зарцуулжээ. Ийнхүү Эрдэнэт хот өнгө нэмж, ирээдүй өөд хөгжлийн түүчээ болж явна.

Санал болгох

Сэтгэгдэл

top